Базсан лааз шиг болсон “Титан” шумбагч “Титаник”-аас 487 м зайд олдов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 23

АНУ-ын эргийн хамгаалалтын алба алдарт “Титаник” хөлөг руу аялахаар Атлантын далайн гүнд шумбалт хийсэн “Титан” шумбагч аппаратыг багийн гишүүдийг амиа алдсан гэж үзжээ.

Багийн гишүүд өнгөрсөн ням гарагт өндөр даралтын улмаас амиа алдсан байж магадгүй гэж үзэж байна. Одоогоор аялагчдын цогцсыг олоогүй байна. Шумбагчийн таван хэсгийг илрүүлээд байгаа бөгөөд гол хэсгийг нь хайх ажиллагаа үргэлжилж байна.

“Титаник” хөлгөөс 487 м зайд

АНУ-ын эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч, контр-адмирал Жо Могерын мэдээлснээр, шинжээчид ослын газар олдсон хэсгүүдийг хөлгийнх болохыг хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлснээр, усны хүчтэй даралтын улмаас шумбагч аппарат “базсан лааз” шиг болж, хэдэн хэсэг болж задарсан байсан ба багийн гишүүдийг амиа алдсанд тооцсон байна. Аялагчдын цогцсыг олох эсэх талаар таамаглах боломжгүй байна гэж тэрбээр онцолжээ.

Могерын ярьснаар, шумбагчийн сүүлний хэсгийг “Титаник” хөлгийн урд хэсгээс 200 м зайд олсон бол бусад хэсгүүдийг “Титаник” хөлгөөс 500 м зайд илрүүлжээ. Одоогоор зорчигчид сууж явсан бүхээг хэсгийг олоогүй байна. Зайны удирдлагатай аппарат эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

“Титаник” киног бүтээсэн нэрт найруулагч Жеймс Кэмерон энэхүү осол, 1912 онд мөсөн уултай мөргөлдөж, живсэн “Титаник” хөлгийн осолтой цочирдом ижил байгаа тухай мэдэгджээ. “Титаник” хөлгийн ахмадад мөсөн уулын тухай нэг бус удаа анхааруулж байсан ч бүхий л хурдаар явсаар мөсөн уулыг мөргөж, олон хүний амь үрэгдэж байсан. Яг тэр газар анхааруулгыг үл хайхарч, эмгэнэлт хэрэг гарчээ хэмээн Кэмерон “ABC News” сувагт ярьжээ.

Хүчил төрөгч 22-нд дуусжээ

“Титан” шумбагч энэ сарын 18-нд шумбалт хийснээс хойш хоёр орчим цагийн дараа радараас алга болж, холбоо тасарсан. Шумбагч хөлгийг эзэмшдэг “Ocean Gate” компанийг үүсгэн байгуулагч Стоктон Раш /61 настай/, Их Британийн тэрбумтан Хэмиш Хардинг /58 настай/, Пакистан гаралтай Их Британийн бизнесмен Шахзада Давуд /48 настай/, түүний хүү Сулейман /19 настай/, Францын сансрын нисэгч Поль-Анри Наржоле /77 настай/ нар хөлөгт явж байв.

АНУ-ын эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, хөлөг дэх хүчил төрөгч энэ сарын 22-нд дууссан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top