Монголч эрдэмтдийн их хурал үргэлжилж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 13

Олон улсын монголч эрдэмтний их хурал Улаанбаатар хотноо наймдугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Энэ удаагийн хурал Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын Монгол судлалын холбоо, Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей нар хамтран зохион байгуулж байна. 

1959 оноос эхлэн Олон улсын монголч эрдэмтний Их хурлыг 5 жилд нэг удаа Монгол улсад тогтмол зохион байгуулж ирсэн.

Уг хуралд АНУ, БНСУ, Их Британи, Канад, Швейцарь, Норвеги болон ОХУ зэрэг 21 улсаас Монгол судлаач эрдэмтэд оролцож байгаа бөгөөд гадаад дотоодын 750 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байгаа бөгөөд жил ирэх бүр хамрах цар хүрээ өргөжин тэлж байна.

Өнөөдөр дэлхийн улс оронд монгол судлалын олон холбоо, нийгэмлэг байдаг боловч монгол судлаач эрдэмтдийг нэгтгэсэн хамгийн том байгууллага нь Олон улсын монгол судлалын холбоо юм. 

Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэстэй, хамгийн бодитой мэдээллийг дэлхий дахинд түгээдэг хүмүүс. Тиймээс энэхүү хурал нь олон улсад Монгол Улсыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top