Дуулиант хэргүүдийг ШҮҮХИЙН ШАТАНД ингэж шийдвэрлэжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өчигдөр болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ЭХАШШ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал нар олны анхааралд байгаа хэргийг шүүх шийдвэрлэсэн байдлын талаар мэдээлэл өгсөн юм.


Б.Батзоригийн хэргийг прокурорт буцаав

Прокурорын байгууллагаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан байдаг.

Харин шүүх уг саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэн хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн өчигдөр Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг товлоод байсан юм. Улмаар шүүх хуралдаан өглөөний 10.00 цагт эхэлж, хэргийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаатай гэж үзэн хэргийг прокурорт шилжүүлж шийдвэрлэлээ.

Хөгжлийн банкны удирдлагуудыг шүүх хурлын тов гарлаа

Хөгжлийн банкны удирдлагууд болох Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг зарласан боловч талуудын гаргасан саналаар өнөөдрийг хүртэл дөрвөн удаа хурал хойшлоод байгаа юм. Тэгвэл Н.Мөнбат нарыг шүүх хуралдааны тов гарч, ирэх тавдугаар сарын 1-ний өдөр хуралдахаар болсон байна.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатарыг Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга байх үедээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нартай хамтран “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, өөрсдөдөө хувь хүртэж, авлига авсан гэх үндэслэлээр шалгасан билээ.

Д.Эрдэнэбат, Н.Золжаргал нарын хэргийг шүүхийн шатанд хянаж байна

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнийг  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгасан байдаг.

Улмаар хэргийг прокурор хянаж дуусаад энэ сарын эхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн билээ. Уг хэрэгт нийт 187 хавтас хэрэг багтаж байгаа ба хэргийг харьяа дүүргийн шүүх хүлээн авч, хавтаст хэрэгтэй танилцаж байна. Шүүх хуралдааны тов хараахан гараагүй байна гэж мэдээллээ.

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийг шүүх хүлээн авлаа

Хуулийн байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан билээ.

Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэргийг прокурор хянаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 13-ний өдөр шилжүүлжээ. Улмаар хэргийг шүүхийн шатанд хэрэг хянах ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд уг хэрэгт нийт 461 хавтас хэрэг багтжээ. Одоогоор хэргийг шүүх хуралдааны зар товлогдоогүй байна.

Э.Оюунболдын цолыг хураах шийдвэрийг түр түдгэлзүүллээ

2019 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн нь тодорхой болж, Ерөнхийлөгч ямар зарлиг гаргахыг хүлээж байгаа билээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох тухай тогтоол гаргаж, дараагийн шатны байгууллага, удирдлагуудад хүргүүлсэн байдаг.

Харин аварга Э.Оюунболдын зүгээс дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй хэмээн энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд шаардлага гаргасны дагуу 2020 оны нэгдүгээр сард эл асуудалд захиргааны хэрэг үүсгэжээ. Дээрх шаардлагын дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг саяхан болсон байна. Энэ үеэр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүд буюу Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Д.Анар, Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б.Цэрэнсодном, Улсын аварга Н.Батсуурь нарын эрх зөрчигдсөн гэж үзэн, хуралд оролцуулах, Э.Оюунболдын наадмын өмнөх бэлтгэл хийсэн галд Допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч гэсэн хоёр хүсэлт ирүүлжээ.

Эдгээр хүсэлтийг шүүх хэлэлцээд, Э.Оюунболдын цолыг хураах, бусад бөхчүүдэд цол олгох тухай тогтоолын биелэлтийг энэ хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл түр түдгэлзүүлжээ. Харин Э.Оюунболдын зүгээс гаргасан ДНК-ийн нарийвчилсан шинжилгээ хийлгэх, Өмнөд Солонгос дахь лабораторид байгаа шинжилгээг дахин шинжлүүлэх хүсэлтийг шүүхээс боломжгүй гэж гэж үзсэн байна. Тэрбээр энэ асуудлаар давж заалдах шатны шүүхэд хандах боломжтой ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top