НҮБ ирэх жил 109 сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

НҮБ ирэх жил дэлхий даяар нийт 109 сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. Үүнд ойролцоогоор 29 тэрбум ам.доллар шаардагдана гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газрын илтгэлд дурджээ.

Сунжирсан ширүүн мөргөлдөөнүүд, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлүүд, үр ашиг муутай эдийн засгийн үйл ажиллагаа тусламж үзүүлэх шаардлагыг бий болгож байна гэж илтгэлд онцолсон байна.

Ирэх жил НҮБ түншүүдийн хамтаар эмзэг бүлгийн 109 сая хүнд тусламж үзүүлэх бөгөөд үүнд нийт 28.8 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж тус газар онцлон тэмдэглэжээ.

НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Марк Лоукокийн хэлснээр, дэлхийн нийгэмлэг хүмүүнлэгийн хэрэгцээнд илүү шуурхай хариу үзүүлдэг болсон төдийгүй хүмүүс ч амьдралаа босгох тал дээр илүү шийдэмгий болжээ.

Өнгөрсөн онд тусламж, хамгаалалт шаардлагатай хүмүүсийн тоо 22 саяар өссөн бол ирэх жил 168 сая хүнд ийм хэрэгцээ гарна гэж тооцоолж байна. Энэ нь түүхэнд дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. НҮБ 2020 онд дэлхийн 53 оронд хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулна. Сирийн ард түмэнд тусламж үзүүлэхэд 3.3 тэрбум ам.доллар, Йеменд 3.2 тэрбум, Конгод 1.82 тэрбум, Өмнөд Суданд 1.54 тэрбум, Венесуэлд 750 сая, Украинд 157.8 сая ам.доллар шаардагдах тооцоо гарчээ.

Энэ оны эхний 11 сарын байдлаар, НҮБ нийт 16 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top