Зөгий балынхаа эсрэг: СОР28 дээд хэмжээний уулзалтаас юу хүлээх вэ!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 05

Дэлхий дахин уур амьсгалын хямралд ороод байна. Жил бүр дэлхийн удирдагчид дэлхийн дулаарлын үед хүн төрөлхтөн хэрхэн тэсэж үлдэх талаар хэлэлцэхээр НҮБ-ын бага хуралд оролцдог.

Энэ жил СОР28 дээд хэмжээний уулзалт дэлхийн дулаарлын гол эх үүсвэр болсон газрын тос, байгалийн хийгээр баяжсан Дубайд болж байна.

Хоёр долоо хоногийн хугацаанд эхлээд дэлхийн төр, засгийн тэргүүн, хаад, дараа нь шинжээч, хэлэлцээ хийгчид илүү цэвэр, сэрүүн ирээдүй рүү очих арга замыг эрэлхийлэн, байгалийн гамшиг, ядуурал, шилжилт хөдөлгөөн дагуулсан уур амьсгалын гамшгаас сэргийлэх оролдлого хийнэ.

Энэ жил энэ зорилт хэзээ хэзээнээс тулгамдсан, хэзээ хэзээнээс ярвигтай байна. Дэлхий дахин ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун жилийг үдэж байгаа учраас тулгамдсан. Украинд Орост довтолсон дээр нэмэгдэн Израил, Хамас бүлэглэлийн дайн нэмэгдэв. Энэ бүхэн дээр дэлхий дахин цар тахлын дараах хямрал, Кремль, Европын Холбооны байгалийн хийн дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралын үетэй давхацсанаараа ярвигтай.

Ийм нөхцөл байдалд дэлхийн удирдагчид ямар нэгэн тохиролцоонд хүрэхэд хүнд гэж Колумбын их сургуулийн судлаач Дэвид Сандалоу тодруулжээ. Амьдралын түвшин буурч байгаа, үнийн өсөлт хүмүүсийн санааг илүү зовоож байна. Тэд уур амьсгалд бус харин эдгээр асуудалд мөнгөө зарцуулахыг шаардаж байна. Уур амьсгалын эсрэг тэмцэлд тэргүүн шугамд байсан улс орнуудын эрх баригчид хүртэл анхаарлаа өөр асуудалд чиглүүлж байна. Их Британи хүлээсэн зарим үүргээсээ татгалзсан бол Нидерландад саяхан уур амьсгалын асуудалд эргэлзсэн байр сууринаас ханддаг нам ялсан.

Удирдагчдад үнэхээр энэ асуудал манатай байна. Манай гарагийн цэрэг болон эдийн засгийн тэргүүлэгч хоёр гүрний удирдагчид Жо Байден болон Ши Жиньпин нар Дубайд очихгүй. Дээд хэмжээний уулзалтыг нээх үүрэг Их Британийн хаан III Чарльзд оногдов. Тэрбээр ой мод, оцон шувуу, байгаль орчинд ээлтэй ханддагаараа алдартай.

Өнөөг хүртэл уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын зөвхөн нэг удаагийн бага хурал л амжилттай болсон нь 2015 оны Парисын СОР21. Тухайн үед бүх улс орнууд энэ зуундаа багтаан агаарын температурыг аж үйлдвэрлэлтийн өмнөх үеийнхээс 2 хэмээр өсгөхгүй байх амлалт авцгаасан.

Харин өдгөө Парисын эл гэрээг хэрэгжүүлэхэд өдөр ирэх тусам хүндрэлтэй болж байна. Дэлхий дахинд газрын тос, байгалийн хийн хэрэглээ өссөөр байгаа ба улмаар хүлэмжийн хийн ялгарал буурахгүй байна.

Манай гараг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.1-1.2 градусаар дулаарч, энэ зууны сүүл гэхэд 2.4 хэмээр дулаарна гэж эрдэмтэд тооцоолжээ.

Тиймээс НҮБ-ын бага хурал олон нийтийн анхаарлыг татаж байна. Бага хурлаар дэлхий дахин ногоон хувьсгалыг эсвэл түргэтгэнэ эсвэл сааруулна.

СОР28 юунд хүрэх вэ

Бага хурлын хэлэлцэх гол асуудлуудын нэг нь Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн эхний үр дүн, ядуу буурай орнуудад олгох нөхөн төлбөр болон олборлолтын түлшний үүрэг юм.

Дэвид Сандалоугийн хэлснээр, СОР бага хуралд бүх зүйл туйлын удаан өрнөдөг. Дэлхийн бараг 200 орон хуран цуглардаг уулзалтын үеэр бичил хэмжээний алхам хийхийн тулд оролцог бүрийн дэмжлэг хэрэгтэй. Тэд бүгд өөрийн ашиг сонирхолтой тул зөвшилцлийн үйл явц туйлын удаан байдаг хэмээн дүгнэжээ.

Дэлхий дахин ялалт байгуулах эсвэл бүтэлгүйтэх эсэх нь арванхоёрдугаар сарын 12-нд тодорхой болно. Тэр үед оролцогчид хамтарсан мэдэгдлийн эцсийн хувилбарыг зөвшилцөх учиртай.

СОР28-ын дөрвөн чухал сэдэв

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн эхний үр дүн

Парисын хэлэлцээрийн 14-р заалтад дэлхий дахин 2023 онд эхний үр дүнг хэлэлцэх ёстой. Үүнээс хойш таван жил тутамд үр дүнг хэлэлцэх юм. Үр дүнгийн техникийн үнэлгээ есдүгээр сард гарсан ба дүгнэлт нь сэтгэл түгшээнэ. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгах чиглэлд дорвитой арга хэмжээ авахгүй бол Парисын хэлэлцээрт тусгасан зорилгод хүрэхгүй. Энэ дүгнэлтийг СОР28 батлах ёстой бөгөөд оролцогч орнууд 2025 он гэхэд үндэсний төлөвлөгөөгөө танилцуулах үүрэгтэй.

Нөхөн төлбөрийн талаарх маргаан

2009 онд баян орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн зарлага ихтэй арга хэмжээний нөхөн төлбөр болгон ядуу буурай орнуудад жил бүр 100 тэрбум ам.доллар олгох амлалт өгсөн. Санаа нь туйлын энгийн. Өрнөд агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хийн ялгаруулж, үүн дээрээ баяжсан бол ядуу буурай орнууд тэдний замналаар явах боломжгүй. Тиймээс эдгээр орнуудад цэвэр эрчим хүч, тээвэрт шилжихэд нь санхүүгийн тусламж хэрэгтэй.

СОР26 үеэр Энэтхэг, Өмнөд Африк болон бусад улс орнууд өрнөдийнхөн амлалтаа биелүүлээгүй тул 100 тэрбум бус бүр нэг их наяд ам.доллар нэхэж байв. Египетэд болсон СОР27 бага хурлын үеэр нөхөн төлбөрийн сан байгуулах тохиролцоонд хүрч байсан билээ. Харин хэн, хэзээ, хэдий хэмжээний санхүүжилт олгох, хэн энэ санг удирдаж, хэнд нөхөн төлбөр олгох зэрэг нөхцөл нь дараа дараагийн бага хурлуудын асуудал болж үлдсэн. Санал зөрөлдөөн их байгаа тул СОР28 бага хурал энэ асуудалд цэг тавих нь юу л бол.

Газрын тос, байгалийн хийн талаарх маргаан

Газрын тос олборлогчид энэхүү уулзалтыг газрын тос, байгалийн хийгүйгээр цэвэр ирээдүй рүү орох боломжгүй хэмээн мэдэгдэхийн тулд ашигладаг. Харин өрнөдийнхөн эсрэгээр олборлодог түлшний хэрэглээг бууруулах, улмаар татгалзахгүйгээр уур амьсгалын эсрэг зорилгод хүрэхгүй гэдэгт дэлхий дахины итгүүлэхийг зорьдог. Энэ маргаан СОР28 бага хурлаар илүү ширүүн өрнөх нь илт. Учир нь тус арга хэмжээ газрын тос олборлогч томоохон оронд болж байгаагийн сацуу хурлын хэлэлцэх асуудлыг газрын тосны томоохон компанийн тэргүүн шийдэж байна. Хоёрт, дэлхий дахинд эрчим хүчний хямрал нүүрлээд байна. Гуравт, хөгжиж буй орнуудад олгох нөхөн төлбөрт хувь нэмрээ оруул хэмээн өрнөдийнхөн Ойрх Дорнодын орнуудаас шаардаж байгаа. Өрнөдийн нэгэн адил Ойрх Дорнодын орнууд аж үйлдвэржилтийн хувьсгалын үр шимийг хүртэж буй. Өрнөд тэднээс Европ дахь хөлбөмбөгийн клуб худалдан авдаг хэдэн тэрбум ам.долларынхоо талыг нь ядуу орнуудад олгохыг санал болгож байна.

Ногоон эрчим хүчний эх үүсвэр байгуулах үүрэг

СОР28 бага хурлын хамгийн ирээдүйтэй асуудал. БНХАУ, АНУ хоёр энэ асуудлаар тохиролцоонд хүрээд байгаа тул бусад нь ч гэсэн тэднийг дагах шанс их. Салхин станц, нарны зайд төдийгүй хуучин дэд бүтцийг шинэчлэхэд мөнгө хэрэгтэй. Эл мөнгө нь их наяд ам.доллароор хэмжигдэнэ.

Баян орнууд мөнгөтэй ч эрчим хүчний эрэлтийн өсөлт ядуу буурай, хөгжиж буй орнуудад төвлөрч байна. Эдгээр улс орон эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ гол төлөв нүүрс, байгалийн хий шатаах замаар хангаж байна.

Хөрөнгө хомс орнуудын ногоон эрчим хүчинд гаднын хөрөнгө оруулалтыг татах зорилт өнөөгийн нөхцөлд шийдвэрлэгдэхгүй байна. Тиймээс СОР28 бага хурал энэхүү нөхцөлийг хэрхэн өөрчилж, мөнгөтэй орнуудад Пакистан, Индонез, Египет эсвэл Перу зэрэг орны салхи, нарны эрчим хүчинд хөрөнгө оруулахад нь ашигтай болгох арга замыг эрэлхийлэх юм.

Дуулиан шуугиан ба эргэлзээ

СОР28 бага хурал дэвшилд хүрэх шансыг бага хэмээн үнэлж байснаас гадна бага хурлын даргаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдийн нүдэнд Грета Тунбергийн эсрэг дүр болох хүнийг томилсон мөчөөс эхлэн дуулиан шуугиан дагуулсан. Бага хурлыг даргалагч султан Ахмед аль-Жабер Абу Дабигийн үндэсний газрын тосны компанийг тэргүүлдэг. “Adnoc” компани нь дэлхийн газрын тосны томоохон үйлдвэрлэгчдийн нэг юм.

СОР28 эхлэхээс өмнө ВВС агентлагийн олж авсан мэдээллээр, Арабын Нэгдсэн Эмирт Улсын төлөөлөгчид зохион байгуулагч орны бүрэн эрхээ ашиглан Хятад, Бразил зэрэг томоохон орны эрх баригчидтай хийсэн уулзалтаар газрын тос олборлогч компаниудын ашиг сонирхлын хамгаалах талаар тохиролцоо хийсэн гэх.

Султан Ахмед аль-Жабер эдгээр уулзалтын үеэр газрын тосны гэрээг хэлэлцсэн гэдгийг үгүйсгэж байгаа. Үүгээр түүний эсрэг чиглэсэн гомдол дууссангүй. Түүний тэргүүлдэг компани ойрын таван жилд хүлэмжийн хийн ялгарлын гол эх үүсвэр болох газрын тосны олборлолтыг буруулах бус эсрэгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. АНЭУ НҮБ-ын бага хурлын дахин нэг жил даргалах нь бараг тодорхой болоод байна. Владимир Путинаас болж. Энэ нь гал дээр тос нэмж байна. Учир нь СОР29 бага хурал Зүүн Европт болох учиртай. Гэвч тус бүс нутгийн орнуудаас ирсэн хурал зохион байгуулах өргөдлийг Орос дэмжихгүй байгаа юм. Хэрэв ганц ч өргөдөл дэмжлэг авч чадахгүй бол дараагийн уулзалтыг Германы Бонн хот хүлээн авах ч нөгөө л Эмирт Улсын сайд бүгдийг даргалах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top