Доноруудаас 700 сая ам.долларын зээл, тусламж үзүүлэх гэрээ хийгдэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

 

Мөнгөний бодлогын хороо сүүлийн хурлаараа Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулан, найман хувьд хүргэсэн. Уг шийдвэртэй холбоотойгоор төгрөгийн ханш дээр дарамт үүсэх вий гэсэн болгоомжлол байгаа юм. Тэгвэл Төв банкны ерөнхийлөгч үүнд дараах тайлбарыг өгч байна.

“Хүүг бууруулснаар ханшинд ирэх дарамт нь зээлийн суваг хэр хүчтэй ажиллаж улмаар импортыг нэмэгдүүлж төлбөрийн тэнцэлд хэр зэрэг дарамт үүсэх эсэхээс, мөн валютын орох урсгал болон гадаад валютын албан нөөцөөс ихээхэн хамаарна. Зээлийн хувьд, эдийн засгийг тэтгэх энэхүү гол санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, санхүүгийн зуучлалын тасалдал үүсгэхгүй байх нь чухал. Сүүлийн саруудад зээл аль хэдийнэ таван  хувь орчим агшилттай яваа тул төлбөрийн тэнцэл дээр том дарамт үүсгэхгүй болов уу. Валютын орох гарах урсгалын хувьд, хэд хэдэн эерэг өөрчлөлтийг нэрлэж болно.

Нэгт, гадаад худалдааны тэнцэл дээр эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Алтны үнэ түүхэн дээд $2000 орчимд, зэсийн үнэ $6000-аас дээш боломжийн түвшинд, нүүрсний экспорт сэргэж, хилээр 2000 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч буй байдал, түүнчлэн импортууд болон зарим үйлчилгээний зардал хумигдан, ялангуяа нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр $40 орчимд буюу харьцангуй хямд байгаа зэрэг нь урсгал тэнцлийг сайжруулж валютын урсгалд эерэгээр нөлөөлж байна.

Хоёрт, олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш орнуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж санхүүжилтүүд хэвийн орж ирж байгаагийн зэрэгцээ Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжлэх, хуваарийн дагуу орж ирэхээр байна гэж харж  байна. Валютын нөөцийн хувьд, импортын 7-8 сарын хэрэгцээг хангахад хүрэлцээтэй хэвээр, ханшийн огцом савлагааг үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг Төв банк хэрэгжүүлж ирлээ. Ковид-19 олон улсын эдийн засагт түүхэнд байгаагүй огцом уналтыг бий болгон зарим түүхий эд экспортлогч орны мөнгөн тэмдэгт 10-30 хувь хүртэл суларсан. Харин монгол төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс дөрвөн хувь  орчим суларсан нь гол экспортын орлого 40-50 хувь  хүртэл тасарсан хүнд үед харьцангуй сайн үзүүлэлт гэж харж байна. Гадаад сөрөг шокийг дан ганц валютын нөөц дээр авах боломжгүй бөгөөд тодорхой хэмжээний ханшийн тохиргоо нь дунд хугацаанд эдийн засгийн тогтворгүй байдлаас сэргийлэх суурь болох учиртай.

Ерөнхийд нь дүгнэж хэлбэл, Төв банкны хувьд улсын валютын нөөц хангалттай хэмжээнд хуримтлагдан өсөж  байна. Өмнөх улирлын Мөнгөний бодлогын хорооны хурлаас хойш төлбөрийн тэнцэл сайжирч, тухайлбал худалдааны тэнцэл  наймдугаар  сард  нэг тэрбум ам.долларын ашигтай гарч оны эхний хагаст үүсээд байсан алдагдал нөхөгдсөн. Санхүүгийн тэнцэл талаас бол олон улсын байгууллага болон хөгжлийн түнш орнуудаас энэ ондоо багтан 700 сая ам. долларын зээл тусламж үзүүлэх гэрээ хэлцэл хийгдэж байгаа зэрэг эдийн засагт бий болсон өөрчлөлт, шинэ мэдээлэлд үндэслэн төгрөгийн ханш огцом савлагаа үүсэх эрсдэл буурсан. Ингээд эдгээрээс үзэхэд ханш өмнөх онуудынхаа хандлагаар тогтвортой байх боломжтой гэж тооцоолоод байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top