Оросуудын тал хувь нь Сибирийн шинэ хотууд руу нүүхэд бэлэн

2021 оны 09 сарын 27

ОХУ-ын иргэдийн тал хувь нь Сибирийн шинэ хотууд руу нүүж суурьшихад бэлэн байгааг “Открытие” банкнаас явуулсан судалгаа нотолжээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн санал болгосон Сибирьт байгуулах хотууд руу ямар нэгэн болзолгүйгээр  нүүхэд бэлэн байгаа хүмүүсийн хувь нь 7 байжээ. Санал асуулгад оролцсон Сибирийн оршин суугчдын 16 хувь нь шинэ хотууд руу очиж суурьшихад бэлэн байна гэсэн бол санал асуулгад оролцсон нийт хүний 41 хувь нь ямар нэгэн нөхцөлтэйгөөр шинэ хот руу нүүж суурьшина гэжээ.

Тухайлбал, оросуудын 29 хувь нь ажил, өмнөхөөс нь 2-3 дахин илүү цалин амлавал Сибирьт бий болох шинэ хотууд руу нүүнэ гэсэн байна. Тэгвэл санал асуулгад оролцогчдын 11 хувь нь шинэ хот руу очихын тулд амьдралын тав тухтай нөхцөл, дэд бүтцийн хөгжлийг нь харна гэжээ. Санал асуулгад 18-65 насныхан оролцсон байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн наймдугаар сарын 5-нд Сибирьт шинжлэх ухаан-аж үйлдвэр, эдийн засгийн 3-5 том төв байгуулах санал гаргасан юм. Сергей Шойгугийн тодотгосноор шинэ хотууд 300-500 мянга, цаашлаад 1 сая хүртэлх тооны оршин суугчтай байвал сайн аж.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд “Хотууд аль нэг салбараар дагнан хөгжих ёстой. Ийм төсөл бүр ЗХУ-ын үед байсан” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top