"Зэст-Өндөр" ХХК 3,9 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2023.01.16) эхэлж байна. Сонсгол нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Уг сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд өрнөнө. 

Хэлэлцүүлгийн эхэнд Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотойгоор одоогоор 3 сая орчим дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнгээр цугласан нотлох баримтаар нээлттэй сонсгол хийж байгааг Түр хорооны дарга Б.Энхбаяр тодотгов.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу өнөөдөр 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 65 гэрч оролцуулахаар дууджээ.

“Зэст-Өндөр” ХХК Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ашиглах зорилгоор 2018 оны долдугаар сарын 30-наас 2023 долдугаар сарын 30 хүртэл 813,5 сая иен буюу 18,06 тэрбум төгрөгийн зээл авчээ.

2022 оны 12 сарын байдлаар 11,44 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул анхаарал хандуулах зээлийн ангилалд багтсан байна.

Нээлттэй сонсголын үеэр 3,9 тэрбум төгрөг зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг шинжээч танилцуулсан. Үүнээс хамгийн том дүнтэй гүйлгээ нь “Заг инженеринг” ХХК-ийн хадгаламж барьцаалсан зээлийг хаах зорилгоор 3,1 тэрбум төгрөг шилжүүлсэн гэж тодотгов.

“Зэст-Өндөр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэмжаргал 2019 оны сүүлээр ажлаасаа гарсан тул өнөөдрийн нээлттэй сонсголд ирээгүй байна.  

Харин гэрчээр оролцож буй компанийн төлөөлөл шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд, "Энэ хадгаламж бидний хийхээр төлөвлөж байсан ажлын санхүүжилт" гэж “Зэст-Өндөр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэмжаргалыг төлөөлж буй “Зэст-Өндөр” ХХК-ийн Санхүүгийн газрын дарга н.Батболд мэдэгдэв.  

Үүгээр нээлттэй сонсгол түр завсарлав. Үдээс хойш 14:00 цагаас үргэлжилнэ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top