УИД-т гарсан галын тархалтыг БҮРЭН ЗОГСООЛОО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 07

УИД-т гарсан галын талаар Гал унтраах, аврах ангийн алба хаагч албан ёсны мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өнөөдөр 16:48 минутад УИД-ын зургаан давхарт утаа гарлаа гэсэн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн гал унтраах 10-р ангийн нэгдүгээр тасаг анх ирсэн. Ирэхэд гал тархах эрсдэлтэй байсан тул нэмэлт хүч дуудсан.  Яг одоогоор гал унтраах найман ангийн 100 орчим алба хаагч, 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Цагдаагийн байгууллага гал гарсан объектыг хамгаалалтад авлаа.

Гал гарах үед  дотор байсан зургаан иргэнийг Онцгой байдлын байгууллагын зүгээс аварч, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Угаартсан байдалтай иргэд байсан.

УИД-ын барилга өөрөө онцлогтой барилга, гонхон хийцтэй буюу голдоо хөндийтэй. Гал зургаан давхраас тархаж, дээврийн хэсэг бүхэлдээ шатсан. Дөрөв болон тавдугаар давхар галд тодорхой хэмжээгээр өртсөн. Доод давхрууд буюу УИД бүхэлдээ утаатай, галын нөлөөнд автсан байдалтай байгаа. Гал тархахад нөлөөлсөн гол зүйл барилгын өөрийнх нь хийц. Голын хэсэг буюу агаарын хөндий урсгал үүсэж байдаг барилга тул дээврийн хэсэг рүү гал хурдтай тархсан. Галын тархалтыг бүрэн зогсоолоо. Одоо дотогш орж, галыг бүрэн унтраах ажил үргэлжилж байна.

Урьдчилсан байдлаар завсар хийж байсан хүмүүс гал алдсан байх магадлалтай гэсэн таамаг байна.  Галын улмаас дэлбэрэлт явагдсан. Баруун урд хэсэгт төмөр, тоосго нурсан.  Хохирлын хэмжээ, шалтгаан нөхцөлийг тогтоох ажил одоо эхэлнэ” гэлээ.  

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас "Их дэлгүүрийн дээврийн хэсэгт хар цаас нааж байсан ажилтнууд гал алдсан. Онцгой байдлын алба хаагчид 11 иргэнийг аварч, хоёр иргэн угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн" гэх мэдээллийг өглөө.

Гэрэл зургийг А.Азжаргал
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.87) 2020 оны 06 сарын 07

барилга бүхэлдээ утаажсан

0  |  0
Zochi(182.160.35.65) 2020 оны 06 сарын 07

Manaihan barilgoin zasvar hiij chada hgyi l bna daa

1  |  0
Top