ӨГЛӨӨНИЙ НИЙТЛЭЛ | Шинэчилсэн Үндсэн хуулийн шидийг 1072 ХУВЬЦАА үзүүлнэ

Д.Дорж | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05



Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлийг нь хүртсэн хүүхдүүдийнх нь хамт ахмадуудынхаа магнайг тэнийлгэсэн төрийн шийдвэртэй холбогдуулан ирэх сонгуулийн өмнө дахин хэд хэдэн том гэнэтийн шийдэл танилцуулагдах хүлээлт нийгэмд үүсээд буй. Шийдвэр гаргагчдын ордноос ч ийм таамаг салахаа байжээ. Төрийн тэргүүн нэг л мэндчилгээгээр 700 гаруй тэрбумыг УИХ-аар шийдвэрлүүлж дөнгөсөн бол түүнтэй нь барьцсан сөрөг хүчин ахмадуудын тэтгэврийг нэмэх санал гаргахаа мартсангүй. Яг л 2008 оны сонгуулийн өрсөлдөөнөөр эх орны хишиг, эрдэнийн хувь хүртээсэн шиг уралдаан өрнөх шинжтэй. Өнөөдөр болж буй үйл явц 12 жилийн өмнөх уул уурхайн баялагтаа дулдуйдсантай ижилхэн. Энэ удаад стратегийн ордын жагсаалтад багтсан Тавантолгойг ашиглан нийтэд мөнгө тараах нөхцөл болон хөрс нь хэдийнэ бүрдээд байна. Учир нь нэг тэрбум ам.долларын нүүрс борлуулж, их наяд (1,000,000,000,000) төгрөгийн ашигтай ажилласан гэдгээ зарлаад буй “Эрдэнэс-Tавантолгой” компаниас Монгол Улсын 2.5 иргэн хувьцаа эзэмшиж байгаа. Тиймээс 1072 хувьцаандаа ногдох ашгаа авах иргэдийн давалгаа өндрөө авч, төрийн ордонд ороод амжсан. Улмаар Өргөдлийн байнгын хорооноос “Эрдэнэс-Tавантолгой” компанид 2019 оны хуримтлагдсан ашгаасаа ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон юм.

Сүүлийн хэдэн жилд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр түвшинд тогтвортой хадгалагдсан учраас “Эрдэнэс-Tавантолгой” санхүүгийн байдал эрс сайжирсан. Тус компани 2016 онд түүхэндээ анх удаа цэвэр ашигтай ажилласан. Улмаар 2017 онд 461 гаруй тэрбум, 2018 онд 807 тэрбумын ашигтай ажилласан гэх мэтээр өсжээ. Тиймээс ТУЗ нь 2018 оны 807 тэрбум төгрөгийн ашгаас нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 27 мянган төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэж байсан. Хувьцааны эзэмшлийн дагуу 300 тэрбум төгрөгийн 244.5 тэрбум нь төрд, иргэд, аж ахуйн нэгжид 55.4 тэрбум төгрөг ногдсон. Харин зарим судлаачийн зүгээс 1072 хувьцаанаас нэг өрхөд дор хаяж 500 мянган төгрөгийн ногдол ашиг очих тооцоог ч танилцуулсан удаатай. Үүний дараахан ҮАБЗ-өөс чиглэл өгсний дагуу “Эрдэнэс-Tавантолгой” компанийн 2018 оны ашгийг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам оруулахаар шийдвэрлэсэн юм. Энэ удаад их наяд төгрөгийн орлогыг хэрхэн зарцуулах талаарх шийдвэр хараахан гараагүй байгаа бөгөөд сонгуулийн жил учраас иргэдийн 1072 хувьцааг мөнгөжүүлэх практик давтагдах магадлал тун өндөр юм. Дээр нь төрийн өмчит “Эрдэнэс-Tавантолгой”  компани өнгөрсөн хугацаанд 2008 оны сонгуулийн амлалтаас үлдсэн 350 сая ам.доллараас авахуулаад бүх өр төлбөрөө барагдуулсан. Ингээд харахаар, эрхийнхээ дагуу эзэд нь ашгаа хүртэх санхүүгийн тооцоо яах ч аргагүй гарч байна.

Мөн парламент дахь ард түмний төлөөлөл гэдгээ ухаарсан УИХ-ын гишүүд өнгөрсөн онд Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ, байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх талаар маш том өөрчлөлт хийсэн гэдгээ сонгуулийн сурталчилгаандаа ашиглаад эхэлсэн. Ингэхдээ Үндсэн хуулийн 6.2-т  “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмж тусгаснаараа олзуурхаж байгаа. Тэгэхээр Үндсэн хуульд хийсэн шинэчлэлийнхээ ид шид нь 1072 хувьцаанаас ногдол ашиг хүртээх асуудалд дэмжлэг болж таарна. Бүр эсвэл “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэсэн хэсэгт хамаатуулан ухаалгаар ашиглах боломж ч бий.

Гэхдээ төрийн хэд хэдэн байгууллагаас “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нөхцөл байдлыг дүгнэж үзээд, ногдол ашиг хуваарилах боломжгүй гэдэг дүгнэлт гаргаад байгаа. Тухайлбал, Үндэсний аудитын газар “Тус компанийн эзэмшлийн ордыг ашиглах нийт хугацаа тодорхойгүй, нөөцийг үнэлэх боломж бүрдээгүй, хувьцааны нэрлэсэн үнийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүйгээс хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийг тооцох боломжгүй байна” гэж дүгнэжээ.  Мөн хувьцааны зах зээлийн үйл ажиллагааг зохицуулж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хорооноос “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд өгөөж нь нүүрсний олон улсын зах зээл дээрх үнээс шууд хамааралтай тул өгөөжийг тодорхойлох боломжгүй гэж үзсэн байдаг. Ингэхдээ “Эрдэнэс-Тавантолгой” компани УИХ, Засгийн газрын тушаал, шийдвэрүүдийг үндэслэн нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлж, тайландаа бүртгэсэн боловч нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тооцсон санхүүгийн ямар нэгэн тооцоолол, судалгаа, түүнийг нотлох баримт байхгүй байгааг тодотгосон байгаа юм.

             Хамгийн анх 2011 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс-Тавантолгой” компаниас 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэх шийдвэр Сү.Батболдын Засгийн газрын үед  гарч байжээ. Энэ асуудал 2012 оны сонгуулийн өмнө албан ёсоор баталгаажихад 2.5 сая иргэн хувь хүртсэн. Тухайн үеийн эрх баригч намын 1.5 сая төгрөг олгох амлалтын хүрээнд иргэн бүрт 536 ширхэг хувьцаа нэмж олгосноор 1072 болон мэндэлсэн байдаг. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм. Ингэж нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон. “Эрдэнэс-Тавантолгой” компани нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монголын төр, компаниуд эзэмшиж, биржид арилжаалах замаар амь оруулахаар төлөвлөөд ийнхүү өнөөдрийг хүрлээ. 

Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн сонгууль бүрт улс төрийн намууд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэддээ өгөөжийг нь хүртээж амлалт өгсөн байдаг. Тус бүрдээ иргэн бүрт ногдсон 1072 ширхэг хувьцааг гол хөзрөө болгосоор ирсэн. Хамгийн ойрын жишээ гэхэд л МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 1072 хувьцааг амь оруулахаар тусгасан. Түүнээс өмнө “Эрдэнийн хувь хишиг” нэрээр ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгө тараасан бол оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ахмадын тэтгэвэр гэх мэтээр 1072 хувьцааны шоу үргэлжилж байлаа. Тухайлбал, 2011, 2012 онд хүсэлт гаргасан оюутнуудын сургалтын төлбөрт тус бүр 500 мянган төгрөгийг “Эрдэнийн хувь хишиг”-ээс төлсөн. Үүнээс нэг жил сургалтын төлбөрөө төлүүлж, 536 ширхэг хувьцаатай үлдсэн иргэн олонх болоод байгаа юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд халамж хэлбэрээр нэг сая төгрөгийг “Эрдэнийн хувь хишиг” хэмээн тараасан байдаг. Харамсалтай нь  тухайн үеийн Засгийн газарт ингэж хавтгайруулан тараах бэлэн мөнгө байгаа бөгөөд БНХАУ-ын “Чалко” компанид “Эрдэнэс-Тавантолгой”-гоос нүүрс нийлүүлэх гэрээгээр 350 сая ам.доллар зээлсэн юм. Энэ их өрийн төлөлт үндсэндээ таван жил үргэлжилж, 2017 онд дэлхийн зах зээл дээр ханш сэргэх хүртэл нүүрсээ хямд өгч дуусгасан. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд  есөн ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1063 ширхэг хувьцаатай үлдсэн. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг  Ерөнхий сайд байхдаа мөн л сонгууль угтан 1072 хувьцааг амь оруулах нэрээр бэлэн мөнгөнд шилжүүлж байв. Түүний тэргүүлсэн Засгийн газар “Сайн хувьцаа” нэртэй хөтөлбөр зохиож, 300 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр үнэлэн худалдан авч билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас гуравхан долоо хоногийн хугацаанд 374 тэрбум төгрөг гаргасан нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг илт зөрчсөн нь хожим хойно ил болсон байдаг. Энэ болгонд иргэдийн 1072 хувьцаанаас суутгасан.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top