Ө.Энхтүвшин: Тархалтын оргил үе цагаан сараар таарч болзошгүй гэсэн тандалтыг эрдэмтэд хийсэн

2020 оны 02 сарын 13

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр /2020.02.12/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 


-Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгчийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зар­лигийн төслийг хэлэлцсэн гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Ерөнхийлөгчийн зарлиг сая (өчигдөр) гарсан байна. Түүнээс заримыг нь дурдаж сонирхуулъя. Зарлигт коронавирусийн тархалттай холбогдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгийн аюулаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргахыг Засгийн газарт чиглэл болгосон байгаа. Мөн олон улсын хөл хорио болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг яаралтай хэлэлцэн журамлаж, мөрдүүлэх гэсэн заалтыг мөн Засгийн газарт чиглэл болгосон байна.

Түүнчлэн цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг чиглэл болгосон байгаа. Дараа нь дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар хэлэл­цүүлэх ийм чиглэлийг бас өгчээ. Ерөнхийлөгчийн зарлигт “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухам­сар­лан, өөрийн болон нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай” гэсэн байна.

-Засгийн газраас ямар шийдвэр гаргав?

-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарим шийдвэр гаргалаа. Тухайлбал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс (өнөөдөр) гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт (хэсэгчилсэн) шилжүүлсүгэй гэсэн тогтоол гаргалаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулаад шинэ корона­вирусийн халдвар, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, Ерөнхийлөгчийн мөн оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10 тоот зарлигийг үндэслэн хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй гэсэн заалтыг тогтоолд орууллаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдэд үүрэг болгосон заалтыг мөн оруулсан.

-Ийм арга хэмжээ авах зайлш­гүй нөхцөл бүрдсэн хэрэг үү?

-Коронавирусийн тархалтын оргил үе болоогүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч тэгж хэлж байгаа. Оргил үе нь магадгүй энэ цагаан сарын өдрүүдэд таарч болзошгүй гэсэн урьдчилсан тандалтыг эрдэмтэд хийсэн байна. Нөгөөтэйгүүр нүүрсний тээврийг зогсоохтой холбогдуулаад би урьд нь хэлж байсан. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур аймгийн Халиут хот гэж манай хилээс 120 км-ын цаана байгаа юм. Мөн 190 км зайтай өөр хот бий. Тэнд коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Гэтэл дахиад манайтай шууд залгаа Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн гэдгийг зарлаж байна. Тийм учраас ийм арга хэмжээг Улсын онцгой комисс, Ерөнхийлөгч, Засгийн газраас тус тус гаргасан.

-Өндөржүүлсэн бэлэн байдал гэж чухам юу вэ?

-Дээр дурдсан Гамшгаас хамгаа­­лах тухай хуулийн заалтуу­дад тодорхой байгаа. Тухайлбал, гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх ажлыг нэн даруй хийх тухай байгаа. Бас нэг анхаарал татах заалт бол 10.4.2 дахь заалт юм. Түүнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлнэ гэж бий. Магадгүй, цагаан сарын өдрүүдэд ч гэсэн төрийн байгууллагууд ажиллах нөхцөл байдал үүсэж болно. Тэгвэл энэ хуулийн заалтаараа зохицуулагдаад явна гэсэн үг. Мөн гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай хүртээмжтэй хүргэх, хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах тухай заалтууд байгаа. Гэхдээ гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг одоохондоо хэсэгчилсэн байдлаар хэрэг­жүүлнэ. Тийм болохоор хорио цээрийн дэглэмийг тогтоогоогүй. Цаашдын нөхцөл байдлаа харж байж энэ арга хэмжээг авах эсэхийг шийднэ. Дараа нь, гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт бол тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлнэ. Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээг авч болно гэж байгаа. Энэ бол дараагийн шат. Хэрэв бүх нийтийн бэлэн байдлын шатанд шилжих юм бол Улсын онцгой комисс хуралдаж Засгийн газрын хуралдаанд оруулаад шилжих юм.

-Хичээл сургуулийн үйл ажиллагааг түр хязгаарлаад байгаа. Үүнийг сунгах тухай Засгийн газрын хуралдаанаар ярьсан уу?

-Цаашдын байдлаа л харж байж шийднэ. Ер нь коронавирусийн тархалтын байдлын үйл явц хэрхэн өрнөхөөс шалтгаална. Хэрэв байдал амаргүй болбол гуравдугаар сарын 2-ноос цааш сунгах байдал үүсэж магадгүй. Өнөөдөр бол сунгана, сунгахгүй гэж хэлэхэд хэцүү.

-Тусгай эмнэлэг байгуулах асуудал дээр 53.4 тэрбум төгрөг шаард­лагатай гэж байсан. Энэ хөрөнгийг шийдсэн үү. Мөн Замын-Үүд, Сайншандад барьсан эмнэлгийг одоо хүртэл хүлээж аваагүй байгаа гэдэг асуу­дал яригдсан санагдаж байна?

-Улсын онцгой комиссын шийд­вэрт эдгээр асуудал тусчихсан байгаа. Улсын онцгой комиссын шийдвэрийг холбогдох алба, байгуул­лагуудад хүргүүлсэн. Тийм учраас холбогдох албан байгууллагууд шууд хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин Засгийн газрын шийдвэр гаргуулах ёстой гэсэн юмыг Сангийн яам хэлж байгаа сурагтай байна. Үүнийг бол Сангийн яам шууд хэрэгжүүлэх учиртай. Ер нь ийм онцгой нөхцөл байдал үүссэн үед ямар нэгэн тайлбарыг яам, төрийн байгууллагууд хэлээд бие бие рүүгээ шидэх эрх байхгүй. Тийм учраас нэгэнт Улсын онцгой комиссын шийдвэр, Засгийн газрын шийдвэр гарсан бол үг дуугүй шууд хэрэгжээд явах ёстой.

-Цагаан сар тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Тэмдэглэсэн хүнийг яах вэ. Хариуцлага тооцох юм уу?

-Тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ гэж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “хориглочихлоо” ч гэдэг юм уу байдлаар олон нийтэд эргэлзээ төрүүлсэн мэдээлэл гарсан байна. Үүн дээр хориглоно гэдэг үгийг ерөөсөө оруулаагүй. Цагаан сарыг тэр гэр бүл дотроо тэмдэглэж болно. Жишээлбэл, зүг мөрөө гаргах, бурхан тахилдаа мөргөх, гэр дотроо золгох, бууз баншаа жигнэж идэх зэргээр тухайн гэр бүл дотроо хийхийг хориглоогүй байгаа. Гагцхүү гадуур хөдөлгөөнийг л хориглож байгаа. Цагаан сарын шинийн нэгэнд эхлээд аав ээждээ очиж золгоно, дараа нь эгч, ах, нагац гээд садангуудаараа орохоор үр хүүхдээ дагуулаад явдаг шүү дээ. Үүнийг л хориглоё гэж байгаа. Ядахдаа өндөр настай улсууддаа, үр хүүхдүүддээ томуу, томуу төст өвчин халдаахгүй байх, вирус тараахаас болгоомжилсон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа юм.

-Гол нь иргэдийн хөдөл­гөөнийг яаж хянах юм бэ?

-Засгийн газрын шийдвэр, Ерөн­хийлөгчийн зарлиг гарчихлаа. Үүнийг Монгол Улсын иргэд, албан байгууллага бүгдээрээ биелүүлэх учиртай.

-Нийтээр тэмдэглэх баяр ёслолын тухай хуулиар цагаан сарын өдрүүдэд гурав хоног амардаг. Түүнийг хориглох уу?

-Цагаан сарын шинийн эхний гурван өдөр бүх нийтээрээ амарна гэсэн хуулийн заалттай байгаа учраас түүнийг бол хөндөөгүй байна. Гэхдээ ажлын шаардлага гарах юм бол төрийн байгууллагууд тэдгээр өдөр ажиллахыг үгүйсгэхгүй. Энэ бол дээр дурдсан өндөржүүлсэн бэлэн байдлыг хэрэгжүүлэх энэ хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх гэдэг заалтаар зохицуулагдах юм.

-Гэр бүлээрээ золгуут хийгээд явж байгаа хүнийг хэн шалгах вэ, цагдаа хариуцлага тооцох юм уу?

-Бүгдийг л хянана, цагдуулна, мөрдөнө, мөшгинө гээд байх утгагүй. Ийм аюул тулж ирчихээд байхад нийтээрээ үүнийг хэрэг­жүүлэхийн төлөө ажиллаж, бие биедээ шаардлага тавих ёстой шүү дээ. Монголчууд ухаантай, тиймээс энэ чиглэлд хамтран ажиллахад хүндрэлгүй байх.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонин(192.82.70.157) 2020 оны 02 сарын 14

Энэ мэлхий их хуцдаг болжээ

0  |  0
Иргэн(59.153.114.88) 2020 оны 02 сарын 13

\nЭнэ тоо бол үнэнд гүйцэгдэж буйтай холбоотой бодит тоо руугаа дөхөж байгаа нь энэ гэж бодож байна?! үнэндээ бол тоо нь талийсан юм байна?! Монгол улс эх оронч төртэй юм бол урд хилээ бүрэн хаах явдал боловч их оройтож байнадаа?!

1  |  0
Иргэн(59.153.114.88) 2020 оны 02 сарын 13

\nЭнэ тоо бол үнэнд гүйцэгдэж буйтай холбоотой бодит тоо руугаа дөхөж байгаа нь энэ гэж бодож байна?! үнэндээ бол тоо нь талийсан юм байна?! Монгол улс эх оронч төртэй юм бол урд хилээ бүрэн хаах явдал боловч их оройтож байнадаа?!

1  |  0
Иргэн(59.153.114.88) 2020 оны 02 сарын 13

\nЭнэ тоо бол үнэнд гүйцэгдэж буйтай холбоотой бодит тоо руугаа дөхөж байгаа нь энэ гэж бодож байна?! үнэндээ бол тоо нь талийсан юм байна?! Монгол улс эх оронч төртэй юм бол урд хилээ бүрэн хаах явдал боловч их оройтож байнадаа?!

0  |  1
Иргэн(59.153.114.88) 2020 оны 02 сарын 13

\nЭнэ тоо бол үнэнд гүйцэгдэж буйтай холбоотой бодит тоо руугаа дөхөж байгаа нь энэ гэж бодож байна?! үнэндээ бол тоо нь талийсан юм байна?! Монгол улс эх оронч төртэй юм бол урд хилээ бүрэн хаах явдал боловч их оройтож байнадаа?!

1  |  0
зочин(202.126.89.240) 2020 оны 02 сарын 13

хилээн хаах хэрэгтэй штээ дотроон л цагаан сар гэж бужигнаад байх юмаа

0  |  0
Top