ТОЙМ: АНУ, Колумбтай нийлэн Венесуэлд төрийн эргэлт хийх гэв үү?

2020 оны 05 сарын 06

-“Боливарын бамбай” цэргийн сургуулилт эхэлжээ-

Венесуэлийн зэвсэгт хүчин “Боливарын бамбай” цэргийн сургуулилтын шинэ үе шатыг эхлүүлжээ. Сургуулилтын хүрээнд цэргийнхэн тус улсын эрэг орчмыг судалж байгаа аж. Бүгд найрамдах улсын эрх баригчид Колумбын цэргүүд Венесуэлийн нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг оролдсон гэж мэдэгдсэн байна. Каракасын төлөөлөгчдийн мэдээлснээр халдлага үйлдсэн найман хүн амь үрэгдэж, хоёр нь олзлогджээ. Тэдний дунд АНУ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтан байгаа гэсэн таамаг бий гэнэ. Колумбын нийслэл Боготагийн зүгээс Венесуэлийн талаас тус улсыг буруутгаж байгааг няцаажээ.

Венесуэлийн зэвсэгт хүчний “Боливарын бамбай” цэргийн сургуулилт нь том хэмжээнийх юм. Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн тушаалаар эхэлсэн цэргийн сургуулилтын маневр хийх үеэр армийн ангиуд Бүгд найрамдах улсын эрэг орчмыг судлах аж. Венесуэлийн Батлан хамгаалах яамнаас “Манай Ерөнхий командлагч “Боливарын бамбай” цэргийн сургуулилтыг улс орны хэмжээнд шинэ шатанд гаргахыг тушаасан. Үүний зэрэгцээ эргийн бүсэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Дэлхийг тогтворгүй болгохын тулд Венесуэл рүү нэвтрэхийг хүсэж буй нууц дайснуудыг илрүүлэхийн тулд агаар, далай болон газар дээр нягт хяналт тавина” гэж мэдэгджээ.

“Боливарын бамбай” нь Венесуэлийн эрх баригчид хууль бус зэвсэгт бүлэглэлийнхэн тус улсын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг оролдсон тухай мэдээлсний дараа эхэлсэн байна. Энэ явдал тавдугаар сарын 3-нд болжээ. Каракасын төлөөлөгчдийн мэдээлснээр зэвсэгт этгээдүүд Венесуэлийн нийслэлээс 30 км-ийн зайд орших Ла-Гуайра боомт хотын ойролцоо бүгд найрамдах улсын эрэг рүү буухаар төлөвлөж байгаад Венесуэлийн зэвсэгт хүчний эсэргүүцэлтэй тулгарчээ. Уг мөргөлдөөнөөр улсын хилийг зөрчсөн найман хүн амь үрэгдсэн байна. 

Дээрх үйл явдлын үеэр 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд төрийн эргэлт хийхийг завдах үед байсан цэргийн хэсгийг илрүүлжээ. 2019 онд цөөн тооны цэргийн албан хаагч сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидогийн талд орсон билээ.

“Тусгай бэлтгэлийн лагериуд”

Венесуэлийн Дотоод хэргийн сайд Нестор Реверол энэ сарын 3-нд болсон явдлыг Колумбын цэргүүдийн Венесуэлийн хойд хэсэг рүү хийсэн тэнгисийн довтолгоо гэжээ. Түүнчлэн тус улсын Социалист намын дарга Диосдадо Кабельо барьцаалагдсан хүмүүсийг байцаахад тэд АНУ болон Колумын захиалгаар Мадурог унагахын тулд дайралт хийсэн гэсэн хэмээжээ. Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопез хууль бус зэвсэгт бүлэглэлийн дайралтыг “Хойд Америкийн империализмаар Колумбын нутаг дэвсгэрт бэлтгэгдсэн илэрхий түрэмгийлэл” гэж нэрлэсэн байна. Тус яамны мэдээлснээр дээрх бүлэглэлийнхэн Венесуэлийн байдлыг тогтворгүй болгох зорилготой байжээ. Мадуро өөрөө энэ сарын 3-нд Венесуэлийн удирдагчийг хөнөөх зорилгоор АНУ, Колумбын Засгийн газрын санхүүжилт, дэмжлэгтэйгээр Колумбид сургасан цэрэг, террористууд тэнгисээр довтлохыг завдсан гэж мэдэгджээ.

Венесуэлийн Зэвсэгт хүчин одоо байлдааны бэлэн байдалд байгаа бөгөөд довтлогчид нэвтрэхээр төлөвлөж байсан эргийн бүс нутагт үргэлжлүүлэн эргүүл хийсээр байгаа аж. Харин Колумбын Гадаад хэргийн яам Венесуэлийн эрх баригчдын гаргасан бүх мэдэгдлийг няцаасан байна. Богота Каракас түрэмгийллийн тухай мэдэгдэл хийснээр улс орны дотоод асуудлыг анхаарлаас салгах болно гэж Колумбын тал үзэж байгаа аж. Тэгвэл АНУ Венесуэлийн эрэг орчимд болсон явдлаар Хар тамхитай тэмцэх газрын ажилтан нь олзлогдсон талаар ямар ч тайлбар хийгээгүй байна.

Венесуэлийн нийслэл Каракас дахь Оросын Элчин сайд Сергей Мелик-Багдасаров “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа Венесуэлийн хилийн дагуу цэрэгжсэн сургалтын баазууд сайн хөгжсөн, “Ажилд авах хүмүүс” -ийн нэг хэсэг нь Венесуэлийн цэргийн албан хаагч байсан хүмүүс” гэжээ. Оросын Элчин сайд мөн “Венесуэлтэй хиллэдэг нутагт цэрэгжсэн тусгай зэвсэгт баазууд байдаг талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон удаа мэдээлж байсан” гээд Колумбын нутаг дэвсгэр дэх сургалтын лагериуд нь АНУ-ын дэмжлэгтэйгээр оршин тогтнодог гэжээ. Дипломатчийн хэлснээр энэ сарын 3-нд Каракасын ойролцоо хөрш улсад байлдааны бэлтгэл хийж байсан хөлсний цэргүүд гарс ирсэн байна. Оросын Гадаад хэргийн яамны зүгээс олон удаа АНУ-ын бодлого Венесуэлийн хууль ёсны Засгийн газрыг унагах зорилготой гэж мэдээлж байжээ. Вашингтон Хуан Гуаидог албан ёсны эрх мэдэлгүй, санал хураалтаар сонгогдоогүй ч Венесуэлийн Төрийн тэргүүнээр хүлээн зөвшөөрдөг. АНУ Венесуэлиын нөхцөл байдлыг тогтворгүй болгоход өөрийн үүргийг үгүйсгэхгүй байна гэж шинжээчид үздэг. Тиймээс нэгдүгээр сард Колумбын “Каракол ТВ”-д өгсөн ярилцлагадаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Америкийн төлөөлөгчийн газрын зорилго нь “Мадурог явахад хүргэх явдал юм” гэж хэлжээ. Түүнийг явсны дараа Вашингтон Ерөнхийлөгчийн “чөлөөт, шударга” сонгууль явуулахаар төлөвлөж байгаа аж. Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Помпеогийн хэлсэн үгийг тайлбарлахдаа “АНУ бие даасан улсуудын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох, дэглэмийг нь өөрчлөх бодлогоо хэзээ ч орхихгүй” гэжээ. Венесуэл ч үүнд нь хамаарах аж. АНУ зөөлөн хүчээр эсвэл өдөөн хатгалга, төрийн эргэлтээр дамжуулан үүнийг шийдэх болно гэж тэрбээр үзэж байна. ““Ардчилал”, “ардчилсан тогтолцоо” нь АНУ-ыг эдгээр улс орны дотоод улс төрийн байдлыг зохицуулах хэрэгсэл болгон олон арван жилийн турш ашиглаж ирсэн” гэж Мария Захарова Фэйсбүүктээ бичжээ.

Хурцадмал байдал

Венесуэлийн эрх баригчид хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн дайралтыг үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал гэж үзэж байна. Мадурогийн тушаалаар Бүгд найрамдах улсын аюулгүй байдлын хүчин Колумб, АНУ-аас ирсэн “дайн дэгдээх бүлгүүдийг” няцаахад бэлэн байх ёстой. Үүнтэй холбоотойгоор тус улсад терроризмын эсрэг гэнэтийн сургуулилтууд явагдаж байна. АНУ болон Латин Америкийн бодлогыг судлаач, Оросын улс төр судлаач Алексей Черняев “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа Венесуэлийн хувьд хамгийн тулгамдсан асуудал бол “дайралт-партизаны үйл ажиллагаа” хэлбэрээр илэрч байгаа заналхийлэл юм гэжээ. Тэрбээр “Венесуэлийн зэвсэгт хүчин дайтагчдын чадавх давуу. Миний харж байгаагаар Колумб улсын цэрэг дайчдын аюул занал хязгаарлагдмал. Тиймээс дуулиан дэгдээсэн бүлэг төрийн эргэлт хийх магадлал багатай юм. Энэ сарын 3-ны үйл явдал нь байнгын хурцадмал байдлын нэг элемент юм” гэж дүгнэсэн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ энэхүү эсэргүүцлээрээ Хуан Гуаидог дэмжиж, өөрсдийнх нь “хууль бус Ерөнхийлөгч” гэж нэрлэдэг Николас Мадурог огцруулахын төлөөх тэмцлээ одоо ч зогсоогоогүй байгааг харуулж байна.

АНУ, Канад, Латин Америкийн судалгааны төвийн шинжээчид АНУ Колумбыг Мадурод цэргийн болон улс төрийн дарамт үзүүлэх гол гүүрний нэг гэж үздэг болохыг цохон тэмдэглэжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ойрын ирээдүйд Венесуэлийн хувьд янз бүрийн луйвардах, өдөөн хатгасан үйлдлүүдийн аюул занал хэвээр байх аж. Томоохон зэвсэгт мөргөлдөөнийг ч үгүйсгэхгүй юм. Венесуэлийн энэ тохиолдолд америкчууд Колумб дахь хууль бус зэвсэгт бүлэглэлд найдаж байж магадгүй. АНУ ийм үйл ажиллагаанд маш туршлагатай, тэр дундаа Латин Америкт баялаг туршлагатай гэж шинжээчид үзэж байна. Венесуэл рүү зэвсэгт бүлэглэлүүд довтлох аюул нь АНУ Николас Мадурогийн хууль ёсны Засгийн газрыг унагах бодлогоо орхихгүй байгаа тохиолдолд гарсаар байх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top