Бид яаж ажил хийдэг болох вэ

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 25

Дампуурсан он жилүүдийг мартах цаг нь болоогүй юу. Монгол Улсын төрийн тогтолцоонд томоос том гажиг байгааг судлаач, шинжээчид нэгэнт тогтоосон. Гэхдээ яаж ч чадахгүй байна. Жагсаал цуглаан ч зохион байгууллаа ч хөндлөнгийн нөлөө орно. Юуны өмнө Монгол Улс үйлдвэрлэгч орон биш бөгөөд төр нь иргэндээ нэн халамжтай. Мөн уул уурхайн асар их баялагтайгаас гадна мал сүргээр баян орон. Тиймдээ ч сүүлийн 30 жилд халамж хүртээд юм уу, авлига аваад зүгээр амьдрах сонирхол давамгайлсан ийм улс орон болж хөгжсөн гэхэд болно.

Үүнийг ардчиллын гэх жилүүдэд төрийн эрхийг ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран барьж ирсэн МАН, АН хоёр бидэнд хөгжүүлж өгсөн. Аргагүй л ачтанууд. Төр нь “Та ажил хийж яах юм. Халамжаа ав, авлигаа ав. Зүгээр суугаад өгөөч” гээд байхад хэн ч гэсэн биеийн амрыг харна биз дээ.

Сүүлдээ ямар ч хөдөлмөрч хичээнгүй иргэн төрийнхөө энэ хайр халамжид дасчих шинжтэй. Зарим нь ч нэгэнт дасаа биз. Харин үүнийхээ лайг өнөөдөр бид жинхэнэ утгаараа эдэлж суугаад л хамаг учир бий. Зөвхөн Их Монгол Улсаас нааш бодож үзэхэд 800 гаруй жил дэлхийн талыг эзлэхдээ эзэлж, зарим үед бусдын эрхшээлд орж гээд нүүдлийн маягаар амьдарч иржээ. Ийн явахдаа торго дурдан хэрэгтэй бол уулгалан дайраад аваад ирнэ, амттан дарс хэрэгтэй бол аль амттантай орон руу дайраад л авчихна гэх мэтээр явж иржээ. Ногоо тарих ч хэрэг байгаагүй. Үлдсэн жилүүдэд нь “импорт” гэх нэрийн дор бусдаас зөөж идэж хэрэглэж ирсэн ийм л улс орон аж. Үүнээс хойш ардын хувьсгал ялахад хойд хөршийн бүрэн хараат болж, эрх биш нэрлэгдэж үлдэх хэд хэдэн үйлдвэр байгуулсныг үгүйсгэхгүй. Харин зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш эдгээр үйлдвэрүүд дампуурч, цөөн хэдэн нөхөд хувьчлал нэрээр өөрийн болгоод авсан. Бид яаж ажил хийж сурах вэ. Мэдээж бид ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Тэгэхээр манай эрхэм дээдсүүдийн олон арван жил ярьсан үйлдвэр эрхлэх тухай л яриад байгаа хэрэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.182.69) 2023 оны 10 сарын 25

цалин бага , хүний хөдөлмөрийг үнэлж чаддагүй улсад, улс төрд орж хулгай луйвар хийж сайхан амьдархаас өөр арга алга

1  |  0
Top