Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 01

“Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд (Японы төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжих) гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болов. 

2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр, Япон Улсын Засгийн газраас 2022 оны санхүүгийн жилд Японы төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлж буй “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” буцалтгүй тусламжийн төслийн 2 дахь жилийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ МУБИС-д зохион байгуулагдав. Уг гэрээнд Япон Улсын хэргийг түр хамаарагч Ш.Кикүма болон “All Life Line Net” ТББ-ын ерөнхийлөгч Т.Кидокоро нар гарын үсэг зурав.

Уг төслийг хэрэгжүүлэгч Японы төрийн бус байгууллага болох “All Life Line Net” нь “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийг 2022 онд хэрэгжүүлж дууссан бөгөөд тус төслийн хүрээнд дунд ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийн туршилтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлж, багш нарт зориулсан сургалт семинар зохион байгуулсан юм.

“Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн туршлагадаа суурилан, өнгөрсөн жилийн 3 дугаар сард эхэлсэн “Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

 

  • Бага ангийн сурагчдын байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох зорилгоор сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах
  • Байгалийн ухааны багш нарт зориулсан сургалт семинар зохион байгуулах
  • Байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох үйл ажиллагааг явуулах
  • Бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжуудыг бүрдүүлэх

 

“Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл” нь 2024 оны 03 дугаар сарын 20-ноос 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хэрэгжих бөгөөд төслийн санхүүжилтийн дүн 232,977 ам.доллар юм.

*Японы төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламж гэдэг нь Хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт Японы Олон Улсын хамтын ажиллагааны ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Япон Улсын засгийн газраас санхүүжилт олгодог тогтолцоо юм.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Top