Зам тээврийн ослоор ДОЛООН ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 541 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 327 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.     

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтсэнээс хоёр нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт долоон хүний амь нас хохирсноос нэг нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нэгдүгээр багын нутаг дэвсгэр “Ягаан толгой” гэх газарт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож , зорчигч 9 настай, эрэгтэй И-гийн амь нас хохиржээ. Мөн өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум 3-р багын нутаг дэвсгэрт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож , жолооч 25 настай, эрэгтэй Т-гийн амь нас хохирсон байна. Түүнчлэн Дорноговь аймгийн Далайжаргал сум 5-р багын нутаг дэвсгэрт асфальтан замд Т.Alion маркийн автомашины жолооч О-нь H.Insite маркийн Ц жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 60 настай эмэгтэй О, 60 настай эрэгтэй зорчигч Э, Б нарын гурван хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 110 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 309 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд жолооч нар алсын замд хурдаа хэтрүүлэлгүй зорчих, зорчигч нар хамгаалах бүсээ бүсэлт амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top