Улаанбаатар 381: ТЭДНИЙ бэлэглэсэн БИДНИЙ хот

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

“Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар” өнөөдөр 381 настайгаа золгож байна. Яг 381 настай юу гэдэг нь түүхийн үүднээс авч үзвэл эргэлзээтэй. Айлсан суусан монгол түмэн хот айл болж хотожсон түүх гэвэл гарцаа байхгүй социалист бүтээн байгуулалтын бааз болж байсан тэр он жилүүд билээ. Нүүдэг хот гэж байдаггүй ч 380 гэдэг тоон жаазаар нь үзвэл бид нүүдэг хотоос суудаг хот хүртлээ энэ л цаг хугацааг туулан иржээ. Гаднын ихэнх хотууд өөрсдийн цус, хөлс, нулимсаар хотоо бүтээсэн бол “Үйлсийн сайхан жаргалын наран” болсон бидний хотыг хаяа нийлсэн улсуудын хандив тусламж, социалист лагерийн мөнгөн далайн хаялгаар бүтээн босгосон нь нуух аргагүй үнэн. Тэдний бэлэглэсэн бидний хот чухам хаанаас энэ хүрэв ээ?

Нүүдэг хотын чимээ

Өнөө бидний Улаанбаатар гэж нэрлэсэн энэ газар нутгийн тухай Монголын нууц товчоонд Хэрэйдийн ван хан Тоорилын өргөө гэдгээр хэдэнтээ дурдсан нь бий. Христ шүтлэгтэй энэ овог аймаг өнөөгийн Алтан тэвшийн хөндий байх магадлалтай гэж ихэнх судлаачид үздэг.

Гэхдээ Алтан тэвшийн хөндийд ирэхээс өмнө бид ургамал сайтай газар, ус сайтай нутаг бараадан отог толгойлогчийн унжлагаас зууран эсгий гэртэйгээ нүүдэг байжээ. Чухамдаа Их Монгол улсаас Юань гүрэн рүү өртөөлсөн их гүрний түүх дуусахын алдад нийслэл гэгдэж байсан Хар Хорумыг Мин улсын нүргээн хоёронтоо галдсаны дараа бид нүүдэг хот болсон юм. Чингисээс хойш нэгдэж чадаагүй монголчууд өөрсдийн суусан газраа сүм орон барих болсон ч суурин соёлтой гаднынхан шиг хот айл болон айлсан суусан нь үгүй билээ.

Богдоо дагадаг хүмүүс

Дэгсдүүлж яривал Ази тивийг бараг тэр чигт нь эрхшээсэн Манж Чин гүрэн Монголыг бүхэлд нь өөрийн далбаан дор нэгтгэхэд өнөөгийн бидний эзэн сууж буй Ар Монгол айхтар шашинжсан улс байлаа. Угтаа тухайн үед тархай бутархай, талцаж муудалцсан монголыг нэгтгэх ганц зүйл нь шашин байсан байж болох талтай. Угтаа яг энэ шалтгаанаас үүдэн 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүүг анхдугаар Богд Жавзундамба хутагтаар өргөмжлөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур гэдэг газар Өргөө болон айлсжээ. Товчхондоо Богдоо даган хүрээлэн орших хэдэн гэрийн айлсал ингэж бүрдсэн түүхтэй. Тухайн үедээ Эрдэнэ зуу хийдийн доторх мөнхийн галтай Баруун өргөөг нүүлгэж, Занабазарын өргөөтэй нэгдүүлэн Ширээт цагаан нууранд ирсэн гэх домогтой юм. Нүүлгэж ирсэн баруун өргөө нь төрийн гал голомтын бэлгэдэл байсан гэдэг. Төр, шашин хоёрыг ижилсүүлэн нийлүүлснээр нийслэл хот гэх ойлголт үүсэн бий болжээ гэж тайлж болох талтай. Богдоо дагасан бидний өвөг дээдэс маань Орхон, Тамир, Туул голын хөндий дагуу нийтдээ 29 удаа нүүжээ.

Алтан тэвшдээ айлсан суусан нь

Богдынхоо салхин дор 29 удаа нүүж суусан бидний өвөг дээдэс 1778 онд Туул-Сэлбэ голын бэлчир болсон Алтан тэвшийн хөндийд дөрвөн уулын тэх голд нь нүүдэллэн ирж, суурьшсан билээ. Энэ оноос хойш тоолбол өнөө бид нийслэл хотынхоо 241 жилийг тэмдэглэж байгаа юм. Тухайн цаг үедээ суурин суусан газраа бид Их Хүрээ гэж нэрлэсэн билээ. Энд суурьших болсон нь олон учир шалтгаантай. Үүнээс Манж амбан Сэцэн хан болон Түшээт хан хоёр аймгийг нэгтгэн хариуцах болсонтой холбоотойгоор суурин суух шаардлага үүссэн тул бид Их хүрээг байгуулсан аж. Түүнчлэн анхны шашны сургууль гэгдэх “Цаниг” 1760-аад оны сүүлээр байгуулагдсан тул шашны сургуулийг зорих хүмүүс айлсахаас өөр арга байсангүй. Чухам дээрх хоёр шалтгаанаар бидний нийслэл үүсжээ. Зарим эх сурвалж, түүхэн баримтыг сөхөн харвал 1787 онд оросын анхны цайны пүүс байгуулагджээ. Энэ баримтыг харвал бидний хотоор “Цайны зам” дайрч өнгөрдөг гэж харахаар байна.  Их Хүрээ байгуулагдсан эхний 20 жилийн дотор 70 гаруй суурин сүм, дуган байгуулагдсан юм. Үүнээс хамгийн том нь болох Гандантэгчэнлин хийд 1809 онд байгуулагдсан түүхтэй.  Хүрээний хүн ам, худалдаа наймаа өргөжин тэлэхийн хэрээр тухайн үед Манж Чин гүрний харьяат улс байсны хувьд 1861 онд Хаант Орос улс консулын газар байгуулсан билээ. Энэ орчмыг бидний өвөг дээдэс консулын гэж нэрлэсэн нь одоо ч хэвээрээ дуудагдаж байна. Нүүдэг хотоос суудаг хотын түүхийг 1600, 1700-аад оноос биш 1861 оноос эхлэн тооцож болох юм.

Хожмоо “Азийн цагаан дагина” гэж нэрлэгдсэн бидний нийслэл ийнхүү “Улаан Орос”-ын тусламжаар бий болсон юм.

Тэдний дурсгасан хот

Бидний хотыг өнөөдөр эх орончдын шүлсээ үсчүүлэн дайрдаг, яснаасаа дургүй гэх хятадууд загварласан юм. Өдгөө бид дипломат харилцаа тогтоосон 70 жилээ тэмдэглэж байгаа дипломат харилцааны түүх хятадын өгсөн дурсгалаар эхэлсэн билээ. БНХАУ улсаа тунхагласнаас хойш хамгийн анх дипломат харилцаа тогтоосон монголчууд бид 1949 оноос хойш Улсын их дэлгүүр, Энх тайвны гүүр, Спортын ордон, Нэгдүгээр сургууль, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг олон арван барилга байгууламжийг дурсгал болгон авчээ. Элч гэрлийг түгээх эхийг тавьсан ч өнөө цагт зул нь үлдээгүй Нэгдүгээр цахилгаан станцыг ч мөн тэд бэлэглэсэн. Тэр ч бүү хэл хотын иргэн гэж цээжээ дэлдэн, амандаа “Битлз” аялдаг хүмүүсийн бахархах дуртай 50 мянган хавтгай дөрвөлжин метр сууцыг ч мөн тэд бидэнд бэлэглэсэн юм.

Нэгэн цагт Халх голын дайнд буун дуу гаргаж, Монгол Улсын хил рүү халдан довтолсон Япон цэргүүдийн оролцоо ч багагүй. Чухамдаа олзны япон цэрэг байгаагүй бол өнөөгийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны байр, Төрийн ордон, Дуурийн театр зэрэг чухал барилга баригдахгүй байлаа.

Хятад, Зөвлөлтийн удирдлагууд хоорондоо муудалцсан шүлс нь монголд үсэрч улмаар “сайн ах” болсон Зөвлөлтийн даалгавраар Хятадтайгаа харилцаагаа тасалж барилга дурсгасан хятад ажилчдыг нэг дор хөөж туун гаргасан билээ. Яг энэ цаг мөчтэй давхцан Монгол Улсын нутаг дэвсгэрт Хятадын аюулаас хамгаалах гэх сүржин хаягтайгаар 100 орчим хүнтэй арми орж ирсэн юм. Ингэж өчигдөр нь Хятадын гараар бүтсэн хот өнөөдөр нь Оросын гараар бүтэх хувь зохиолтой болсон билээ. Феодал, империализмаас сэргийлэх, үндэсний үзлийг гаргахгүй байх зорилгоор тортогтой нүүрийг нь будаж цагаан нөмрөг өмсүүлэхээр Зөвлөлт ах нар ханцуй шамлан орсон юм. 3, 4 дүгээр хороолол, Сансар, 15-р хороолол, Ажилчны район, Найрамдлын район, 10 дугаар хороолол чухамдаа зөвлөлтийнхний хүч нөлөөгөөр л боссон. Өнөөгийн бидний сайн мэдэх таван давхар угсармал барилга буюу “Хрущевская”-нууд энэ л цаг үед босож хот гэж нэрлэх боломжтой болсон юм. Монгол бол Зөвлөлтийн дагуул болсон улс учраас гадна талаасаа бүх зүйл өөгүй сайхан харагдах ёстой. Хожмоо “Азийн цагаан дагина” гэж нэрлэгдсэн бидний нийслэл ийнхүү “Улаан Орос”-ын тусламжаар бий болсон юм. Социалист лагерийн дээвэр бүхэлдээ нуран унасны дараа л “өр”, “авлага” гэж тооцсон болохоос биш Зөвлөлтийн тусламж байгаагүй бол бид “хот” гэж нэрлэх аргагүй л суух байсан биз.

Жич: БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийг баталсан Улсын анхдугаар их хурал, 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар Нийслэл хүрээг БНМАУ-ын нийслэл хот хэмээн зарлаж дорно дахинаа ардын хувьсгалын оч нөлөөг дэлгэрүүлэхийн бэлгэ тэмдэг болгон нэрийг Улаанбаатар хот хэмээн тогтоожээ.

Утаатай, түгжрэлтэй гэж шүлсээ үсчүүлэн хараадаг ч тэдний бэлэглэсэн хотоо хаяад нүүх аргагүй болчихсон улс. Үгүй ядахнээ бид 30 жилээр зээлж авсан орон сууцтай, хөрс, усны бохирдолтой гэх ч 0.7 гагаар нь өмчилсөн газартай, арай эрх мэдэлтэй нь энд тэнд нэг бус нэжгээд объекттой болчихсон байна.

Хүний юманд хүн ширүүн

Өнөө бид энэ хотдоо эзэн сууж энэ барилгыг нураая, тэнд шинэ юм барья, миний газар, чиний газар, миний бургас, чиний бургас, би дарга, чи цэрэг гэж муудалцаад байгаа болохоос Улаанбаатар үнэндээ бидний ч юм биш. Сүүлийн 100 жилд урд, хойд хөршийнхөө ач гавьяа, хандив тусламжаар өнөө цагийн өнгө төрхөө олж авсан бид ардчилсан нийгэмд шилжсэн сүүлийн 30 жилдээ даанч ширүүн хандсан. Эзэн нь гэнэт гараад явчихсан бидэнд үлдсэн хэдэн өмчийг бид үрэн таран хийгээд дуусжээ. Нэгэн цагт намын өмчид орж явсан барилга байгууламжууд одоо хэн нэгэн улс төрчийн, нам дагасан хэдэн хүний “халаасанд” орсон болохоос биш хяналт, харьяа гэдэг юм байлгүйгээр өдийг хүрсэн нь нүцгэн үнэн. Ард кино театр, Нацагдоржийн гудамж, Төв бассейн, Түлэнхийн төв, Гутлын үйлдвэр, Шохойн үйлдвэр, Нэгдүгээр цахилгаан станц бүгд алга. Өмнө нь хүний дурсгасан гудамжийг ч өнөөдөр Парис, Сөүл, Намъянжү зэрэг чамин гадаад нэрээр солиод байна.

Одоо л нээлттэй болов уу гэсэн шиг сүүлийн 30 жилийн турш бид хөзөр тарааж байгаа юм шиг тэдний дурсгасан хотыг үрэн таран хийгээд дуусжээ. Үрэн таран хийж, “таван гарт тэнцүү хуваасан” Улаанбаатараа хаяад нүүе гэхнээ даанч болохгүй. Эбэгийн цоллосон “Хар хорум” руу нүүе гэвэл тэнд Эрдэнэ зуугаас өөр юу ч үгүй. Тулга ерөнхийлөгчийн тооцоолсон “Майдар” хот руу нүүе гэвэл цаасаар хийсэн макетаас өөр юм үгүй. Өөр тийшээ нүүе гэвэл дэд бүтэцгүй. Утаатай, түгжрэлтэй гэж шүлсээ үсчүүлэн хараадаг ч тэдний бэлэглэсэн хотоо хаяад нүүх аргагүй болчихсон улс. Үгүй ядахнээ бид 30 жилээр зээлж авсан орон сууцтай, хөрс, усны бохирдолтой гэх ч 0.7 гагаар нь өмчилсөн газартай, арай эрх мэдэлтэй нь энд тэнд нэг бус нэжгээд объекттой болчихсон байна. Шүлсээ үсчүүлэн хараахын оронд гудамж талбайгаа тордон, байгаа хэдэн түүхээ нураачихгүй, дахиад мөнгөтэй нэгэнд нь бэлэг болгоод өгчихгүй байх нь л чухал.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(192.82.76.63) 2020 оны 10 сарын 29

220 мянгат бас монголын анхны бүрэн цутгамал байр

0  |  0
газар (66.181.166.134) 2020 оны 10 сарын 29

0.7 га биш 0,07 га ш дээ. Энэ хоёр тооны хооронд асар их зөрүү бий. тоо мэддэггүй эргүү сэтгүүлчид

1  |  0
Онч(192.82.68.232) 2020 оны 10 сарын 29

Түүх өгүүлсэн ,судалгаатай, боломжийн сайхан нийтлэл байна. КОНСУЛЫН ДЭНЖ- ийг одоо Жуков гэж ярьдаг болсон байна лээ.

0  |  0
96(202.179.27.22) 2020 оны 10 сарын 29

Улаан коммунизмын өнгөөр нэрлэсэн энэ хоторхуу юм чинь 96 жилийн настай л юм байна. Ийм залуухан бөйж тийм их бохирдсоныг үхэр монголчууд гэдэг африкийн араатан шиг амьтад болох коммунизмын үлдэгдлүүдийн хийж байгаа тэнэг үйлдэл.

1  |  0
Иргэн(64.119.27.146) 2020 оны 10 сарын 29

Нийслэлд шинээр томилогдсон дарга нараа та нарын хийх тулгамдсан ажлууд чинь Одон тараах айл өрх шалгаруулах ажил биш баймаар энэ шахмал түлш болохгүй байна маш олон хүн угаартаж эмнэлэг хүргэгдэн байна өдөр болгон 00 зогсолт хийж авто машин явахаа болилоо энэ ард иргэдээ яаж ажил төрөлтэй амьдрал ахуйг харж үзэх юм бэ ажилгүй ордоггүй байна нийтийн тээврийн асуудалаа шийдчихэж чаддагүй юмуу гэх мэтчилэн асуудал өдөр тутмын хэрэгцээ байна

1  |  0
эгэл(103.212.116.133) 2020 оны 10 сарын 29

эргүү амьтан вэ Монгол хүн Их хүрээ бий болгоход оролцоогүй хажуунаас нь хараад сууж байсан мэтээр бич гэж орос троллууд чамд мөнгө өгч л дээ оросууд шиг Монгол хүнийг адгийн амьтан мэтээр бичдэг газар хорвоод оросоос өөр газар алга .Гэтэл азгүйзаяа гэгч энэ амьтан уухайн тас шүүрч авч бичжээ Монголоос минь далдар зэвүүн новш вэ чи хаанахын уснаас ууж байгаагаа ч мэдэхгүй л дээ тэр оростоо очиж улыг нь долоож амьдар

0  |  1
Top