Карантилагдсан “Diamond Princess” хөлгийн зорчигчдод аяллын эрхийн бичиг өгнө

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Японы нийслэл Токио хотын зэргэлдээх Ёкохама хотын боомтод энэ сарын 18-г хүртэл карантинд ороод буй “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчдын дунд шинэ төрлийн коронавирусээр халдварласан зургаан хүн нэмж илрүүлснээр халдварын тохиолдол 70 хүрээд байна. Ингэснээр, тус улсад нийт 96 хүн коронавирусийн халдвар аваад байна.

Усан онгоцны нийт 3700 зорчигчийн дунд халуурах шинж тэмдэг олон хүнд илрээд байгаа бөгөөд тэдэнд парацетамол эм өгч байна гэж онгоцны багийн гишүүд ярьжээ. Тэд мөн коронавирусийн шинжилгээ хийлгэхээр дарааллаа хүлээж байна.

Зорчигчид усан онгоцны тавцан дээр “Ноцтой нөхцөл байдал-эм!” гэсэн эм авчрах хүсэлт бүхий бичиг мөн “Хэвлэлийнхэнд баярлалаа” гэсэн бичиг өлгөсөн байна.

Түүнчлэн, зорчигчдоос 100 орчим хүний биеийн байдал муудаж эхэлжээ. Энэ нь коронавирусийн халдвар бус, өндөр настай хүмүүсийн бие муудсан байж болзошгүй гэж үзэж байна. Зорчигчдын ихэнх нь 70 орчим насны хүмүүс бөгөөд зарим нь чихрийн шижин зэрэг ужиг өвчтэй гэнэ. Аялалд авч явсан эм нь дууссан тул Японы эрх баригчид нисдэг тэргээр шаардлагатай эмийг хүргэж өгөхөөр болжээ.

Тус аяллын хөлөг онгоцыг эзэмшигч “Princess Cruises” компанийн ерөнхийлөгч Ян Шварц зорчигчдод тэвчээр гарган, ойлгон хандаж буйд талархал илэрхийлжээ. Тэрбээр аялагчдын аяллын зардлыг тус компани бүрэн хариуцаж, аяллын өмнөх болох хойших агаарын тээвэр, зочид буудлын төлбөрийн хамт нөхөн олгох болно гэж мэдэгджээ. Түүнчлэн аялагч бүрд карантилагдсан аяллын төлбөртэй 100 хувь тэнцэх аяллын эрхийн бичиг өгөх бөгөөд тэд 2021 оны хоёрдугаар сарын 28-аас өмнөх хугацаанд энэ эрхээ ашиглах боломжтой гэнэ. “Энэ шийдвэр та бүгдийн стресс, бухимдлыг бага ч атугай тайлна гэж найдаж байна” гэж тэрбээр бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top