Аваргаас илэрсэн ПРЕДИЗИН нь ачааллын дараах СЭРГЭЛТИЙГ дэмждэг

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Улсын аварга Н.Батсуурийн энэ жилийн баяр наадмын үеэр өгсөн Допингийн шинжилгээнээс илэрсэн Предизин буюу Триметазидин гэх олон улсын нэршилтэй эм нь мэргэжлийн тамирчдад хэрэглэхийг хориглосон түгээмэл эм бэлдмэлийн нэг аж. 

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) 2014 оны нэгдүгээр сарын 1-нд уг эмийг хориотой эмийн жагсаалтын “S6” хүч тамир оруулагч, сэргээгч бодисын ангилалд оруулсан бол 2015 онд ангиллыг нь өөрчилж, бодисын солилцоо зохицуулагч бодисын ангилалд багтаасан байна.

Энэхүү эмийг зүрхний ишеми (Хэсэгчлэн цус багадах) өвчний үед зүрхний бахаас урьдчилан сэргийлэх, тархины цусан хангамж дутагдсанаас үүдэлтэй чих шуугих, толгой эргэх  зэрэгт хэрэглэдэг байна.

Триметазидин нь бие организмд зүрх болон бусад эрхтний эрчмийн солилцоог дэмждэг Мелдониумтай төстэй үйлчилгээ үзүүлж, тамирчдад хэт их ачааллын дараа сэргэхэд нь нөлөөлдөг талаар WADA онцолжээ. 

Триметазидин эм нь эс дэх хүчил төрөгч дутагдлыг бууруулах, зүрхний булчин, судсыг хамгаалах, бодисын солилцоог сайжруулах, тархины үйл ажиллагааг дэмжих, ачаалал тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй бөгөөд байнгын ачаалал, хүнд бэлтгэл, зүрхний ишеми өвчинд хэрэглэдэг аж.

Шинжээчдийн хэлснээр, энэхүү эмийг хэрэглэх заалттай өвчтөн ууснаар аливаа спортын тэмцээн, тэр бүү хэл Олимпын тэмцээний өмнөх хүнд бэлтгэлийг ч даах хангалттай чадвартай болох боломжтой аж. Харин эмийг хэрэглэх шаардлагагүй буюу эрүүл хүн хэрэглэвэл зүрхний титэм судасны цусны эргэлт нэмэгдэж, улмаар ачаалал авах үед зүрхний хүчил төрөгчийн хангамжийг нэмэгдүүлдэг байна. Энэ нь хэрвээ спортын хүн хэрэглэвэл шударга бус давуу тал болно гэж шинжээчид үздэг байна.

Хятадын алдарт усанд сэлэгч, Олимпын гурван удаагийн аварга, дэлхийн 11 удаагийн аварга Сун Ян зэрэг тамирчид Триметазидин хэрэглэсэн нь тогтоогдож, дуулиан тарьж байсан удаатай. 

Гэтэл Европ, Хойд Америкийн албан ёсны анагаах ухаан Триметазидин эмийг үр дүнгүй гэж үзэн, эмчилгээнд хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөггүй байна. Мелдониумыг ч мөн адил. 

Их Британийн зүрхний эмнэлэг, Лондонгийн их сургуулийн коллежиос явуулсан судалгааны дүнд үндэслэн Триметазидин эмийн эмчилгээ биеийн тамирын дасгал хөдөлгөөний чадварыг нэмэгдүүлдэггүй болохыг дүгнэж байжээ. Түүнчлэн, Нидерландын анагаах ухааны эрдэмтэд Юлес Хойбергер, Адам Койен нарын судалгаанаас үзвэл Триметазидин нь захын судасны өвчтэй хүмүүсийн хол зайд алхах чадварыг сайжруулдаг ч эрүүл эсвэл бэлтгэл хийдэг хүмүүсийн биеийн тамирын дасгалд ийм нөлөө үзүүлдэг гэх нотлох баримт байдаггүй аж.

Сануулахад, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн 2020 онд шинэчилсэн хориотой эм, бодисын жагсаалтад нийт 200 гаруй эм, бодис багтжээ. WADA спортын үр дүнд үзүүлэх нөлөөллийг дахин шалгасны эцэст 2020 оны шинэчилсэн жагсаалтаас аргон гэх бодисыг хассан бол онцгой бодис ангилалд Октодрин (1,5 диметилгексиламин) бодисыг нэмж оруулсан байна. Энэ бодисыг тус агентлагийн шинжээчид зарим төрлийн биологийн нэмэлт бүтээгдэхүүнээс илрүүлжээ. Түүнчлэн, шинэчилсэн жагсаалтад Каннабис зэрэг бүх төрлийн Каннабиноид бодисыг нэмж оруулсан бол хяналтын хөтөлбөртөө Бетимил, Фенилэфринийг үлдээж, Экдистерон бодисыг нэмж оруулаад байгаа юм. 
 

Сун Ян

Top