Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд эргэн ирлээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Холливудын нэрт жүжигчин Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын зургаадугаар ангид тоглохоор болжээ.

Ахмад Жек Спэрроугийн адал явдлын тухай цувралын шинэ анги таван жилийн өмнө гарч байсан билээ. “The Sun” хэвлэлийн мэдээллээр, “A Day At The Sea/Тэнгист нэг өдөр” гэх нэртэй киноны проб зураг авалт Их Британид ирэх хоёрдугаар сард эхлэх гэнэ. Төсөл одоогоор эхний шатандаа явж байгаа тул киноны найруулагчаар хэн ажиллах нь тодорхойгүй байна.

Эхний анги нь 2003 онд гарч байсан “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын таван анги нийт 4.1 тэрбум ам.долларын орлого олжээ. Жонни Депп энэ цувралд тоглосноор 240 сая ам.доллар авсан байна.

Депп энэ кинонд тоглох эсэх хувь заяа түүний хуучин эхнэр Амбер Херд түүнийг гэр бүлийн хүчирхийлэлд буруутгасны улмаас бүрхэг болсон билээ. Харин өнгөрсөн зургаадугаар сард Виржиниагийн шүүх Жоннийг буруугүй гэж үзсэн юм.

Top