Намууд оволзож эхэллээ

2024 оны 01 сарын 25

Сонгуулийн жил эхэлж, улс төрийн намууд, улстөрчид, сонгуульд нэр дэвшихээр горилогчид эгээ л “ичигсэд хөдөлнө” гэгчээр дор дороо бужигнаж эхэллээ. Өчигдрийн байдлаас харахад л том жижиггүй оволзох шинжтэй.

Нэгэн зүйл. МАН-ын гишүүд, дэмжигчдийн “Ард түмний хүч” холбооноос Боловсролын сангийн зээл, Хөгжлийн банк, ногоон автобус, “Нүүрсний” хэрэг зэрэг луйвар, булхай, дуулиант хэргүүдэд нэр холбогдсон улстөрчид, УИХ-ын гишүүд болон Засгийн газарт танхимын зарчмаар ажиллахгүй байгаа нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан гарын үсэг цуглуулах ажлыг “Шилэн” хэмээх Б.Цогтгэрэл нар “Тусгаар тогтнолын ордон”-нд эхлүүлж МАН-ын удирдлага, намын Хяналтын хороонд өргөн барихаар хөдөлж эхэллээ.  Б.Цогтгэрэл шилэн данс “ухах” “Ард түмний хүч” холбоог 2021 оны үед үүсгэж байсан билээ. 

МАН хэдийгээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг намаас хасахаар дүрэмдээ тусгасан боловч Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банк, нүүрс, ногоон автобусны гэх хэрэг зэрэгт  орооцолдсон нөхдөд ямар нэг зэм хүртээлгүй өдий болсон нь “Ард түмний хүч”-нийхнийг ийнхүү хөдөлгөөнд ороход хүргэжээ.

Хэрэв хэрэгт нэр холбогдсон гишүүдэд тодорхой арга хэмжээ авахгүй бол тэдгээр нөхдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зэрэг акц хийхээр тус хөдөлгөөнийхөн төлөвлөөд байгаа бололтой.

Энэ мэт бас бус асуудлаар МАН-ын анхан шатны байгууллагууд “түргэн жагсаал” авав уу, өчигдөр оройноос МАН-ын үүрүүдийн байрын үүдээр гишүүд нь үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг л бужигнасан тухай дуулдсан.

Нэгэн зүйл. “Цензургүй сурвалжилга”, эрэн сурвалжилсан бүтээлүүдээрээ олны танил болсон сэтгүүлч Ж.Баттуулыг АН-ын АЗХ-ны Баруун бүс хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. Ардчилсан залуучуудын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас ийм шийдвэр гаргасан байна. Олны танил, эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн шижигнэсэн залууг УИХ-д нэр дэвшүүлж болзошгүй хэмээн ойрын эх сурвалж хэлж буй. Цаашдаа ч зам нь цэвэр, нэр хүнд сайтай, ирээдүйтэй, улс төрөөр явж долингоршоогүй залуусыг эгнээндээ авч тайзны гол дүрээс буух дургүй “партизан”-уудаасаа алгуур салбал АН-ын цаашдын замд л хэрэгтэй юм даа.

Нэгэн зүйл. Эрх мэдэлтнүүдэд ашигтай, иргэдэд нэн халгаатай захирч дарангуйлсан шинжтэй шийдвэрүүдээ буцаахыг ХҮН намаас эрх баригчдад хандан шаардав. Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлэг автомашины дугаар олголт, дугаарын хязгаарлалт, шатахууны хомсдол, нийтийн тээврийн автобусны маршрутыг шинэчлэх нэрээр будилаантуулсан зэрэг асуудлаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн юм.

“Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж буй, хэлэлцэх гэж байгаа шийдвэрүүд нь урьдчилсан мэдээлэл, судалгаагаар маш дутмаг. Нийтийн тээврийн сан байгуулна гэж байгаа нь хэрэгтэй асуудал мөн боловч тухайн санд жилдээ хэдэн төгрөг хуримтлагдах боломжтойг тоогоор илэрхийлэх ёстой. Гэтэл өргөн барьсан журамд нь ямар ч тоо байхгүй. Нийслэлийн удирдах төв байгууллагад дан хуульчид биш, төрөл бүрийн, тэр дундаа санхүүгийн мэргэжилтнүүд ажиллах ёстой. Улаанбаатар хотод 730 мянган автомашины дугаарыг хязгаарлана гэж байна. Энэ нь улсын дугаарыг үнэд оруулах эрсдэлийг нэмнэ, дагаад авлига цэцэглэж мафи үүснэ, хүнд суртал бий болно. Энэ нь дугаар олгож байгаа эрх мэдэлтнүүдэд ашигтай. Төрийн албаныхны машины цэнхэр дугаарыг хязгаарлалтад оруулдаггүй. Ийм тэгш бус, захиргаадалтын шинжтэй шийдвэрүүдээ татаж ав” хэмээн ХҮН намын төлөөлөл шаардлаа. 

Нэгэн зүйл. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын нэрийг ШИНЭ нам болгож өөрчлөв. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам (ШИНЭН)-аас ирүүлсэн “намын оноосон нэрийг ШИНЭ нам болгож өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээнд тэмдэглүүлэх” тухай өргөдлийг тус хурлаар хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн, татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж бүртгэхээр шийдвэрлэжээ. ШИНЭ нам шинэхэн нэрээр сонгуулийн тулаанд ороход бэлэн болжээ.

Нэгэн зүйл. Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатараас ирүүлсэн “намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийн Улсын дээд шүүхийн хуралдааны 2018 оны 06 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлттэй давхацсанаас бусад хэсгийг хэлэлцээд холбогдох хууль, тус намын дүрэмд нийцсэн тул мөн л нэгдүгээр сарын 22-нд шинэчлэн бүртгэжээ. Дүрмээ шинэчлээд авсан ИЗНН гуравдагч хүчнийг төлөөлөн зодоглохоор бас л бэлтгэлээ базааж эхэлсэн нь энэ.

Нэгэн зүйл. Иргэн Д.Ганзориг “Их Монгол Засахуй ухаан нам” (ИМЗУН)-ыг үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан ч түүний өргөдлийг хэлэлцээд намын дүрэм нь  хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ. Тийнхүү нэг шинэ нам “төрөх” гээд амжсангүй.

Нэгэн зүйл. Б.Цогтгэрэл даргатай МҮАН-ынхан Н.Номтойбаярынх болоод байгаа МНН /Монголын ногоон нам/-тай эвсэн сонгуульд орохоор ярилцаж, “болзож  эхэлсэн. Н.Номтойбаяр албан ёсоор намын дарга болчихвол тэдний болзоо эвсэл болон өргөжих нь цаг хугацааны асуудал бөгөөд ХҮН дээр нь хүч нэмэхээр төлөвлөсөн сурагтай. Тус эвслийг улс төрийн сайн стратегич, Ерөнхий сайд асан М.Энхсайхан удирдана.

Ийнхүү сонгуулийн гараанд бэлтгэж улс төрийн намууд том, багагүй оволзож эхэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top