Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах ажил

2024 оны 05 сарын 03

Өглөөний сонины “Өглөөний зочин”-оор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайг урьж Нийслэлийн бүсчилсэн хөгжил болон дүүргийнх нь ажил, бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.


 

“20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ  ХЭРЭГЖИНЭ

 

-Урилга хүлээн авсанд баярлалаа. Монгол Улсын  Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж орон нутаг, нийслэлийг хэрхэн  бүсчлэн хөгжүүлэх талаар хэлэлцүүлж бүсчилсэн хөгжлийн форум хүртэл зохион байгуулсан. Нийслэлийн тухайд та ямар үзэл баримтлалтай байна вэ?

-Мэдээж, миний хувьд бүрэн дэмжиж дүүрэг дээрээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн 30 жилд хот төлөвлөлт, хотын стандарт, эрх зүйн орчин алдагдсанаас нийслэлийн хүн амын тоо 1.7 саяд хүрч хүн таатай амьдрах орчин нөхцөл алдагдан  түгжрэл, агаар, хөрсний бохирдол, гал усны гамшиг, эрх зүй, эдийн засгийн олон сөрөг үр дагавар гарах болсон. Тиймээс бодлогын, бүтцийн эрс өөрчлөлт хийж зөв зохион байгуулалт төлөвлөлтийг хэрэгжүүлэх нь өнөөгийн хойшлуулшгүй зорилт гэж үзэн “20 минутын хот” хэмээх концепцийг боловсруулсан. Энэ концепцийн утга нь нийслэлийг тэлж төвлөрлийг сааруулахын зэрэгцээ одоогийн дүүргүүдийг задалж алслагдсан цэгт нь дэд төвүүдийг олноор байгуулж  иргэд  төрийн олон талт үйлчилгээг авахад 20 минутын дотор явж хүрэх хэмжээнд ойртуулахыг хэлээд байгаа юм.

Тиймээс дэд бүтцээ эрчимтэй байгуулах, түүнд тулгуурлан жижиг дагуул хотуудыг бий болгосноор иргэд төрийн болон боловсрол, эрүүл мэнд, сургууль цэцэрлэг, банк, хууль, цагдаа, худалдаа үйлчилгээний гэх мэт олон үйлчилгээг заавал хот руу орж авах шаардлагагүй болох юм. Форумын үеэр иргэд нийслэлийн бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж олон чухал санал, санаачилгыг өрнүүлснийг онцлох нь зүйтэй байх. Тухайлбал, иргэд Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байгуулагдсан дэд төвүүдээр үйлчлүүлж  заавал хот руу орж төрийн үйлчилгээг авах шаардлагагүй болж эхэлсэн.

-Та Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, Засаг даргын орлогч, Засаг даргаар нэлээд олон жил ажиллаж байна. Сонгинохайрхан дүүрэг бол Монгол Улсын нийт хүн амын 11-12 хувь нь, нийслэлийн хүн амын 23.2 хувь нь амьдардаг хамгийн том дүүрэг. Дүүргийн бүсчилсэн хөгжил  ямар байж болох  талаар ярих уу?

-Өнгөрсөн сард болсон  форумаас гарсан шийдвэрүүд хэрэгжиж эхлээд явж байна. Ерөнхий сайд бүсчилсэн хөгжлийн уулзалтаа  анх Таван шар, Толгойт орчмын иргэдтэй уулзаж санал бодлыг сонсч “20 минутын хот” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх санааг дэвшүүлсэн. Иргэд ч талархан хүлээж авсан. Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 30-аад жилд  төвийн болон баруун аймгаас шилжин ирэгсэд ихээр төвлөрч суурьшсан, гэр хороолол ихтэй, засаг захиргааны хамгийн том нэгжтэй том дүүрэг. Гэсэн ч  сүүлийн зургаан жилд манай дүүрэгт зөөлөн дэд бүтэц сайн хөгжсөн. Тиймээс бүсчилсэн хөгжлийн хүрээндээ тухайлбал Толгойт, Баянхошуу, Өнөр гэх мэт дэд төвүүдэд төрийн байгууллагаас гадна  сургууль цэцэрлэг, эмнэлэг, соёл, үзвэр үйлчилгээ, цагдаагийн байгууллага, худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн байх ёстой. Иргэд  энэ дэд төвүүдэд  20 минутын дотор  ирж  бүх төрлийн үйлчилгээг  хангалттай хэмжээнд авчих хэмжээнд илүү сайн хөгжүүлье гэсэн зорилготой. Тухайлбал  Баянхошуу, Таван шар дэд төвд  нэг цэгийн үйлчилгээ, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаагийн газар, соёл үйлчилгээ, банк гэх мэт байгууллагууд төвлөрсөн, иргэд ч үйлчлүүлээд сурчихсан. Мөн  бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь нь зөөлөн дэд бүтэцдээ тулгуурлаад  гэр хорооллоо орон сууцжуулах явдал юм. Учир нь Баянхошуу, Толгойт руу дэд бүтэц нь шийдэгдсэн, дулааны болон цэвэр бохир усны шугамууд нь татагдсан тул барилгажих бүрэн боломжтой болсон. Зарим газарт газар чөлөөлөлт хийгдээд  эхний блок нь  баригдаж эхлээд байна.

-Сонгинохайрхан дүүрэгт сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ хэр байна, ер нь хэчнээн хороотой вэ? 

-Манай дүүрэг 43 хороотой,  үүний 30 нь гэр хороололд, 10 нь орон сууцны хороололд, гурван хороо нь орон сууц, гэр хороолол холимог. 350 мянган хүн амтай. Сүүлийн зургаан жилд  Сонгинохайрхан дүүрэг нийгмийн зөөлөн дэд бүтцүүдээ сайн шийдсэн. Цэцэрлэгүүд хангалттай баригдсан. Цэцэрлэгийн нэг анги 20-25 хүүхэдтэй, сургуулиуд ч боломжийн болж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг  2-3  сургууль бий, гэхдээ өргөтгөлүүд, шинэ сургуулиуд ч баригдаж байгаа болохоор нэг их удалгүй энэ гачаалаас гарах байх.  Сүүлийн  дөрвөн жилд  гурван томоохон эмнэлэг ашиглалтад орсон. Ингэснээр дүүргийн хэмжээнд эмнэлгийн ор 550-600-гаар нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд  иргэд сургууль, цэцэрлэгт хүүхэд оруулаад өгөөч гэдэг байсан бол одоо больсон. Үүнээс үзэхэд хүртээмж сайжирч байгаа гэж болно.

 

ХӨРСНИЙ БОХИРДЛОО  БИЕ ДААН ШИЙДЭЖ БАЙНА

 

-Сонгинохайрхан дүүрэг гэр хороолол хамгийн ихтэй, цаашид ч тэлэхгүй гэх баталгаагүй. Хөрсний бохирдлын асуудлаа бие даан шийдэж байгаа гэсэн. Гэхдээ хөрсний бохирдол, нүхэн нойл, яндангийн тоог шийдэх эцсийн гаргалгаа мэдээж орон сууцжуулах?

-Мэдээж  гэр хорооллыг орон сууцжуулж байж л эцсийн үр дүн гарна. Үүнийг манай иргэд сайн ойлгож төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг дэмжиж хамтран ажиллах хэрэгтэй. 2020 оны байдлаар Сонгинохайрхан дүүргийн 55 мянган хашааны 52 мянгад нь нүхэн нойл байсан. 2020 оны  орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох зорилт тавьсан. Үүний хүрээнд  10 мянган нүхэн нойлын лагийг хөрсөнд нь шингээлгүй соруулдаг “ЭКО нүхэн нойл”  төслийг хэрэгжүүлж байна. Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу одоо төслийн хэрэгжилт 66 хувьтай  бөгөөд ирэх намар гэхэд 100 хувь хэрэгжиж дуусна. Нэг зүйлийг хэлэхэд ЭКО нүхэн нойлтой айлуудын бохирыг жилдээ 1-2 удаа бодис цацаад соруулдаг тул хөрсөндөө шингэдэггүй, мөн үер усны үед дээш хальдаггүй давуу талтай.

-ЭКО нүхэн нойлын төсөл  давуу талтай юм байна. Бусад  дүүргүүдэд  яаж хэрэгждэг бол?

-Сонгинохайрхан дүүрэг анх удаа хэрэгжүүлж байна. Бусад дүүрэгт эхлээгүй  байгаа.

-Баянхошуунд амьдардаг нэг иргэний “одоо харанхуйгаас айхаа больсон” гэсэн үгийг сонсож байсан юм байна. Гэрэлтүүлэг, камержуулалт хэр хийгдэж байна вэ?

-2020 онд гэр хорооллын болон нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг 40 хувьтай байсан. 2024 онд гэрэлтүүлэг 95 хувьд хүрсэн. Одоо 24068 орчим гэрэл асаж байгаа. Гэр хорооллыг гэрэлтүүлэг, камертай болгох асуудал миний мөрийн хөтөлбөрт байсан. Иргэдтэй уулзаж явахад  “Бидэнд эрүүл, таатай, аюулгүй орчин л хэрэгтэй” гэж хэлдэг. Энэ ч зөв. Тиймээс иргэдийн эрүүл  аюулгүй зорчих  орц гарц, ногоон байгууламжийг хааж барьсан олон гарааш, хашаа, хайсыг буулгаж ногоон байгууламж, сагсан бөмбөгийн талбай, явган зам, дугуйн зам байгуулж гэрэлтүүлэг хангалттай хийсэн. Мөн гэр хорооллын дундах өргөн  замуудыг хатуу хучилттай болгож  магистраль төв замтай холбох ажил хийгдсэн. Өнөөдөр дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд 362 хяналтын камер ажиллаж байна. 2023 оны 12 дугаар сард Нэгдүгээр хорооллын зам дагуу болон  32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 камер суурилуулсан.

Энэ онд НОНХС-ийн хөрөнгөөр 22 камерыг 16 дугаар хороонд суурилуулахаар гүйцэтгэгч компани шалгарсан. Дүүргийн 12, 18, 25 дугаар хороодод дэвшилтэт технологи бүхий хүний дуу, царай таних камер суурилуулахаар төлөвлөж байна. Гэрэлтүүлэг, камержуулалт бол иргэдийн аюулгүй байдлын нэг баталгаа гэдэг.

 

ХОЁР ГҮҮРЭН  БАЙГУУЛАМЖ  АШИГЛАЛТАД  ОРСНООР ТҮГЖРЭЛ  БАГАСНА

 

-Дүүрэгтээ хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлаас ярих уу. Таны цахим хуудсыг харахад хороодоор явж байгаа харагддаг?

-Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их түгжирдэг, хааяа осол аваар ч гардаг хоёр газарт гүүрэн байгууламж бүхий хоёр нүхэн гарц баригдаж байгаа. Таван шарын презер, Геологийн төв лабораторийн урдах нүхэн гарцыг гуравдугаар улиралд ус зайлуулах шугамтай нь багтаан дуусгана. Чадвал эхний хэсгийг нь зургадугаар сард ашиглалтад өгөхийг зорьж байна. Саяхан 12-р сургуулийн шинэ барилга  ашиглалтад орлоо. Мөн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт Хүүүхэд залуучуудын театрын барилга баригдаж ашиглалтад орлоо. Театр Сонгинохайрхан дүүрэгт баригдах шийдвэр гарч барилгын газар чөлөөлөлт болоход иргэд идэвхтэй дэмжсэнийг онцлох нь зүйтэй болов уу. Мөн Нэгдүгээр хорооллын төвийн болон арын зам дагуух ногоон байгууламж, явган хүний болон дугуйн замын тохижилтын ажлууд 90 хувьтай байна.  Нийслэлд үерийн эрсдэлтэй 27 газрын 17 нь манай дүүрэгт бий. Тиймээс төв зам дагуу ус зайлуулах шугам хоолойг хийж байна. Энэ мэтчилэн олон бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна.

-Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй, ажиллах хүчний нөөцтэй гэдэг. Ажлын байр бий болгох, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд юу хийж байна?

-Тийм, орон нутгаас шилжин ирэгсэд олон. Улирлын чанартай түр ажлын байрыг сонирхох, эсвэл уул уурхай, хот хөдөөг хослуулан бизнес эрхлэх нь нилээд бий. Оюутан хүүхдээ бараадаж өвөлжиж байгаад хавар зундаа хөдөө гарчихдаг бас нэг хэсэг бий. Ажил идэвхийлэн хайж буй иргэд болон бичил бизнес эрхлэгчдийг байнгын ажил орлоготой байлгахад анхаарч ажилд зуучлах, зээл төсөл хөтөлбөрүүдэд хамруулах, мэргэжлийн сургалтад суулгаж мэргэжилтэй болгох зэрэг бүхий л боломжоор дэмжиж байна. Тухайлбал, НХХЯ, ЖДҮДТ, АХБ-ны төслүүдэд хамруулж  мэргэжлийн сургалтад суулгаж мэргэжил эзэмшүүлэх, бичил зээл олгох, гарааны бизнесээ эхлэхэд нь ажлын багаж хэрэгслийн дэмжлэг үзүүлсний дүнд 2023 онд дүүргийн 720 иргэн гарааны биенесээ эхлүүлж ажлын байртай болоод байна. Бичил ажлын байруудыг нэмэгдүүлэх зорилгоор  Баянхошуу Инкубатори төвдөө мэргэжлийн сургалт явуулахын зэрэгцээ “Эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих төв”, “Эмэгтэйчүүдийг дэмжих төв” байгуулсан. Өнгөрсөн хугацаанд бид хүний хөгжлийг орхигдуулснаас зарим ажлын үр дүн  харагдахгүй байсан тал бий. Тиймээс согтуу эрчүүд  эрүүлжихэд  байх ёстой гэх ойлголтыг халахын тулд Инкубатори төвдөө эрчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг, дэмждэг, урамшуулдаг байх менежментийн зохицуулалт хийж байна.

 

БОЛОВСРОЛЫН  САЛБАРТАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

 

-Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдсан Монгол-Оросын хамтарсан 162 дугаар  сургуулийн талаар мэдээлэл өгөөч, иргэд их сонирхож  хүүхдээ тэр сургуульд оруулах юмсан гэж байсан?

-Толгойтод энэ жил ашиглалтад орсон шинэ 162 дугаар сургууль нь Төрийн өмчит сургууль юм. Онцлог нь энэ жилийн нэгдүгээр ангийн таван бүлгийн бүх хичээл  нь орос хэл дээр явж байгаа. Орос багштай. Өнөөдрийн  нэгдүгээр ангийнхан 12 дугаар  анги төгстөлөө  орос  хэл дээр бүх хичээлээ үзнэ. Тэгэхээр жил бүр нэгдүгээр ангидаа ийм элсэлт авна гэсэн үг. 162 дугаар сургуулийн  нэгдүгээр ангид Сонгинохайрхан дүүргийн хамран сургах тойрогт гэр нь харьяалалтай хүүхдүүд элсэн суралцах юм. Монгол -Оросын хамтарсан сургууль гэж буй ч  англи хэлийг давхар үзээд явна.12 жилийн дараа эхний төгсөгчид орос, англи хэлтэй болж төгсөнө гэсэн үг.

-Зүүн салаанд Кембриджийн хөтөлбөртэй 151 дүгээр сургууль гэж бас бий. Сонгинохайрхан дүүрэг боловсролын салбартаа  нэлээд хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна?

-Улсын хэмжээн дэх кембриджийн хөтөлбөртэй дөрвөн сургуулийн нэг шүү дээ. Өмнө сургалтын янз бүрийн дэмжлэг хөтөлбөрүүдэд хотын төвийн сургуулиуд л хамрагддаг байсан бол одоо хотын захын, ялангуяа гэр хорооллын тойргийн сургуулиуд хамрагддаг болсон нь үнэхээр бахархмаар. Боловсролын салбарыг дэмжиж Сонгинохайрхан дүүрэгт дорвитой хөрөнгө оруулалт хийсэн УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, НИТХ-ын тэргүүлэгч Д.Сумьяабазар болон БШУЯ-ныханд дүүргийнхээ иргэдийн өмнөөс баярлалаа гэж хэлье.

Ж.Намжил

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol khuu(66.181.179.68) 2024 оны 05 сарын 05

Bayarlalaa! Duureg ungu uzemj nemj baigaad!

0  |  0
Top