Дэлхийн тэргүүн баян Анант Амбанигийн хуримын өмнөх ёслолын тухай БҮГД

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 06

 

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбанигийн хуримын өмнөх ёслол дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад цор ганц Ази хүн болон бичигдсэн Мукеш Амбани отгон хүүгийнхээ хуримын ёслолын өмнөх үдэшлэгт хэр хэмжээний хөрөнгө зарсныг сонирхуулъя. Анхааруулж хэлэхэд энэ бүхэн ердөө эхлэл. Учир нь хуримын ёслол үүнээс ч илүү сүр дуулиантай болж өнгөрөх болно. 

 

 

Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбани болон түүний сүйт бүсгүй Радика Мерчант нарын хурим ирэх 7 дугаар сард болно. Харин энэ удаагийн хуримын ёслолын өмнөх үдэшлэг Амбанигийн 750 акр талбай бүхий эзэмшил газарт 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй зохион байгуулагджээ.

Гуравдугаар сарын 1-3-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү ёслолд Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтс, Мета компанийн тэргүүн Марк Зукерберг, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын охин Иванка Трамп зэрэг дэлхийн нөлөө бүхий эрхмүүд оролцжээ. Ирсэн зочид Анант Амбанигийн 3000 акр талбай бүхий Вантара амьтан хамгаалах төвд ширэнгэн ойн сэдэвт хувцастай зочилжээ. 

 

 

Мета корпорацийн тэргүүн Мак Зукерберг энгийн даруу хувцасладгаараа алдартай нэгэн. Харин тэрээр энэ удаа 7000 ам.долларын үнэ бүхий Александр МакКуин брэндийн хувцасаар гоёсон бол түүний гэргий Приссилла Чан мөн тус брэндийн 15.000 ам.долларын үнэ бүхий даашинзаар гоёжээ. 

Нью Йорк Таймс сонинд дурдсанаар Энэтхэг улсын жилийн дундаж цалин 2750 ам.доллар байдаг. Гэтэл 1.2 тэрбум ам.долларын ёслол хийсэн нь хэт үрэлгэн байна гэх шүүмжлэл хүртээд амжив.

 

 

Энэхүү дуулиант үдэшлэгт хүрэлцэн ирж 2 цаг үргэлжилсэн тоглолтоо хийсэн дуучин Рианна 6.3 сая ам.долларын хөлс авсан бол дуучин Экон ойролцоогоор 48 мянган ам.долларын хөлс авч үзүүлбэр үзүүлжээ. 

Тансаг зэрэглэлийн гайхалтай чимэглэл бүхий энэхүү хуримын зочдод нийт 100 гаруй шилдэг тогооч гарын хоолоороо үйлчилжээ. Тогооч нарын зардалд зохион байгуулагчид 21 сая ам.доллар төсөвлөсөн байна. 

Үдэшлэгт Болливудын А зэрэглэлийн алдартнууд мөн хүрэлцэн ирсэн. Энэтхэгт гурван Хан хэмээн нэрлэгддэг алдартнууд болох Шах Рух Хан, Аамир Хан, Салман Хан нар мөн энэхүү үдэшлэгт хүрэлцэн иржээ. Түмэн олноо хүндлэгдсэн тэднийг нэг жаазанд ч багтамгүй алдар хүндтэй хэмээн тодорхойлдог бөгөөд нэг тайзнаа гарч ирэн хамтдаа бүжиглэсэн нь цахим орчинд багагүй дуулиан дэгдээгээд байна. 

Мукеш Амбанигийн эхнэр Нита Амбани "Зөвхөн Амбани л үүнийг хийж чадна. Болливуд бүхэлдээ тайзан дээр гарч ирлээ. Мөнгө ийм л хүч чадалтай" хэмээх утга бүхий бичлэг инстаграм хуудаснаа нийтэлсэн байна. 

 

 

Мукеш Амбани хүүгийнхээ хуримд хүрэлцэн ирэх гэж буй зочдод зориулан 150 нисэх онгоц, үс засалт болон нүүр будалтын бүхэл бүтэн баг ажиллуулжээ. Ирсэн зочдодоо нарийн зааварчилгаа өгсөн тэрээр хүн бүр дээд тал нь хоёр ачаа, хосоороо ирж байгаа тохиолдолд гурван ачаатай ирэхийг хүссэн байна. Харин үүнээс илүү ачаатай ирсэн тохиолдолд хувийн нислэгт хамрагдах боломжгүй тухай сануулсан байна. 

 

 

Зочдын хувцас хэрэглэлийг угааж цэвэрлэх багийг хурдан шуурхай ажиллахаар зохион байгуулсан тэрээр зочдын угаалгад өгсөн хувцсыг 3 цагийн дотор эргүүлэн өгөхийг шаардсан тухай CNN мэдээлжээ. 

Харин The Guardian энэхүү үдэшлэгийг хуримын өмнөх ёслол гэхээсээ илүүтэй дэлхийн хамгийн баян, хамгийн хүчирхэг хүмүүсийг гайхшируулах зорилготой шоу хэмээн тодорхойлжээ. 

2018 онд Мукеш Амбаний бага охин Иша Амбанигийн хуримын ёслол болж өнгөрсөн. Энэхүү хурим 100 сая ам.долларын өртөгтэй зохион байгуулагдаж, хуримын ёслолд дуучин Бейонсе үзүүлбэр үзүүлж, жүжигчин Чопра, Ник Жонас, Хиллари Клинтон нар зочноор уригдан ирж байжээ. 

Сүйт бүсгүй үдэшлэгийн эхний өдөр Versace брэндийн 2022 онд гарсан загварын даашинзаар гоёсон бол хоёр дахь өдөр Энэтхэгийн загвар зохион бүтээгч Ashish Gupta-ийн 2024 оны шинэ загварын даашинз болон загвар зохион бүтээгч Manish Malhotra-ийн уламжлалт загварын тансаг даашинзаар гоёсон байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top