UFC: Солонгос Зомби зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

Сингапурт өчигдөр (2023.08.27) холимог тулааны UFC Fight Night 225 тэмцээн болж, гол тулаанд нь Макс Холлоуэй, Солонгос Зомби хэмээх Чан Сон Юнг нар тулалдлаа.

Гуравдугаар үед Макс хүнд цохилтоор ялалт байгуулсан. Тулааны дараа Зомби зодог тайлснаа зарласан юм.

Макс Холлоуэй “Чамтай нэгэн дэвжээнд гарах нь нэр төрийн хэрэг байлаа. Зомби, чи бол жинхэнэ эр хүн, домог. Би олон жил чамайг харсан, чи үнэхээр холимог тулааны ертөнцөд даруухан, хүндэтгэлтэй чигээрээ байсан. Тулааны жинхэнэ мастер хүн ийм л байдаг. Чи бол WEC/UFC холбооны жинхэнэ гангстер. Чам шиг эр хүн ховор болжээ. Баярлалаа. Гавьяаны амралтаа таашаалтайгаар эдэл дээ. Ах минь чиний гаргах дуу хөгжмийн анхны цомгийг чинь тэсэн ядан хүлээж байна” гэж өрсөлдөгчдөө хүндэтгэлээ илэрхийлсэн юм.
 


Чан Сон Юнг 36 настай. БНСУ-ын Пхохан хотод төрсөн ч багадаа Сөүлийн дагуул хотод нүүн иржээ. Шинэ сургууль, хороололдоо тэр дэглэлтэд өртлөө. Намхан, туранхай түүнийг бүгд дооглож, хөдөөний хөөсөн мантуу хэмээн хочилдог байв. Хэдий эсэргүүцэн тэмцэх ч хүч мөхөсдөнө.

Чан Сон Юнг тэр үеийнхээ талаар “Намайг өдөр бүр доромжилж, зоддог байлаа. Надад найз байгаагүй. Охид хүртэл намайг цохино, зодно. Тэсэхээс өөр ямар ч арга байгаагүй” гэж дурсаж байв.

Байнга зодуулах хөвгүүнийг хараад авга эгчийнх нь тэсвэр алдагджээ. Ингээд түүнийг Солонгосын хапкидо тулааны урлагийн секцэнд оруулав. Жилийн дараа Чан кикбоксингт шилжиж, удалгүй жүдо, бразил жиүжицүгээр хичээллэж эхлэв. 18 настайгаас таеквондод орж, хүнд дээрэлхүүлэхгүй эр болсон байв.
 


Холимог тулаанд ороод тэр ес дараалсан ялалтаар замналаа эхэлсэн. Америкийн тулааны ертөнцөд тэрээр 2010 онд орж ирэхдээ л шуугиан тарьсан юм. WEC 48 тэмцээнд Леонард Гарсиятай гурван үе тулалдахдаа ёстой л алалцаж, тэр үдшийн Шилдэг тулааны шагнал авлаа. Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-ийн удирдагчдад тэр таалагдаж, албан ёсны сайт дээр нь жижигхэн нийтлэл гарчээ.

Нийтлэлд “Энэ 23 настай залуугийн зодолдох стиль гайхамшигтай. Тэр хамгаалах талаар огт боддоггүй, гараа үргэлж буулгаастай. Эрүү нь онгорхой. Өрсөлдөгчийнхөө цохилтыг үл анзааран хүүхэлдэйн киноны супер баатар мэт зөвхөн урагш довтолно. Заримдаа тэр пиньят зөөлөн тоглоом мэт л хүчтэй цохилт, өшиглөлтийг өөртөө шингээх юм. Ямар ч цохилт түүнийг зовоохгүй. АНУ Солонгос Зомбиг баяртайгаар угтан авч байна” гэж бичсэн байлаа.

Чан Өмнөд Солонгосын промоушен, холбоодод тулалдаж байхдаа л Зомби нэр авсан байлаа. Тэр энэ нэрэндээ хайртай, тулаандаа The Cranberries хамтлагийн Зомби дуун дор гардаг.
 


Торон доторхи дайчин тулаан, үгээр илэрхийлэх аргагүй тэсвэр хатуужлыг нь хүндэлсэн хөгжөөн дэмжигчид түүний зодооны стилийг Зомби стиль хэмээн нэрлэсэн юм. Багийн андуудынх нь хэлснээр тэр бэлтгэл дээр ч хатуу ширүүн тулалддаг, хэнийг ч хайрладаггүй.

АНУ-д ирээд тэр Солонгос Зомби нэртэй болов. Энэ үеэсээ тэр Зомби нэрээ брэнд болгож, The Cranberries хамтлагийн “Zombie” дууны аялгуун дор гардаг болсон.

“Хүмүүст сайхан тулаан үзүүлэх нь маш чухал. Надад стиль минь таалагддаг. Миний Зомби нэр холимог тулаан дахь хамгийн шилдэг нэр. Би хэдэн ч цохилтыг дааж гаран, улам олон цохилтоор хариу барихад бэлэн” гэж тэр ярьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top