ОЛОН ӨНГӨ: Дүнгээ ах

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

Намрын будан дундаас хээр морин дээр хөндлөн суусан янхигар өвгөний дүр тодров. Нутгийн тал униартаж, хэчнээн танил дотно байгааг ч үгээр зурахын аргагүй. Нутгаа ч их санаж дээ.

Энэ л аглаг буйдын будан угтаж, хонин сүрэг налайна, намрын шаргал тал дунд юм бүхэн тодхон. Хорин настай байхдаа намаржсан Шинэ усны баруун дэнж  намрын будан дунд дунайртах нь хачин гоё санагдаад зүүднээс сэрчихлээ. Сарних гэж яарч байгаа зүүдээ цуглуулж эвлүүлэх гэж би их л тэвдэхдээ хорин  насны тэр л намрыг хачин тод сэтгэлдээ зурж үлдсэн дээ. Хачин гоё зүүдээ санахгүй байх ч бас зовлон.

Энэ зүүд бол миний өндөр нагац Дүнгээ ах бид хоёрын хамгийн сүүлд уулзсан мөч байсан учраас зүүдээ санаагүй бол харамсахаас өөр аргагүй. Жилийн дөрвөн улиралд эмээл дээр гандсан энэ ясархаг өвгөнийг нутгийнхан “Шүүрэг” Дүнгээ л гэнэ. Ажилд шаламгай, адуунд эртэй болохоор ахыг минь ийн нэрлэжээ. Нэрт зохиолч Б.Догмидын эцэг Балжир агсантай хаяа нийлэн тооно өргөж явсан Нямын Дүгэрсүрэн гэх энэ хөх өвгөнийг Алтанширээгийнхэн бүү хэл дорноговьчууд ч андахгүй. Хуучин цагт “Саруул зам” нэгдлийн адуучин байснаар нь бүр ч илүү мэднэ. Ёстой л хангал догшны эрлэг явсан гэдэг.

Өдгөө нэгэн жарны босго давсан нутгийн ахмадууд таарахаараа “Дүнгээ гуай мөн ч эртэй явсан хүн дээ. Одоо та нар...л” хэмээн Дүнгээ ахыг л дурсана, айлын эмээ ч “Дүнгээ ч мөн шаламгай, сайхан эр явж билээ, танайхнаас...” гээд л дурсана. Дуурсах нэртэй, дуудах гавьяатай амьдарсан хүнийг л өдий олон жилийн дараа ийн дурсан ярьдаг байх даа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top