ЯПОН: Усанд автсан суман галт тэрэг ДОХИО өгч байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

-Хагибис гэдэг үг нь филиппин хэлээр “хурд” гэсэн утгатай-

Энэ жилийн 19 дэх удаагийн гэх тодотгол авсан Хагибис далайн хар салхины үеэр Японы тэнгэр нил ягаан өнгөөр будагдав. Энэ үзэгдэл гайхамшигтай атлаа аймшигтай. Байгаль эх япончуудад аймшигт гамшиг, аюулын дохио өгсөн нь энэ.

Сүүлийн 60 жилд тохиож буй асар хүчтэй далайн Хагибис хар салхины улмаас хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 74 хүн амиа алдаж, 12 хүн ор сураггүй алга болж, 200 гаруй хүн бэртэж гэмтээд байна. Зарим үед хурд нь 216 км/ц хүрч байсан хар салхи тус улсын найман мужаар дайран гарч, Нагано, Сайтама, Мияги, Фукушима, Канагава, Шизуока мужууд хамгийн их хохирол амсав.

Мияги мужийн Марумори тосгон хар салхинд хамгийн хүчтэй өртсөн бөгөөд хоёр хоногт тэнд 600 мм хур тунадас оржээ. Тус тосгонд гурван мянга гаруй айл өрх өнөө хэр усгүй, 1600 айл өрх гэрэл цахилгаангүй байна. Интернет, холбоо ажиллахгүй хэвээр. Аврагчид байшин бүрийн гадаа зарим тохиолдолд завиар очиж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, тусламж үзүүлж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын зарим нутгаар хоёр хоногийн дотор 1.5-2 сарын хэмжээний хур тунадас оржээ. 52 голын хамгаалалтын далан 73 хэсэгт нурж, 16 мужийн 181 гол эргээс хальж гарчээ. Нийт 10 мянга гаруй байшин усанд автаж, 19 мужийн газар нутгийн 170 газарт хөрсний гулгалт үүссэн байна. Одоогоор 13 мужийн 110 мянган айл өрх усан хангамжгүй, 34 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Үүнээс өмнө 520 мянган айл өрх ус, гэрэл цахилгаангүй байна гэж бүртгэгдэж байв. Гамшгийн үр дагаврыг арилгахаар Японы өөрийгөө батлан хамгаалах армийн 110 мянган алба хаагч, гал сөнөөгч, цагдаа ажиллаж байна.

Өнгөрсөн бямба гарагт хар салхи Хоншю аралд хүрэх үед Токио хотод 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Усанд автсан суман галт тэрэг эрсдэлийн дохио өгч байна

Токио хотоос баруун хойд зүгт орших Нагано хотод усанд автсан суман галт тэрэгний эгнээ байгалийн гамшгийн өмнө орчин үеийн техник, технологи хүчин мөхөс гэдгийг юу юунаас тод илтгэв.

Японы технологийн дэвшил, жижиг зүйлд хүртэл нягт, нарийн ханддаг байдал нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй түгшүүртэй үед улам бүр өсөн нэмэгдэж буй эрсдэлийг даван гарч чадахгүйг зарим үед харуулж байна. Энэ нь хөнөөлт газар хөдлөлт, цунами, галт уулын байнгын аюултай байнга нүүр тулж, бараг дасал болсон Японд аюулгүй байдал ямар хуурмаг, хэврэг ойлголт гэдгийг баталж байна гэж шинжээчид өгүүлжээ.

Японы цаг агаарын байдал өнөөг хүртэл харьцангуй зөөлөн байсан гэж Токиогийн их сургуулийн гамшгийн шинжээч, профессор Тошитака Катада онцлоод ийм өдрүүд ард хоцорч, олон арван жилийн туршид хуримтлуулсан мэдээлэлд тулгуурласан Японы гамшгийн бэлэн байдал цаг үетэй нийцэхгүй гэдгийг илтгэж байна гэж дүгнэжээ. 

Хүмүүс өөрсдийн аюулгүй байдалд хэт итгэлтэй байх үед хохирлын хэмжээ улам бүр нэмэгддэг гэж профессор Катада тайлбарлажээ.

Цаг агаарын байдал улам бүр эрс тэс болж, ширүүсэж буй өнөө үед засгийн газар ч тэр, байгууллага, хүмүүс байгалийн гамшгийн бэлэн байдлаа дахин нэг эргэж харах ёстой.

Хэд хэдэн мужид хөрсний гулгалт үүсгэж, хойд зүгт Номхон далайг чиглэсэн хар салхи болж өнгөрөөд дөрөв хонож байхад эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Нагано, Фукушима, Мияги болон төв, хойд бүсийн мужид амиа алдсан хүний тоо өсөн нэмэгдэж, олон хүн ор сураггүй алга болж, 200 гаруй хүн гэмтэж бэртээд байна.

Нагано хотноо тус бүр 12 вагоноос бүрдсэн дор хаяж 10 суман галт тэрэг усанд автан зогссон гэж “East Japan Railway” компанийн хэвлэлийн төлөөлөгч Южи Ишикава мэдээлжээ. Эдгээрийн нийт үнэ 32.8 тэрбум иен буюу 300 сая ам.доллароор үнэлэгдэж байна. Нүүлгэн шилжүүлэх үүрэг хэрэгжиж байсан ч тодорхой мэдээлэл байсангүй. Цахилгаан төхөөрөмжүүд бүрэн эвдэрсэн тухай тэрбээр өгүүлжээ.

Эрдэмтэд ирэх жилүүдэд далайн хар салхины давтамж нэмэгдэж, цаг агаарын байдал улам эрс тэс болно гэж анхааруулсаар байна. Байгалийн гамшиг, ялангуяа хөрсний гулгалт, үерээс үүдэлтэй хохирол Японы олон нийт, бизнес, нийтийн дэд бүтэц ширүүн аадар бороо болон орон сууц, барилга байгууламж барихдаа тооцоолоогүй тэр нөхцөл байдалд хэр их эмзэг буйг харуулав.

Стэнфордын их сургуулийн Вудс байгаль орчны дээд сургуулийн захирал Крис Филдийн хэлснээр,  цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ илүү оновчтой болж байгаа хэдий ч хар салхины чиглэл, байгалийн гамшгийн учруулж болзошгүй хор хохирлыг тооцоолоход өнөө хэр хүндрэлтэй байгаа. Далайн хар салхинд өртөмтгий бүс нутагт анхааруулахад ирээдүйд хар салхины хүч улам бүр нэмэгдэж, ширүүснэ гэж тэрбээр сэрэмжлүүлжээ. Филдийн хэлснээр, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөгөөр далайн хар салхи улам бүр ширүүсэж буй бодит байдлыг ойлгож, үүнд хариу үйлдэл хийх нь чухал байна. Үүний сацуу байгалийн гамшгийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд оруулж буй хөрөнгө оруулалтыг хэзээ хэзээнээс илүү нэмэгдүүлэх шаардлага бий.

Япон улс хуучирсан, зохих ёсоор нь арчлаагүй дэд бүтцийн хямралд аль хэдийн орсон. Японы засгийн газар хонгил, гүүр болон бусад байгууламжийг газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт тэсвэртэй тэр стандартад нийцүүлэн шинэчлэхэд санхүүгийн болон ажлын хүчний асуудалтай тулгардаг. Хамгийн гол нь урьдчилан сэрэмжлүүлэх системийг сайжруулах, илүү том хэмжээний  хамгаалалтын далан, хана босгох, байгалийн эрсдэл өндөр бүсээс ард иргэдийг нүүлгэх зайлшгүй шаардлагатай байна гэж Филд болон бусад шинжээчид зөвлөж байна.

Нагано зэрэг бүсэд урьд цагийн харьцангуй хор хохирол бага үерт тохируулан барьсан үерийн далан сэтэрч, амины орон сууц, тариалангийн талбай усанд автав.

Японы эрх баригчид олон хоногийн өмнө шуурхай хэвлэлийн бага хурал зарлаж, хүчтэй хар салхины улмаас хөрсний гулгалт үүсэж болзошгүй гэж ирж буй байгалийн гамшгийн аюул, эрсдэлийн талаар эртнээс маш тодорхой анхааруулж байсан. “Өөрсдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг авна уу” гэж олон нийтийн NHK телевиз дахин дахин сэрэмжлүүлж байв.

Мияги мужид ачааны тэрэгнүүд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нүүн шилжихийг шаардан эргэлдэж, аюулын дохио хангинаж, ухаалаг утсаар нүүлгэн шилжүүлэх тухай мессеж, захидлаар зогсоо зайгүй бөмбөгдөж байжээ. Гэтэл нүүлгэн шилжүүлэх тухай сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хэдэн сая хүнд зориулан гаргасан ч маш цөөн буюу хэдхэн арван мянган хүн л үүнд анхаарлаа хандуулж, ач холбогдол өгчээ.

Тиймээс япончууд байгалийн гамшгийн эрсдэлд илүү хянамгай хандаж, засгийн газар нь өөрсдийг нь авран хамгаална гэхээсээ илүү өөрсдийнхөө бэлэн байдлыг дээшлүүлэх шаардлагатай байна гэж шинжээчид дүгнэжээ. Япон улс байгалийн гамшгаас хамгаалах үүднээс Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон тооны далан, хаалт, шуудуу барьж байгуулсан байдаг гэж Тохоку их сургуулийн гамшгийн шинжээч, профессор Хироаки Маруя дурджээ. Гэвч дэд бүтцийг шинэчлэн бэхжүүлэхэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардлагатай. Магадгүй олон арван жил хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шаардлагагүй байсан ч байгалийн гамшгаас дайжих нь илүү найдвартай.

Өнөөдөр бид далайн хар салхи гэх үзэгдэлтэй дараалан нүүр тулж байгаа бөгөөд олон арван жил усанд автаагүй, найдвартай гэж итгэж байсан газрууд эрсдэлтэй нүүр тулж байна. Энэ бол ноцтой асуудал. Тиймээс амьд үлдэхийн тулд аюулаас өөрөө л зугтах, дайжих хэрэгтэй гэж Маруя зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.122) 2019 оны 10 сарын 19

Манай урвагчид буцаад монголын иргэн болох хүсэлтээ өгч эхэлсэн гэнэ.ха ха

0  |  0
Зочин(202.55.188.88) 2019 оны 10 сарын 18

Ишшш, боломжтой бол туслахсан. Бид ч мѳн ѳчнѳѳн тѳчнѳѳн тусламжийг нь авсан даа. Хэцүү юмаа.

0  |  0
Top