Нийт шүүгчийн II чуулган өндөрлөлөө

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 29

Нийт шүүгчийн II чуулган 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоо” сэдвийн хүрээнд үргэлжиллээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Эрдэнэчимэг, Канад улсын Нью Брансвик мужийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, судлаач П.Баярцэцэг нар хэлэлцүүлгийг чиглүүлэв.

“Шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцоо”-той холбоотой шүүгчдээс ирүүлсэн саналыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү танилцуулсны дараа Шүүхийн сахилгын хорооны магадлалд хийсэн судалгааны дүн, олон улсын туршлагыг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Эрдэнэчимэг танилцуулсан юм. Судлаач П.Баярцэцэг шүүгчийн сахилгын зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг бусад улсын жишигтэй харьцуулан судалсан талаар илтгэл хэлэлцүүллээ. Канад улсын Нью Брансвик мужийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард хэлэлцүүлэгт зочноор оролцож өөрийн улсын шүүхийн сайн туршлагаас хуваалцав. Тэрбээр илтгэлдээ “Бие даасан, хараат бус байдал дээр шүүх эрх мэдэл оршдог. Шүүгч шударга, бусдад хүндлэлтэй байж, ажлаа мэргэжлийн түвшинд, хичээнгүй хийх нь ёс зүйн салшгүй хэсэг. Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг өндөрт өргөж байх нь шүүгчийн хариуцлагатай байдлаас шалтгаалдаг. Хамгийн чухал нь өндөр ёс зүйтэй байх шаардлагатай юм” гэж онцолсон юм.

Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар хэлэлцүүлэгт оролцогчид зөвшилцсөн юм. Улмаар “Шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоо” хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон тайлбарлуулахаар Улсын дээд шүүхэд санал хүргүүлэхээр тогтлоо.

Чуулганаас гаргах тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонсож, баталснаар Нийт шүүгчийн II чуулган өндөрлөв.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top