КОВИД-19 | Хятадад хоногт гурван тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 07 сарын 02

Дэлхийн бусад оронд коронавирусний халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.

Ойрх Дорнодын зарим улсад хөл хориог сулруулснаар халдвар эргэн нэмэгджээ. Иран, Ирак, Египет, Саудын Араб зэрэг улсад халдвар ихээр бүртгэгдсэн байна. Эдгээр улсыг эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэх шаардлагатайг ДЭМБ анхаарууллаа.

Тэгвэл АНУ-д хоногт 33600 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2.738.113 болсон бол нас баралт 130.101 байна. Калифорни, Техас муж улсад хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Гэхдээ зарим мужид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо багассан байна. Халдварын тархалтыг сааруулах үүднээс Техас мужийн нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх шийдвэрийг хойшлуулжээ.

Бразилд хоногт 46700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1038 нас баралт нэмэгджээ. Нийт халдварын тоо 1.453.369, нас баралт 60713 болсон байна.

Европын бүсэд ОХУ-д нийт халдвар 654.405 болсон бол нас баралт 9536 байгаа юм.

Австралид 67 шинэ тохиолдол, БНСУ-д 54 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өмнөд Солонгосын тохиолдлуудын 44 нь дотоодын халдвар бөгөөд 18 нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгдлээ.

БНХАУ-д хоногт гурван шинэ тохиолдол бүртгэгдсэний хоёр нь гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн бол нэг нь Бээжин хотод илэрчээ. Бээжинд зургаадугаар сарын 11-нээс хойш нийт 329 тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top