ОЛОН ӨНГӨ | Охин үрээ хайрла

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 10 сарын 13

“Радиогийн зөөлөн дуут” хэмээх яруу найрагч Б.Энхтуяа агсны бичсэн “Охин үрээ хайрла” шүлгийг мэдэхгүй хүн байхгүй. Одоо ч цээжээр уншдаг бүхэл бүтэн үе  бий.

“Охин үрээ хайрла

Омогдож загнахдаа ч хайрла!

Охин үрээ хайрла!

Ойворгон зэмлэхдээ ч хайрла!” хэмээн насаараа  айлын голомт манаж морин төвөргөөн хүлээх ирээдүйн эзэгтэй, үрсийн ээж болох охин үрээ хайрла хэмээн тэр бичсэн юм. Гэхдээ монголчууд тэгж л үрсээ хайрладаг үе цагийн дуулал юм.

Тэгвэл өнөөдөр бид охин үрээ байтугай ерөөсөө үр хүүхдээ хайрлаж чадаж байгаа сан бил үү? Хүү, охиноо тэвэрч хацрыг нь илбэх ёстой гар нь утсаа илээстэй, хүүхэдтэйгээ ярилцахын оронд цахим ертөнцөд хэн нэгний бичсэн постон дор элдэв юм эрээчиж, бусдын амьдралд хошуу дүрж, эсвэл шүлсээ үсчүүлээстэй. Үр хүүхэд нь үл хайхрах хүчирхийллийн золиос болж байгааг тоохгүй, хань ижил нь  хайр нэхэн цэцэг шиг хагдарч байхад ч ажралгүй харгис нийгмийг бүтээж, өөрөө тэр дотор нэгэн дүр болчихсон яваа нь харамсалтай.

Зах зээлийн ороо бусгаа цаг үед “Гандангийн тагтаа, траншейны хүүхэд” хоёр цөөрч байхад ч монголчууд ийм л байсан. Хэн ч хаачив, яав гэж араас нь сураг ажиг тавиагүй. Гандангийн тагтааг арабууд шонхор барих урхи тавихдаа өгөөш болгохоор атга будаагаар хууран шуудай шуудайгаар нь барьж авч явсаар цөөрсөн гашуун түүхтэй. Траншейны хүүхдүүд хүний наймаа, эд эрхтний наймааны золиос болсон уу, хаа нэгтээ хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт өртсөн үү, бүү мэд. Актлагдсан автобусыг хүртэл авлигадаад “шинэ” болгочихож байгаа төрд үүрлэсэн “баллуур”-ууд хүн амынхаа тоог зөв бүртгэдэг үү, үгүй юу мэдэхгүй. Бид ийм л байна. Энэ бүхэнтэй эвлэрэхгүйн төлөө, монголчууд  мөхөхгүйн тулд  үрсээ хайрла,  охин үрээ хайрла.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Juju (66.181.189.128) 2023 оны 10 сарын 13

Yag l unen.bugd yag yu hiigeed bn.neg l sn humuus l .uree hairlaa.haniaa hairlaj bas hundelee.humuusee.Hairiig haramgui ogoo urdee hanidaa ah duudee

0  |  0
Top