Цөм хөтөлбөрийн үндэсний хэлэлцүүлэг монгол хүний суурь хүмүүжлийг онцлов

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Боловсролын сайн жишээ Финяланд

Дэлхийн 140 орныг боловсролын түвшингөөрөө тэргүүлэгч Финляндын боловсролын тогтолцооны талаар Америкийн кино найруулагч Рожер Мор 2015 онд баримтат кино хийжээ. Найруулагч Р.Мор Финляндын ахлах ангийн сурагчдаас “Сайн сурахын тулд гэрийн даалгаварт хэдэн цаг зарцуулдаг вэ” гэж асуусан байна. Учир нь Р.Морын охин нь Америкийн ахлах сургуульд сурдаг бөгөөд өдөрт гэртээ 4 цаг хичээл давтдаг байна. Гэтэл Финлянд хүүхдүүд гэртээ огт хичээл давтдаггүй бөгөөд зарим нь 15 минутыг зарцуулдаг тухайгаа хэлжээ. Гэтэл Финлянд хүүхдүүд бүгд дөрвөн хэлтэй, нийгмийн болон шинжлэх ухааны хичээлүүддээ өндөр үнэлгээ авдаг байна. Финляндын бага ангийн хүүхдүүдэд гэрийн даалгавар гэсэн ойлголт байдаггүй гэнэ.

Финляндын сургалтын тогтолцоо нь хүүхэд эхлээд “хүн” болох ёстой гэж үздэг ба хичээлээ сонирхолтой байдлаар заадаг ажээ. Жишээ нь, дөрөвдүгээр ангийн хүүхэд өдөрт заавал 1.5 цаг гадаа тоглох учиртай. Тоглох явцдаа хичээлээ сурдаг юм байна. 

Финляндын энэхүү сонирхолтой жишээг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил 2019.03.01-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй “Бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн үндэсний хэлэлцүүлэг”-ийн үеэр ярьсан юм. Тэрбээр үргэлжлүүлэн Финляндад ажиллах үеэр болсон сонирхолтой яриаг сонирхуулсан. Ц.Мөнх-Оргил гишүүнд Финляндын Боловсролын яамны мэргэжилтэн “Самбар дээр хичээл заах шиг амархан зүйл байхгүй. Харин тоглоомоор дамжуулж хичээл заах хэцүү. Тэгэхийн тулд бид багш нараа бэлтгэдэг. Багш нартаа их мөнгө зарцуулдаг” гэж хэлсэн байна.

Тиймээс Финляндын элсэлтийн шалгалтын үеэр багшийн сургуулийн нэг хуваарьт 40 хүн өрсөлддөг байна. Энэ улсад багш мэргэжлийн үнэ цэнийг өндөрт байлгахад анхаарч ирсэн тул хамгийн сайн сурлагатай хүүхдүүд нь багшийн сургуульд ордог болжээ. Үндсэндээ тухайн хичээлийн ерөнхий хөтөлбөрийг яамнаас батлах бол хичээлээ хэрхэн заах нь багшийн чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлээс шалтгаалдаг юм байна. Ингэснээр сурагчид мэдлэг чадвар өндөртэй, ухамсартай, нийгмийн манлайлагч бүхий жинхэнэ финлянд хүн болж төлөвшдөг ажээ.

Гишүүний сонирхолтой жишээг “Бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн үндэсний хэлэлцүүлэг”-т оролцож буй багш нар дэмжиж байлаа. Багш нар монгол хүүхдүүдийн хичээлийн ачаалал өндөр болохыг батлахын зэрэгцээ багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг чухал саналуудыг хэлж байв.

Ё.Баатарбилэг: Цөм хөтөлбөрөө сайжруулах замаар асуудлыг шийднэ

Улс орны хөгжил боловсролоосоо, боловсрол нь багшаасаа шалтгаалдаг болохыг багш нэр онцлоод багш, сурагчдын ачааллыг бууруулахад чиглэсэн ажлууд хийхийг энэ үеэр хэлж байлаа. Тухайлбал, Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн “2а” ангийн багш М.Ариунзаяа “Би 6 настны анхны 16 бүлгийн туршилт дээр ажиллаж байсан туршлагатай багш. Хүүхэд сургуульд орохын өмнө бэлтгэл хөтөлбөрийг дамждаг. Бэлтгэл хөтөлбөрийг боловсролын цөм хөтөлбөртэй уялдуулах шаардлагатай байна. Мөн ачааллаас шалтгаалан багш нар хүүхэд бүхэнд хүрч ажиллах цаг хомс байгаа тул сурах бичигт хүүхэд бие дааж суралцах дасгал ажлуудыг нэмэгдүүлж өгмөөр байна. Түүнчлэн бага ангийн хувьд олимпиадыг бүхэлд нь болиулмаар байна. Олимпиад байгаа учраас багш нар өрсөлдөөндөө анхаараад зарим хүүхдийн сургалтыг орхигдуулах тал байна” гэсэн юм.

Үндсэндээ багш нар бага багаар сургалтын системээ сайжруулж, багш нартаа хөгжих цагийг нь гаргаж өгч, орчин үеийн монгол хүнийг хүмүүжүүлэх аргачлалыг хамтдаа бий болгохыг хүсч байгаагаа хэлж байсан юм. Багш нарын санал зөвлөмжийг сонссоныхоо дараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Улсын хэмжээнд ажиллаж буй сургуулиудын төлөөлөл болсон туршлагатай багш нараас ирүүлж байгаа саналаас харахад цөм хөтөлбөрийн нөлөөгөөр багш нарын болон сурагчдын ачаалал нэмэгдсэн байна. Нийгмийн зүгээс ч шүүмжлэх боллоо. Бидний тооцож байгаагаар багш нартайгаа хамтран хэдэн чиглэлээр зөвлөмж гарна. Сурах бичиг болгоноор зөвлөмж гаргана. Ингэснээр агуулгын давхардал, тухайн ангид тохирч байгаа эсэхийг тогтоох юм. Сурагчдын ачаалал нэмэгдсэнээс хүүхэд хичээлээ ойлгохоо больж, сонирхол нь буурдаг. Тэгэхээр сурагчдыг хичээлдээ дуртай байлгах чиглэлд анхаарал хандуулах цаг болсон. Ялангуяа бага, дунд ангид ачаалал их байгааг эргэж харна.

Багшийн үнэлгээний системийн асуудал яригдаж байна. Багш нарын хөтөлдөг олон бичиг, цасны ажлыг нэгтгэх шаардлага гарч байна. Багш өөрийн заах аргыг сайжруулах, сурагчиддаа хичээлээ хэрхэн сонирхолтой байдлаар заах тал дээр анхаарлаа хандуулах ёстой байтал цаас боловсруулахад цагаа зарцуулж байгааг өөрчлөх хэрэгтэй.

Энэ жилээс эхлээд багш бэлтгэж байгаа мэргэжил сонголтыг эргэж харах болно. Нийгмийн ухаан, байгалийн ухааны цогц хичээлийг заах чиглэлээр багшийг бэлтгэхгүй бол дагнасан чиглэлээр багш бэлтгэж байгаа нь зөрүү үүсгэж байна. Орон нутагт багш дутагдалтай байгаа нь хичээлийг цогцоор нь заадаг багшийн хэрэгцээг тодорхойлж байгаа юм.

Өнөөдөр бүх сурах бичгийг солих боломжгүй. Гэхдээ сайжруулж болно. Түүнчлэн цөм хөтөлбөрөө өөрчлөхгүй. Цөм хөтөлбөр хэрэгжээд зургаа дахь жилдээ явж байна. Энэ хугацаанд сурагчдын ачаалал тасралтгүй нэмэгдэж байгаа ч их, дээд сургуульд элсэж байгаа хүүхдүүдийн чанар буураад байна. Үүний шалтгааныг тогтоох ёстой. Үнэхээр цөм хөтөлбөр дээр эргэж харах учиртай зүйлүүд байгаа нь тодорхой байна. Одоо байгаа хөтөлбөрөө сайжруулах замаар асуудлыг шийдэх болно” гэсэн юм.

Ийнхүү 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот, 21 аймгийн төлөөлөл бүхий 10-аас дээш жил ажилласан туршлагатай багш нар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн хүрээнд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн тохирц, агуулгын залгамж холбоо, давхардлыг судалж, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалт, багш, сурагчдын ачааллыг бууруулах чиглэлээр зөвлөмж гаргах бөгөөд зөвлөмжийг Боловсролын тухай багц хуулийн шинэчлэл болон яамны бодлого шийдвэрт тусгаж ажиллахаа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар илэрхийлж байв.

Учир нь бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрт сайн тал олон байгаа ч засаж сайжруулах асуудлууд байгааг хэлэлцүүлгээс харж болохоор байлаа. Тиймээс хэлэлцүүлгийн үр дүнд цөм хөтөлбөр нь цаг үеэ даган улам боловсронгуй болж, нийгэм, эдийн засаг, эрхзүйн орчны шинэчлэлтэй уялдсан, багш бэлтгэх тогтолцоо сайжирсан, багш, сурагчдын ачаалал буурсан жинхэнэ монгол хүний суурь боловсролыг олгох сайн хөтөлбөр болон хэрэгжихэд томоохон ахиц авчирна гэдэгт салбарынхан итгэлтэй байлаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unenhuu(192.82.65.141) 2019 оны 03 сарын 07

Bolobsroliin baigyyllagyyd ydirlagyydiinhaa saaliin unee bolson

0  |  0
Багш(66.181.161.21) 2019 оны 03 сарын 05

Худлаа сүржигнэж бас л мөнгө идэж, ууж байгаа биз дээ. Дээд байгууллагад мэргэжлийн хүн хэн байна. Мягмар гэж авгай цэцэрлэгийн л хүн ш дээ. Тэр бага боловсролыг мэднэ гэж үү. Яам гэж дандаа мэргэжлийн бус гарууд

0  |  0
11-11(64.119.21.53) 2019 оны 03 сарын 04

Huuhdee surguuld surgasan etseg ehchuuded uramshuulal olgoj ireeduin

0  |  0
z(64.119.21.53) 2019 оны 03 сарын 04

Eronhii bolovsroliin surguulias n olgomoor

0  |  0
Top