“Дайсан илрүүлэх” дон

2024 оны 01 сарын 18

Монголчуудад аливаа нэг зүйлээс “Дайсан олж илрүүлэх” гаж гэмээр дон байна. Сүүлийн үед, нийгмийн сүлжээ идэвхжих тусам энэ гэм улам лавшрах шинжтэй. Хоёр хүн байхад түүний нэг нь заавал “Буруу талын” дүр байхгүй бол амьдрал нэг л амтгүй шинжтэй. Эсвэл тэр “Дайсан” нь заавал хүн биш амьтан, эсвэл амьгүй зүйл байсан ч хамаагүй.

Ажил үйлс өөрийнх нь буруугаар бүтэхгүй бол өрөөл хэн нэгнийг буруутан болгон занаж байж сэтгэл амарна. Арчаа муутайхан амь зууж яваадаа нийгмээ буруутгаж, нийт олны уршгаар ийм яваа хэмээн биеэ цагаатгана. Дарга удирдлагадаа зэмлүүлбэл доод тушаалтны алдаа болгож бухна. Тэнгэр жамын аясаар хүйтэрч, дулаарахад хурмастаа зүхнэ. Цас, бороо орвол байгалиа хараана. Өөрөө үлгэргүй аашлаад үр хүүхдээ арчаагүйгээр нь дуудна. Томорвол улс орноо самарна, багахандаа айл гэрээ үймүүлнэ. Өөрөө сонгосон гишүүнээ тэнгэрээс буугаад Их Хурлын сэнтийд суусан мэт аяглана. Үгүй ядахдаа гэр бүлд аар саар бэрхшээл тохиоход нөхрийн буруу, эхнэрийн арчаагүй, эцэг эх, хадам, худын хатгаас, хүргэн, бэрийн бүтэлгүй, үр хүүхдийн үйлсгүй болгоод өөрөөсөө зайцуулна. Тийм муу зан нялх бага хүүхдээ тороод ойчиход л “Энэ муугаас боллоо” гэж газар дэвсэж “Үлгэр” үзүүлдэгээс эхтэй байж мэднэ.

Тэр буруу зан улс үндэстэнд халгаа болсон түүх ч багагүй. Бага хаадын үеийн зөрчил тэмцлийг эс дурсая гэхэд 1937 оны хэлмэгдүүлэлт байна. Тэр үед “Дайсан” илрүүлэх амархан байж. Ёстой кайфтайгаар илрүүлдэг байсан юм уу даа. Ардын дайсан гэхээсээ аятайхан эхнэртэй, хөрөнгө мөнгөтэй, мал хунар сайтай, ажилтай анхиатай, хэлтэй амтай, өөрт нь таагүй санагддаг гээд шалтаг мундахгүй. Онилж байгаад л До яамныханд мэдүүлээд “Дайснаар” тогтоогоод буудуулчихна. Эсвэл олон жилээр хориулчихна. Түүнээс хойш арай өөр бодолтой нэгнээ “Намын эсрэг суртал нэвтрүүлсэн” хэргээр хөдөө гадаа цөлүүлчихдэг байж. Хамт сууж яриулж, хөөрүүлж аваад л матчихна.

Өнөөдөр амаа олохгүй магтаж, тэнгэрт тултал хөөргөж байсан хүнээ маргааш олноороо нийлж байгаад газарт унагаж, шаварт хутгаж, дэвсэлж хаячихаад “Дайсан” тодруулсан хэмээн сэтгэлээ цатгаж, дотроо цэлмээдэг зан өдгөө ч янзаараа. “Өнөрөө сэтгүүлчгүй бол нийгэм баларлаа” л гээд нийтээрээ шахам шуугиад байсан, торны цаана суухаар нь “Тэгж л таарна, тэр цаанаа но-той” хэмээн басах. “Хулан найрагч минь ээ” л гэцгээсэн, одоо болохоор “Урвагч байсан юм бус үү, тэр чинь” хэмээн нулимах. Ажил үйлс нь өөдрөг яваа үндэсний үйлдвэрлэгчдээ хардаж, сэжиглэж байгаад нураагаад авах гэж улайрах. Хийснээ адлах, хийх гэж зүтгэснийг гоочлох. Ядаж л ганц дуу сэргээн дуулсны төлөө учир утгыг нь хэлээд зөвлөөд өгөөгүй байж “Үүх түүхийн дайсан” шахуу болгоод залуусаа загнаж, зүрхийг нь үхүүлж, урмыг нь хугалах. Энэ чинь мөнөөх муухай хэлмэгдүүлэлтээс ялгаа юун.

Өөдтэй яваа нэгнээсээ өө сэв олох гэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог юм биш үү, бараг. Нөгөө бараг генд нь байдаг “Дайсан илрүүлэх дон” нь зүгээр суулгалгүй хатгаад байдаг юм шиг.

Ийм муухай зангаасаа салахгүй бол нийгмээ өөд татах, улс гэрээ хөгжүүлэх гэдэг утгаа алдаж, тамын тогоон дотроо, шавар дундаа хий эргэсээр л байх вий. “Хоёр хүн эвтэй бол бат хүрээ мэт, Хорин хүн эвгүй бол эвдэрхий хэрэм мэт” гэж өвөг дээдэс зүгээр ч нэг хэлээгүй байх аа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.179.191) 2024 оны 01 сарын 18

ikh zuw yum bichjee , mongolcghuudyn khugjij tsetseglekh uunees mash ikh khamaaraltai . busdaas buruu khaisan gegeen tsagaan tagtaanuud l niseed baina daa\n

1  |  0
zochin(66.181.179.191) 2024 оны 01 сарын 18

ikh zuw yum bichjee , mongolcghuudyn khugjij tsetseglekh uunees mash ikh khamaaraltai . busdaas buruu khaisan gegeen tsagaan tagtaanuud l niseed baina daa\n

0  |  0
Top