Алтаа тушаасан ч хөсөр хаягдсан ТӨВ АЙМГИЙНХАН

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05



Монгол эх орноо тойрон өртөөлөх "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг өчигдөр /2019.11.04/ найм дахь аймагтаа үргэлжиллээ. Төв аймгийн Зуунмод хотод болсон уг хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллага хамтран зохион байгуулав.

Энэ удаагийн үндэсний хэлэлцүүлэгт Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй албаныхан болон тус аймгийн найман сумын төлөөлөл оролцож, хариуцлагатай уул уурхайн төлөө дуу хоолойгоо өргөлөө. Харин зохион байгуулагчдын зүгээс Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат нар оролцож, үндсэн илтгэлийг тавилаа. 

ТӨВ АЙМАГТ УУЛ УУРХАЙН 435 ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ 

Өнөөдөр Төв аймгийн гурваас бусад суманд аж ахуйн нэгжүүд ямар нэгэн хэлбэрээр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, Төв аймагт 435 уул уурхайн ашиглалтын болон тусгай зөвшөөрлийг олгожээ. Энэ нь бусад аймгаас хамгийн өндөр тоо гэдгийг нутгийнхан хэлж байна. Үнэхээр ч тус аймаг нь стратегийн өндөр ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн адил олон жил Монгол Улсын эдийн засгийг чирж явсан ч сумын хөгжил, нутгийн иргэдийн амьдрал хөсөр хаягдаж иржээ. Үүний бодит жишээ бол Заамар сум юм. Энэ ч утгаараа хэлэлцүүлэг тэр чигтээ Заамар сумын иргэдийн аж байдал руу чиглэж, тэдний "зовлон"-г хөндсөн гэхэд болно. 

Төр, засгийн зүгээс дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйл байхгүй байх үе буюу 1990-ээд оны эхээр "Алт I" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн үндсэн орд газар нь Төв аймгийн Заамар сум руу чиглэж, өнөөдөр тус сумын нутаг дэвсгэрээс нийтдээ 140 мянга гаруй тонн алт олборложээ. Хэдийгээр төр, засгийн зүгээс авч хэрэгжүүлсэн хөтөлбөр биелэлээ олж, хөрсөнд буусан ч Заамар сум танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн юм.

Өөрөөр хэлбэл, Заамар сум "Алт I" хөтөлбөрийн золиос болж, овоолсон шорооноос өөр зүйлгүй үлджээ. Түүгээр ч зогсохгүй бэлчээрийн хомсдол, тоосжилт, ундны усны гачигдалд орсон байна. Тус нутгийг дайран өнгөрдөг таван гол хүн, малыг бус уул уурхайг тэтгэх болжээ. Үр дүнд нь заамарчууд ундны усаа худалдаж авдаг болсон гэдгийг хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.

ЗААМАРЧУУД ҮЛДСЭН ГАЗАР НУТГАА ОНГОН ДАГШНААР НЬ АВЧ ҮЛДЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА 

Төв аймгийн Зуунмод хотод болсон үндэсний хэлэлцүүлэгт Заамар сумаас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь хүрэлцэн иржээ. Тэрбээр "Энэхүү хэлэлцүүлгийг Төв аймагт зохион байгуулж байгаад баярлалаа. "Алт I" хөтөлбөрийн хүрээнд Заамар сум 1990-ээд оноос хойш уул уурхайг хөгжүүлж эхэлсэн. Улмаар 2010 он хүртэл ойролцоогоор 120 гаруй тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Заамар сум 280-аад мянган га газартай. Үүний 52 мянган га газарт нь тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Энэхүү хөтөлбөрийг Заамар сум амжилттай хэрэгжүүлсэн. Анх 70-80 тонн алтны нөөцтэй гэж тооцоолж байсан бол түүнийг нь 140 тонн болгож алт авсан. Харамсалтай нь, Заамар суманд нөхөн сэргээлт хийгдээгүй, үнэхээр замбараагүй байдалд үлдсэн. Харин 2015 оноос "Алт II" хөтөлбөрийг дахин зарласан. Заамар суманд шинээр тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Үүнийг иргэд эсэргүүцсэн. Дэмжээгүй, эсэргүүцсэн. Өөрөөр хэлбэл, Заамар суманд дахин тусгай зөвшөөрөл олгож, газар нутгаа сүйтгүүлэх боломж байхгүй болсон. Манай сум дөрвөн багтай. Нэг баг нь газар тариалан, нөгөө нь мал аж ахуй, үлдсэн хоёр баг нь уул уурхайн бүс гэж зарлагдсан. Гэтэл мал аж ахуйн багт нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгай зөвшөөрөл олгогдож эхэлсэн. Тиймээс Заамар сумын иргэд өөрсдийнхөө төлөө тэмцэж эхэлсэн юм" хэмээн ярьсан юм. 

Түүний ярьж байгаагаар Заамар сумын иргэд уул уурхайн техник хүрээгүй үлдсэн хэсэгхэн газраа онгон дагшнаар нь авч үлдэхийг хүсэж байгаа аж. Тиймдээ ч өөрсдөө дотооддоо сан байгуулж, мөнгө хуримтлуулж эхэлжээ. Тэрхүү сангийнхаа хөрөнгөөр шинэ суурьшлийн бүс байгуулж, шинэ сумтай болохыг зорьж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, сумаа шинэчлэх ажилд иргэн бүр гар бие оролцож эхэлжээ. Харин шинэ сумтай болоход тэдэнд 6-7 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гаргасан байна. Одоогоор зураг төслийг нь гаргуулахаар ажиллаж байгаа аж. Тиймээс энэхүү ажилд нь төр, засгийн дэмжлэг, бодлого хэрэгтэй байгааг хэллээ. 

Ж.БАТЖАРГАЛ: БАЯЛАГ БҮТЭЭЖ БАЙГАА ГАЗРЫГ ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ 

Тэгвэл Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал "Монгол Улс яах аргагүй уул уурхайн эрдэс баялгийн салбартаа баримталж байгаа бодлого, чиглэлээ нарийвчлах хэрэгтэй. Байгалийн баялгийнхаа нөөцийг зөв тогтоож, тухайлсан салбарынхаа чиглэлээр түүнийгээ хэдий хугацаанд яаж ашиглах вэ гэдгээ шийдэхгүй бол болохгүй байна. Ингэхгүй бол толгойтой болгон нь дуртай газраа ухах гээд л явдаг боллоо. Үүнээс бид бүрэн салах ёстой. Эрдэс баялгийг зүй зохистой ашиглаж, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг хангаж, иргэдийнхээ амьдралыг тогтвортой дэмжиж өгнө гэж байгаа бол үүнийг хийх ёстой. Хоёрдугаарт, хайгуул болон ашиглалтыг салгах хэрэгтэй байна. Энэ аж ахуйн нэгжүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгочихыг дэмжихээр нөөц хэлбэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгочихдог. Хайгуул, ашиглалт хоёр нэгнээсээ нөгөөд шууд нөлөөлж байгаад л хамгийн том аюул байна" хэмээн ярилаа. 

Төв аймгийн Заамар суманд эзэнгүй хөндөгдсөн тайлбайн асуудал байхгүй болно гэдгийг хэллээ. Учир нь, өнгөрсөн хугацаанд тус аймгийн нутаг дэвсгэрт олборлолт явуулсан аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтээ хийгээгүй орхисон тохиолдол олон байдаг аж.

Энэ талаар аймгийн Засаг дарга хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ "Эзэнгүй хөндөгдсөн талбайн асуудал нэлээн хумигдана гэж ойлгож байна. Өмнө нь хөндөгдсөн талбайн гарал үүслий нарийвчилж судалж байна. Тэр аж ахуйн нэгжүүд хэчнээн төгрөг санд үлдээсэн нь тодорч өгөхгүй байна. Бид холбогдох бүх л байгууллагаас асууж байна. Үүнийг тодорхой болгож, тэр санд байгаа тоо тодрох юм бол өөрийн аймаг дээр байгаа аж ахуйн нэгжүүдэд оногдох мөнгийг олж нөхөн сэргээлтээ хийх юмсан гэж боддог. Үүнийг үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн үеэр зохицуулж өгнө гэж ойлголоо" гэв. Түүнчлэн "Хаана баялаг бүтээж байна тэр газрын орон нутгийг дэмжиж ажиллахгүй бол болохгүй. Ингэхгүй бол орон нутаг хөгжихгүй байна. Өнөөдөр 100 мянга гаруй тонн алтаа улсад тушаасан Заамар зөв замаар явсан бол хөгжих байлаа. Эрх зүйн зохицуулалтыг хийж өгөхгүй бол Заамарын хувь заяаг л давтана, бусад нь" гэж ярилаа. 

УЛСЫН ТӨСВӨӨС ХҮРТЭЛ ХӨСӨР ХАЯГДЖЭЭ 

Хэлэлцүүлгийн үеэр нутгийн иргэд уул уурхайгаас татгалзаж, ногоон аймаг, ногоон сум болох хүсэлтээ байгаагаа хэлж байв. Тиймдээ ч аймгийн зүгээс өнгөрсөн хугацаанд хууль зөрчсөн 97 тусгай лицензийг цуцлах саналыг холбогдох газарт нь хүргэсэн ч түүнээс ердөө зургааг нь хүчингүй болгож, бусад нь өнөөдөр ямар нэгэн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Харин нутгийн иргэдийн зүгээс Заамар сумыг улсын төсвөөс хөсөр хаягдсан гэдгийг тодотгож байсан юм.

Энэ талаар Төв аймгийн Заамар сумын Засаг даргын орлогч "Заамар сум улсын төсвөөс хаягдсан. Зам ч байхгүй хоцорсон. Заамар сумын нутаг дэвсгэрт алтны нөөц байхгүй байсан бол аялал жуулчлалыг хөгжүүлэх байлаа. Бүхэл бүтэн таван гол уул уурхайн золиос болсон. Усаа хүртэл худалдаж авч байна шүү дээ. Гэтэл дахин хоёр лиценз олгож байна. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй" хэмээн ярьж байсан юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.9.90.53) 2019 оны 12 сарын 18

Төв аймаг эзэнгүй болсон шүү дээ. Улс төрчид Та нарыг сонгуульд ашиглаад орхиж байгаа. Тэд баяжсан та нар ядуурсан. Төв аймагт албан тушаалын наймаа, газрын наймаа цэцэглэсэн. Энэ бол 2004 оноос эхтэй. 60 тэрбумын наймаа Төв аймагт хэрэгжсэн гэдэгт би эргэлздэггүй.

0  |  0
Зочин(202.55.188.91) 2019 оны 12 сарын 16

Алт ч яамай. Манай Тѳв аймгийнхан эмэгтэй хүний омойг домкратны ишээр тѳнхдѳг хэвээрээ юү? Тэр талаараа мэргэжлийн улс даа.

0  |  0
Zochin(66.181.161.108) 2019 оны 11 сарын 05

Tov aimgiin zasag darga Batjargal, ITX darga Enhbat oorsdoo alt uhdag shunalt ninjanyyd, zaamriig uhahaar Erdenesiin ereg geh company hvrtel bguulsan

0  |  0
Иргэн(66.181.176.65) 2019 оны 11 сарын 05

ЭНЭ ДАРГА НАР ӨДИЙ ОЛОН ЖИЛ ДУУГҮЙ ЯВЧААД СОНГУУЛЬ ОЙРТОХООР ХУДЛАА ЧУХАЛ ЦАРАЙЛААД Л БААХАН ХУРАЛ ЦУГЛААН ХИЙЖ, ГЭНЭТ ХАЙРТАЙ ДУРТАЙ БОЛООД Л... ТУУЗ ХАЙЧЛААД Л....ИЧИХ БУЛЧИРХАЙ ГЭЖ ЭДЭНД ЗАЯАГААГҮЙ ЮМ БАЙХ ДАА.........ТӨВ АЙМАГИЙНХАН ДАХИН ДАХИН СОНГООД Л.... ГОЁО ГОЁ......

0  |  0
Иргэн(66.181.176.65) 2019 оны 11 сарын 05

ЭНЭ ДАРГА НАР ХИЧНЭЭН ОЛОН ЖИЛ ДУУГҮЙ ЯВЖ БАЙГААД СОНГУУЛЬ ОЙРТОХООР ТӨРӨЛ АРИЛЖИЖ , \nСОНИН ХАЧИН ХУРАЛ ЦУГЛААН ИХ ХИЙЖ, ХАЙР ЗАРЛАААД БАЙХИЙМ ДАА.. ТӨВ АЙМАГИЙНХАН ДАХИН СОНГОХ БАЙХ Л ДАА.......КККККККККККККККККККК !!!!!!

0  |  0
Top