Том, Жерри хоёр 80 нас хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Гэрт нь амьдардаг төвөгтэй Жерри хулганаас залхсан Том муур түүнийг бяслагаар хууран хавханд оруулах зальтай төлөвлөгөө зохионо. Томын хорон санааг нь мэдэх хулгана бяслагийг тайван гэгчээр аваад, зугтаана.

Алдарт дуэт даваа гарагт /2020.02.10/ 80 насны ойтой золгож байна.

Түүх “Metro Goldwyn Mayer” студийн хүүхэлдэйн киноны газрын 30 нас хүрээгүй зураач Уильям Ханна, Жозеф Барбера нар Микки Маус, Порки Пиг нарын амжилтыг эвдэх санаанаас төрдөг. Тэдний богино хэмжээний анхны хүүхэлдэйн кино “Puss Gets the Boot” нэрээр 1940 онд гарчээ. Гэхдээ тус кинонд муурыг Жаспер, хулганыг Жинкс гэдэг. Энэ кино “Оскар” хүртэж, амжилтад хүрэв. Хожим нь Жаспер, Жинкс хоёр Том, Жерригийн дүрээр гарсан түүхтэй.

Том, Жерри хоёр өнөө хэр дэлхийд алдартай хэвээр. Япон, Пакистан зэрэг дэлхийн олон улс орны хүүхдийн сувгууд энэ хоёрыг одоо хүртэл үзүүлдэг. Энэ кинонд үндэслэн бүтээсэн шинэ мобайл тоглоомыг Хятад улсад гэхэд 100 сая хэрэглэгч татсан аж.

Хүүхдээс гадна томчуудын үзэх дуртай хүүхэлдэй кино болохыг 2015 онд явуулсан судалгаа илтгэжээ.

Том, Жерри нарыг бүтээсэн Билл Ханна 2001 онд, Жо Барбера 2006 онд өөд болжээ. Барберагийн нэр “Том, Жерри хоёр” цувралын титрт хамгийн сүүлчийн удаа гарахаас нэг жилийн өмнө Ханнагийн нэр хамт гарахаа больсон байна. “Бид бие биенийгээ сайн ойлгож, хүндэтгэлтэй ханддаг” байсан гэж Барбера Ханнаг дурсаж байжээ.

“Том, Жерри хоёр” киноны эрхийг өдгөө эзэмшиж буй “Warnner Brothers” компани Зул сарын баярын өмнө  шинэ анги гаргахаар төлөвлөж байгаа аж.

Билл Ханна, Жо Барбера нар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top