Эрдэмтдийн зөвлөлд ИРГЭДИЙН ЗОВЛОН хамаагүй юм байна

2021 оны 09 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас хийдэг мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Түргэвчилсэн оношлуураар хуурамч эерэг, хуурамч сөрөг их гарч байна. Өдөрт 500-700 сая төгрөгийг шаардлагагүй шинжилгээнд зарлагадаж байна. Бид хурдавчилсан оношлууруудаар эерэг гарсан тохиолдлуудыг PCR-аар баталгаажуулахад хуурамч эерэг 11 хувь, хуурамч сөрөг ч гэсэн маш өндөр хувьтай гарч байна.  Тиймээс цаашид олон нийтэд PCR-аар зөвхөн баталгаажсан тоог олон нийтэд мэдээлж байх юм. Тиймээс шинжилгээ хийлгэх гэж яарахаас илүү амны хаалтаа маш сайн зүүж, халдвараас сэргийлэхийг анхааруулж байна” гэж ярьжээ.

Ганцхан Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр урт дараалал үүсгэн авч байгаа шинжилгээгээ зөвшөөрөх юм байна. Ямар хүний үнэргүй юм ярьж байгаагаа мэддэг юм болов уу. Өвчилсөн хүмүүс өөрийнхөө амь насыг байг гэхэд ар гэр, ажлынхаа хамт олныг боддог юм. Тийм болохоор түргэвчилсэн шинжилгээгээр ч хамаагүй оношлоод УОК, Эрдэмтдийн зөвлөл, эрүүл мэндийн байгууллагад хандаад байгаа хэрэг. Гэтэл өвдсөн хүмүүсийг үүр цүүрээр урт дараалалд зогсоож, шинжилгээ өгөхөөр очсон бусад хүнийг ч эрсдэлд оруулдаг байдлаар ажиллах юм байх. Хамгийн харамсалтай нь, өвчлөгсдийн тоо нэмэгдэж, нийгэмд бухимдал үүсээд эхлэхээр Эрүүл мэндийн яам, эрх баригч нарыг хамгаалахын тулд эрдэмтэн гэх нөхдүүд ингэж дураараа бурж эхэллээ.

Ер нь өнгөрсөн хугацаанд ч Эрдэмтдийн зөвлөл гэгч нөхдүүд монголчуудын ахуйд их гай тарьсан. Өнөөдөр цар тахал монголчуудыг дэлхийн бусад улс орноос илүүтэйгээр нэрмэж байна. Өвчилсөн, нас барсан хүнийхээ тоог хүн амдаа харьцуулаад үзэх бол зөвхөн нэг өнцөг юм. Хорлонтой нь, бид цар тахал орж ирээгүй байхад ч нийслэл, аймгуудад элдэв хөл хориг, хаалт боолт хийж дөвчигнөсөн. Үр дүнд нь ард олны эрүүл мэнд, амь наснаас гадна аж ахуйн нэгжүүдээ дампууруулан алдаж байна. Аж ахуйн нэгж дампуурна гэхээр нэг мөнгөтэй хүн олсон бүтээснээ алдаад өнгөрч байгаа гэсэн үг биш. Харин түүний компанид ажиллаж, ар гэрээ тэжээдэг байсан хэсэг хүн орлогогүй болсон гэж ойлгогдоно. Ийм байдал элбэгшээд ирэхээр нийгмээрээ доройтож байгаа юм. Тэр хорио цээрийг чинь өөрсдийгөө эрдэмтэн гэж нэрлэсэн улстөрчдийн гар хөлүүд л санал гаргаж зөвлөсөн. Хэвлэлийн хуудаснаа ч зарим нь үлдсэн байна.

Ер нь бол Эрдэмтдийн зөвлөл гэгчээс өнгөрсөн хугацаанд “Хөл хориг тогтооё” гэсэн санал л хамгийн их гаргалаа. Шөнийн хөл хорио тогтоох, хувийн авто машиныг хориглох гэх мэт хамгийн их чирэгдэл дагуулсан, хүмүүсийг бухимдуулсан эрүүл ухаангүй санал зөвлөгөө тэднийх биз дээ. Шөнө ковид тараад өдөр нь зүгээр, нийтийн тээврийн автобусанд чихэлдэхээр зүгээр хувийн машинаараа явбал ихсээд байна гэдэг чинь эрдэмтэн хүний ухаан уу. Энэ бүх тооцоо, санал гэгч юмнууд чинь олны дунд онигоо болон тархаж байгаа. Гэтэл одоо өнөө эрдэмтдийн зөвлөлийн нэг эрдэмтэн “Шал дэмий шинжилгээ хийж байна” ухааны юм яриад сууж байх аж. Цар тахалд өдөрт хэдэн мянгаараа магадгүй хэдэн арван мянгаараа өртөж, зовж зүдэрч байгаа монголчуудад шинжилгээ хийх хэрэггүй болж таарлаа. Шинжилгээ хийхээр өвчтөний тоо өсөөд байгаа юм гэнэ. Энэ улсын иргэд үргэлж ингэж эдийн засаг, эрүүл мэндээрээ доройтон төрийн ая харж суухгүй. Цаг нь ирэхэд буух хаягаа Эрдэмтдийн зөвлөл өөрсдөө л янз бүрээр тодруулж, хэвлэлд гаргаж байх юм. Шинэ цагийнхан “Эрдэмтдийн зөвлөл”, “Хатуу гар”, “Шударга ёс”, “Шударга гишүүд”, “Эх оронч хүү”, “Тэмцэгч” гэх мэт үгсэд дотор нь муухайрдаг болсон гэдгийг улстөрчид ч, тэднийг хүрээлсэн эрдэмтэй эсэх нь үл мэдэгдэх хэдэн эрдэмтэн гэх нөхөд ч мэддэггүй юм шиг байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.69.252.138) 2021 оны 09 сарын 17

МУИС-ийн Улам-Оргих гэж тэнэг юм эрдэмтдийн нэрийг гутаасан. Баахан тэнэг тооцоо хийгээд график үзүүлж, хөл хорихоор ингэж буурна гэж залаад байсан. Манайд олигтой эрдэмтэн байхгүй л дээ. Байсан бол бид хужаагийн хулхий вакцины туршилт болохгүй өөрсдөө вакцинаа хийгээд, халдвараа хяналттдаа авах байсан. Одоо сайд, дарга нар нь юу хийхээ мэдэхгүй, харсаар байж өдөрт 10 гаран хүнээ үхүүлсээр байх юм. Тэгээд бас харин ч цөхөн хүн нас барж байна гэх юм. Ингэж ярьж байгаа сайд, даргыг өөрийг нь алаад хохирол гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

1  |  0
Зочинзочин(172.69.252.140) 2021 оны 09 сарын 16

Монголд эрдэмтэд байдгийн юмуу?Юу ч мэддэггүй хэд юм байдгийн бишүү

0  |  0
зочин(203.98.76.100) 2021 оны 09 сарын 16

Тэр үед буюу вакцингүй үед тэгж арга хэмжээ аваагүй бол бид өдийд ёстой баларчихсан байх байсан шүү

0  |  0
Зочин(172.69.252.142) 2021 оны 09 сарын 16

Пср г дан ганц халдварт дээр шавааруулддагаа боль Тэнд халдварын голомт байна Улсын том эмнэлгууд хувийн лабораторид пср хийх зовшоорлийг ог Хамаагуй толбортэй хийг Зарим нь дугаарлпхгуйн тулд халдвар авахгуйн тулд толбортэй хийлгэнэ Тургэвчилсэн байж л байх хэоэгтэй Зариуг нь тухайн хун шинж тэмдэгтэйгээ харьцуулж оороо дугнэлтээ хийж байгаа юм

0  |  0
Зочин(172.69.45.134) 2021 оны 09 сарын 16

Автобусны буудал, гудамж талбайд түр цэг байгуулаад хаа сайгүй шинжилгээ авбал зүгээр ш дээ, тэгээд ч PCR н нэг хүн зардал түргэвчилсэн тестийн зардал нэг их хол зөрөхгүй ш дээ. Яахав иргэн хүсвэл PCR өгнө л биз! Үнэ өртөг нь элдэв цавчаа ороогүй үндсэн үнээр нь хийвэл одоогийн 60-120000 ₮нөөс 2-3 дахин хямдхан тусна, улс яахав урвалжаа хямдхан аваад урвалжийн үнээр хий л дээ,

0  |  0
Top