ОЛОН ӨНГӨ: Амардаг ТҮЦ машин

2020 оны 05 сарын 07

Төрийн албан хаагчдыг автомат машинаар солиод ч нэмэр алга. Хүнд суртлаа халдаагаад, түгжээд, унтраагаад явчихдаг аж. Дэлгэц нь олон өнгөөр солигдохдоо хүнд суртал гээчийг нэг мөр арилгасан ТҮЦ машины ажиллагаа нэг л биш. Шууд утгаараа эвдэрч, унтраад байгаа зүйл биш л дээ.

Харин ажиллуулж байгаа хүмүүстэйгээ хамт амардагт хамаг асуудал байгаа юм. Хүнийг орлож, хэдийд ч иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэж байх ёстой ТҮЦ буюу төрийн үйлчилгээний цахим машин цайны цагтай гэвэл та бүхэн итгэх үү. Тэгвэл үнэхээр тусгайлсан цайны цагтай, дээр нь амралтын бүтэн хоёр өдөртэй. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт байрлах ТҮЦ машинаар ажлын өдрүүдийн цайны цагаар үйлчлүүлэх боломжгүй. Ажилчид нь хаалгаа дотроос нь таг цоожлоод цайндаа орчихдог юм билээ. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид хаалгаа түгжээд, цайгаа уух зуур үүдэнд нь 20-30 хүний ТҮЦ машинаар үйлчлүүлэх дараалал үүсгэчихтэй таарсан. Тус дүүргийнхэн хоёр бүтэн өдөр амардаг учраас амралтын өдрүүдэд бол зориод ч хэрэггүй гэсэн үг.

Уг нь Чингэлтэй дүүргийн ТҮЦ машинаар үйлчлүүлсэн иргэдийн тоо улсдаа хоёрдугаарт жагсдаг юм билээ. Мөн 100 айл дахь Улсын бүртгэлийн ерөнхий газрын байран дахь ТҮЦ машиныг амралтын хоёр  өдөр унтраагаад явчихсан байхыг биеэрээ мэдэрлээ.  Тэгээд доорх дүгнэлтэд хүрлээ. Өндөр үнээр авсан ТҮЦ машиныг өдөрт дор хаяж нэг цаг, долоо хоногт хоёр өдөр амраахгүй бол “ядардаг” бололтой. Аль эсвэл ТҮЦ машиныг иргэдэд зах замбараагүй хэрэглүүлээд байхаар төрийн албан хаагчид  авлигын мөнгөө алдчих гээд байдаг юм болов уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top