Сонгуулиас сонгуульд тэгтлээ ХӨГЖӨӨГҮЙ ч бас УХРААГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Монгол Улс өнөөдөр найм дахь удаагийн сонгуулиа зохион байгуулж байгаа хэдий ч саналаа өгнө гэдэг өндөр хариуцлага гэдгийг төдийлөн ухаж ухамсарлалгүй явж ирсэн нь үнэн. Гэхдээ 1992 оноос байнга суларч, уруудаж ирсэн сонгогчдын идэвх өнгөрөгч 2016 оноос сэргэснээс харахад иргэн бүр өөрийнхөө саналыг ямар үнэ цэнтэй болохыг нэгэнт ойлгож байх шиг. Таны, миний санал нийлж, та бидэнд үйлчлэх төрийг байгуулдаг гэдгийг ч ой ухаандаа шингээсэн байна. Шууд утгаараа таны саналаас таны ирээдүйн амьдрал шалтгаалах хариуцлагатай сонголтын өмнө бид зогсож байна гэсэн үг.

Энэ хэрээр Монгол Улс найман удаа сонгууль зохион байгуулахдаа мөн найман удаа Сонгуулийнхаа хуулийг өөрчилжээ. Мэдээжийн хэрэг шинэ тутам хөгжиж буй улсын хувьд алдаагаа засаж, оноогоо баяжуулсан гэж гөрдөж болох л байх. Гэтэл уудам нутагт тархан суурьшдаг гурван сая гаруй хүн амтай улсад тохирсон хууль одоогоор төрөөгүй гэх судлаачдын үг бий. Тухайлбал, 1992 оны Сонгуулийн хуулийг хожим 2008 онд дахин авч хэрэглэх мэтээр ёс төдий өөрчилж ирсэн. Үүгээрээ улс төрийн намууд өөртөө тааруулсан хууль батлалаа гэх хардлага ч дагуулсаар ирсэн. 2012 онд анх удаа нийтээрээ цахимд саналаа өгч, ялагчаа тодруулсан байдаг. Өдгөө бидний “Хар машин” гэх зүйлд саналаа хураалгаж эхэлсэн хэрэг.

Унасан, ялагдсан бүхэн “Хар машин”-д буруугаа чихдэг нэг тийм үзэгдэл ч улс төрд бий болов. Олон улсад нэгэнт зөвшөөрөгдөн нэвтэрч, Монголд удаа дараа санал өгч, тэр нь баталгаажиж ирсэн машиныг дүрсжүүлэн шатаахаас эхлээд дөвчигнөх будилуу улстөрчид ч бий. Уг нь энэ машинаар МАН ч ялсан, АН ч ялсан, бас ялагдсан жишиг зүйлд одоо буруугаа чихэж суух нь хэтэрхий ухарсан, гэнэн хэрэг болно биз ээ. Энэ удаагийн сонгуулиар ч “Хар машин”-д буруугаа чихэх нөхөд анзаарагдана билээ. “Унасан бөхөд шалтгаан мундахгүй” гэгчээр үг хэлж өөдөөс сөргөхгүйгээр нь “Хар машин”-аа л зүхэж суухаас өөр аргагүй цаг ч нэгэнт болчихлоо.

Хамгийн том асуудал нь УИХ-ын гишүүн хүн ямар үүрэгтэй юм бэ гэдгийг сонгогчид төдийлөн ойшоодоггүй, ухдаггүй. УИХ-ын гишүүд маань ч хууль тогтоох ажлаа бус наадам цэнгүүн зохион байгуулж, бэлэг тараахаас эхлээд барилга байшин, зам харгуй барьсан тайланг сонгогчиддоо өргөн барьдаг. Ингэхээс ч аргагүй нөхцөл байдлыг өнгөрөгч долоон удаагийн сонгууль бидэнд үлдээжээ. Хэрвээ нэр дэвшигч, УИХ-ын гишүүн сонгогчдод ямар нэгэн зүйл амлахгүй бол ялалтын туг хатгана гэж үгүй. Энэ нь тийм ч амар илааршихгүй буруу тогтолцоог нэгэнт бий болгочихлоо. Үүнийг засаж залруулахад асар их хугацаа орно. Бид энэ буруу жишгийг халахад магадгүй ахиад 20 жилийг зарж ч мэднэ. Тэгэхээр сонгогчид бид ч Төрийн эрх барих дээд байгууллагын ажилтан хүн юу хийх ёстойг ч сайтар анзаарч саналаа өгөх хэрэгтэй. Өнөөдөр “Би 50 километр зам тавьсан, хоёр цэцэрлэг бариулсан” хэмээн дайрч байгаа нөхдөд ч анхааруулах цаг нь болсон. Зам харгуй барих, сургууль барих нь Гүйцэтгэх засаглал, түүний харъяа мэргэжлийн байгууллагуудын л хийх ажил. Утгаараа Хууль тогтоох байгууллагад огтхон хамаагүй. Гагцхүү тэд төсөв хөрөнгийг л батлах үүрэг хүлээнэ гэдгээ аль аль талдаа тодорхой болгож явахгүй бол бид энэ байрандаа ахиад 20 жил дэвхрэх хандлага байгааг хаа хаана сануулсаар.

Ямартай ч өнөөдөр сүүлээ мушгиж буй сонгуулийг ч ахиад л шинэ хуулиар зохион байгуулж байна. Нэр дэвшигчид, улс төрийн намууд маань мөн л бодлогоор бус өнөөх л гудамж талбай засаж залруулсан, цэцэрлэг сургууль барьсан, халамж тэтгэвэр нэмсэн тайлангаар сонгогчдыг булж, сонгогчид ч аль илүү булсан талд нь давамгайлах хандлага байна. Бүтээн байгуулалт, бусад гүйцэтгэх ажил зүй ёсны хэрэг. Байх ч ёстой зүйл. Гагцхүү сонгуулийн тогтолцоонд нэвтэрсэн энэ байдлыг засаж чиг чигт нь явуулахыг л хаа хаанаа хүсэж байна. Үүнээс гадна өнөөх л мөнгөөр уралдах байдал газар авсаар. Одоогийн байдлаар хэд хэдэн нэр дэвшигчийн мөнгө тараах гэсэн ажиллагааг газар дээр баримтжуулан Цагдаагийн байгууллага шалгаж байгаа нь үүнийг илтгэнэ. Угтаа бол бид сонгуулиас сонгуульд хөгжиж дэвшиж байх учиртай ч нэр дэвшигчид, улс төрийн намууд сайнаасаа саар зүйлд дадлага туршлага сууж ирснийг өнөөдрийн сонгууль харуулна.

Гэхдээ цагаатган бодох нэг зүйл бий. Бид сонгуулиас сонгуульд өсөн хөгжөөгүй ч бас ухраагүй нь ардчиллын тулгуур зүйлийн нэг зарчим байх. Ийн хэлсний учир нь энэ нийгэмд хөндөж болдоггүй, өөрийнхөөрөө өсөж өндийдөг давагдашгүй хүчин зүйл гэж бий. Тиймээс 1992 оноос явуулж ирсэн сонгууль сонгуулийн онцлогоос саналаа өгөхөөр зэхэж буй уншигч танаа хүргэхийг зорилоо. Хамгийн чухал зүйл гэвэл иргэн бүрийн санал ямар үнэ цэнтэйг хаа хаанаа ухамсарлаж байгаа биз ээ.

 

1992 оны сонгууль

Өдгөөгөөс 28 жилийн өмнө бид анхны ардчилсан сонгуулиа өгөхөд иргэдийн социалист ухамсар арилаагүй, хүний хувь хүмүүжил ч харьцангуй өөр нөхцөлд байв. Ийм үед буюу 1992 оны сонгуулиар нийт сонгогчдын 95.5 хувь нь саналаа өгч, нийт сонгогчдын 57.1 хувийн саналыг авсан МАХН УИХ-д 70 суудалтай, харин 31.1 хувийн санал авсан Ардчилсан нам таван суудалтай болж байв. Энэ удаагийн сонгууль  томсгосон мажоритар буюу нэг тойрогт олон мандаттай хэлбэрээр нийт 26 тойрогтой, тойрог бүр 2-4 мандаттай болсон байдаг. Энэ үед иргэд олон нийт коммунист сэтгэлгээнээсээ салаагүй, хариуцлага ч өндөр байсан учраас анхны сонгуулийн ирц өндөр, 100 шахам хувьд хүрч байжээ. Нөгөө талаар иргэд олон нийт ч ардчилсан сонгуулийн суурь зарчим, ач холбогдол, зохион байгуулалтыг ч төдийлөн ухаж мэдэхгүй, ёстой л сайн таних нэгэндээ саналаа өгч байсан гэдэг. Нэг намын тогтолцоотой 70 жил оршсон нийгэмд анх удаа олон намын тогтолцоо бий болж, түүнээс шигшин сонгоно гэдэг аргагүй цоо шинэ зүйл байсан биз ээ.

 

1996 оны сонгууль

1996 онд нийт сонгогчдын 92.1 хувь нь саналаа өгч ирц, идэвх бага зэрэг уруудсан ч сүүлийн үеийн сонгуулийг бодоход хангалттай үзүүлэлт байв. Энэ удаагийн сонгуульд нэгэнт ардчилсан нийгэмд алхаж ороод зургаан жилийн нүүр үзэж, нийтийн эзэмшлийн орон сууц, малыг хувьд өгчихсөн цаг. Хаалттай нийгэмд нэгдлийн гэх “ялтай” мал маллаж, нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдарч байсан иргэд хувьчлалын буянаар тоолж барахгүй малтай, өөрийн орон сууцтай болов. Унаж байсан тэрэг техникээ ч өөрийн дураар хэрэглэж, хотноосоо дуртайгаа муулж төхөөрдөг нь яах аргагүй таалагдаж байсан алтан үе. Ийм цагийн өнгөн дээр АН-аас “Энэ чинь ардчиллын буян. Биднийг сонговол дэлхийг ч аваад өгчихнө” гэх зэргээр суртал ухуулга хийхээр иргэд өнөөх л социализмаа хараан зүхэж, АН-д саналаа өгсөн байдаг. Ёстой л социалист нийгмйин үеийн хурган дарга нар гэр бүлтэйгээ МАХН-даа үнэнч үлдсэн байх. Тэр тусмаа социалист нийгэмд зүдүүхэн амьдарч байсан нөхдийн өс хонзон гээд олон зүйл нь түүхэндээ анх удаа АН-д 50 суудал өгсөн хэрэг. Төрийн эрх авсан АН дөрвөн жилд дөрвөн ч Засгийн газар унагааж, улс орны амьдрал ч уруудаж, өмч хувьчлал нэрийн дор хулгай ч галзуурсан. Өдгөө энэ цагаас төрсөн тэрбумтнууд Ерөнхийлөгчөөсөө уруудаад АН-д олон бий. Энэ удаагийн сонгуулийг жижиг мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр 76 тойрог тус бүр нэг мандаттайгаар явуулж байв. Социализмын үед 16 тоо толгойгоос илүү малтай байж үзээгүй нөхөд гэнэт хэдэн зуугаар тоологдох малтай болж ихэнх нь баруун солгойгүй үрж зараад АН-ыг засаглах үед модоо барихдаа тулсан зураг ч бодит баримтад бий. Хувьдаа авсан машин тэрэг ч төмрийн хог болж, амьдрал тэр чигээрээ уруудсан. Энэ үед хэмжээ хязгаартай ч коммунист дэглэмээ санасан иргэдийн дурсамж ч өдгөө бүлээнээр бий. 

 

2000 оны сонгууль

Шинэ зууны босгон дээр буюу 2000 онтой золгоход улс төр, нийгмийн амьдралд олон өөрчлөлт гарч, онохоосоо алдаа дүүрэн он жилүүд өнгөрсөн байв. Энэ үед АН-ын төдийгүй ардчилсан хувьсгалын жанжин туг нь болж байсан С.Зориг ч бусдын гарт амь үрэгдэв. Шилжилтийн үе ч ид буцалж байсан цагт дараагийн сонгууль угтаж ирсэн. Сонгогчид ардчилал хэмээн хөөрөх нь хөлөө хуглахаас хэтрэхгүйг сайтар ойлгосон учраас 2000 оны сонгуулиар “Хүний хуучин, дээлийн шинэ” хэмээн МАХН-д 72 суудал өгч, нийт сонгогчдын 82.4 хувь нь оролцсон байдаг. Дөрвөн жилийн хугацаанд 40 араншин гаргаж, дундаа дайтсан АН-д ганцхан суудал өгч, иргэд МАХН-аасаа уучлалт гуйх нь халаг болж байв. Улс төрийн ууган хүчин МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан сонгуулиар жижиг мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан юм. АН засаглах дөрвөн жилд Ерөнхийлөгчийн сонгууль болж, 1997 оны нөхөн сонгуулиар Н.Энхбаяр УИХ-д орж ирсэн даруйд УИХ дахь цөөнхийн буюу МАХН-ын бүлгийн дарга, улмаар 2000 онд үнэмлэхүй ялалтын туг нь болж, хэмжээлшгүй өндөр хэргэмт суудалд залрах замаа зассан сонгууль болж байсныг мартаагүй байх.  

 

2004 оны сонгууль

Ардчилал эхэлж ахуй цагт сонгогчид бүү хэл нэр дэвшигчид хүртэл баруун зүүнээ ялгаж салгаж байсан эсэхэд ихээхэн эргэлзээ бий. Харин 2004 онтой золгоход нэр двэшигчид төдийгүй сонгогчид ч баруун, зүүн үзлээ ялгаж салгаж ойлгохоор болсон байв. Сонгууль ч нэгэнт эдийн засгийн агуулгатай болчихсон, бэлэг сэлт мөнгө тараах үзэгдэл ч ердийн байсан цаг. Энэ цагт нийт сонгогчдын 82.2 хувь нь сонгуульд оролцов. Энэ сонгуульд оролцсон МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН нэг суудал авч, АН-ын гурван гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон байдаг. Өөрөөр хэлбэл хоёр том хүчин тэнцсэн хэрэг. Сонгуулийн үр дүнд “Их эвслийн” хэмээх цоохор Засгийн газар байгуулж, ямар сайндаа л “Буян”-гийн Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нарыг хүртэл сайд болгож байхав дээ. Олон талаас цугларсан алаг сонгуулийг жижиг мажоритар буюу нэг тойрог нэг мандат хэлбэрээр явагдсан юм. Тодотговол, 1996, 2000 оны сонгуультай адил 76 тойрог тус бүр нэг мандаттай системээр явагдсан билээ. Энэ удаагийн /2020/ сонгуулийн зураг үүнтэй их адилхан төрхөөр явж байгааг судлаачид, ажиглагчид дурдсан нь бий.

 

2008 оны сонгууль

Ардчилсан сонгуулийн түүхэнд хар толбо үлдээж, тавын таван хүний аминд хүртлээ үймсэн 2008 оны сонгууль хүн бүхний бараан дурсамжид сонгууль бүрээр сүүдэртэн байгаа биз ээ. Энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдын 76.5 хувь нь оролцож, сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАХН УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан Ардчилсан нам 28 суудалтай болж байв. Үймээн дэгдээсэн энэ удаагийн сонгуулийг томсгосон мажоритар буюу нэг тойрогт олон мандаттай хэлбэрээр, 1992 оны сонгуультай адил системээр явуулсан юм. Нийт 26 тойрогтой, тойрог бүр 2-4 мандаттай байв. Энэ сонгуулийн үймээн нь 28 суудал авсан АН ялагдлаа хүлээн зөвшөөрч чадаагүй. Тиймээс тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбай дээр гарч ирснээс эхтэй. Түүнийг дагалдан, хамтран ч гэж болохоор өдгөөгийн ШИНЭН-ын дарга Ж.Батзандан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай нар ташуур өгснөөр хурсан олны үймээн хяналтаас гарч галдан шатаах, зодоон нүдээндээ тулж, эцэстээ таван залуугийн аминд хүрснээр өндөрлөсөн юм. Энэ хэргийн жинхэнэ эздийг илрүүлээгүй, хүсээ ч үгүй байх хэмээн ихэнх судлаачид үздэг. Ямартай ч цагдаагийн хэдэн хурандаа нар буруутгагдсанаар чимээ намдаасан. Хурсан олны цөсийг хөөргөж байсан Ц.Элбэгдорж түүнээс хойш хоёр ч удаа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаад өдгөө байж л байна. Хүч хавсран манлайлагчдын нэг Ж.Батзандан УИХ-д хоёр удаа сонгогдон, шинээр нам байгуулан мандаж явна. О.Магнай ч АН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж, УИХ-ын сонгуульд өрсөлдөж явна. Б.Жаргалсайхан ч УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэн бусдыг загнаж зандраад сууж л байна. Энэ бол бүгд хэвлэл мэдээллийн архивт байгаа төдийгүй ард олны тархи, сэтгэд халуунаараа байгаа зүйл учраас дурдав.

 

2012 оны сонгууль

Монгол Улс энэ үед таван удаа сонгууль өгч, таван удаа хуулиа өөрчилсөн ч  Монголын хөрсөн дээр бууж өгөөгүй гэдэг. Тиймээс анх удаа холимог хэлбэрээр буюу мажоритар ба пропорциональ хослуулсан сонгууль зохион байгууллаа. Мөн анх удаа сонгуульд өвдөг шороодогчдын тайвширлаа олохын тулд хараан зүхдэг алдарт “Хар машин”-ыг оруулж ирсэн нь шинэ зүйл байв. Тодотгож хэлбэл 26 тойрогт 48 нэр дэвшигч илгээж, үлдсэн 28 нь намын жагсаалтад эрэмбэлэгдсэн. Энэ удаад нийт сонгогчдын 67.3 хувь нь саналаа өгсөн нь сонгуулиас сонгуульд сонгогчдын идэвх буурч ирсэн нь харагдана. Энэ нь иргэдийн ухамсар гэхээсээ илүүтэй өнгөрөгч хугацаанд төрийн эрх барьсан, хамтарсан улс төрийн хүчнүүдэд итгэх иргэдийн итгэл буурсантай холбоотой байх. Нөгөө талаар сонгогчдын санал асар ихээр гээгдсэн юм. Тухайлбал, сонгогчдын 33.5 хувийн саналыг авсан МАН 17 суудал авсан бол 34.2 хувийн саналыг авсан АН 25 суудал, 17.9 хувийн санал авсан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гурван суудал авсан. Харин намын жагсаалтаар сонгогдох 28 нэр дэвшигчийг намууд авсан саналын хэмжээтэй дүйцэхүйц хэмжээгээр хуваан оруулж байв. Нэгэнт улс төрөөс шахаатай байсан Н.Энхбаяр МАХН-ын жагсаалтын нэгд эрэмбэ эдэлж, УИХ-д орохоор байсан ч хууль түүнд боломж олгосонгүй. Гэхдээ “Шударга ёс” УИХ-д бүлэг байгуулж, Засгийн газарт ч хамтарсан нь яах аргагүй шинэ тутам улс төрийн хүчинд том амжилт байсан хэрэг. Энэ удаад иргэд олон нийт АН-д хоёр дахь удаагаа итгэл үзүүлсэн нь олон нийт шинийг эрэлхийлсэн хэрэг. Үнэн хэрэгтээ гуравдагчдаас МАН-ын угшилтай “шинэхэн” хэрнээ хуучин МАХН байснаас өөр эрэлхийлэх зүйл үгүй байв. Тийм учраас АН-ыг туршлагажиж, улс төрийн тулхтай хүчин болсон хэмээн саналаа өгсөн болов уу. АН-ыг засагласан дөрвөн жилд нийгэм улс төрийн амьдралд юу өрнөснийг бүгд мэднэ. АН-ын дарга Н.Алтанхуяг “Шинэчлэлийн” нэртэй Засгийн газар байгуулж, “Энэ Засгийн газарт амралтын өдөр гэж байхгүй, цаг наргүй ажиллана” хэмээн ханцуй шамлан ажилдаа орсон ч АН-ын дотоод зодооноос үүдэн түүний Засгийн газар унав. Түүний орыг залгаж, Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” хэмээх Засгийн газар байгуулсан ч нөхцөл байдал дээрдсэнгүй, улам уруудсан юм. 

 

2016 оны сонгууль

Өнгөрөгч дөрвөн жилд АН-д итгэл үзүүлсэн ард түмэн эрс эргэлт хийсэн учраас МАН-д үнэмлэхүй санал өгч, УИХ-д 65 суудалтай болгов. Арга ч үгүй 2012 онд 17 хувийн өсөлттэй эдийн засагтай Засгийн газрыг авсан АН 2016 онтой золгоход хоёр хүрэхгүй хувьд уруудуулсан байв. Нийгэм, эдийн засаг бүхэлдээ хямралын байдалтайгаас гадна алдарт “Дубайн гэрээ”, “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшил 49 хувийг УИХ-даа мэдэгдэлгүй олигархи бүлэглэлд өгчихсөн, тендер нэрээр мөнгө гулгуулсан, бондын мөнгийг баруун солгойгүй цацсан гээд юу эс мундах билээ. Яагаад ч санал өгөх боломжгүй нөхцлийг дөрвөн жилд бүрдүүлсэн байв. Харин энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдын 73.6 хувь нь оролцсон нь тэдний идэвх эргэн сэргэж байгааг харуулсан хэрэг. Өөрөөр хэлбэл миний санал миний амьдралд хэрэгтэй юм гэдгийг ойлгосон нь илт. Энэ сонгуулийн нэг онцлог гэвэл томсгосон мажоритар буюу нэг тойрогт олон мандаттай хэлбэрээр явуулж, анх удаа орон нутгийн мандатын тоог багасгаж, нийслэлийн мандатын тоог нэмсэн явдал ю

Top