Нүүрс үйлдвэрлэгчдийн орлого 900 хүртэлх хувиар өсжээ

2022 оны 11 сарын 09

Глазго хотод өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэлхийн цаг уурын удирдагчид дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, нүүрсийг "Үе шаттайгаар зогсоох" эсвэл "Үе шаттайгаар бууруулах" талаар хэлэлцсэн. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан үер, ган гачиг, хүчтэй хар салхи, шуурганд дэлхийн бөмбөрцөг нэрвэгдүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулдаг түлш сэргэн мандалтын үеийг туулж байна.

Дэлхийн нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэл хоёр дахь жилдээ дээд амжилт тогтоож, дэлхийн хамгийн том цахилгаан эрчим хүчний эх үүсвэр хэвээр байна.

Ус, цөмийн болон Оросын байгалийн хийн хомсдолыг нөхөхийн тулд Европт нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа бол шилдэг үйлдвэрлэгч Хятад дэлхийн эрчим хүчний тогтворгүй зах зээлээс өөрийгөө хамгаалахын тулд уурхайнуудынх нь нүүрсний олборлолт рекорд тогтоож байна. Шинэ уурхай, цахилгаан станцад зарцуулах хөрөнгө хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад бага байгаа ч компаниуд шинэ төслүүдэд хөрөнгө оруулалт хийсээр байгаа нь 2040 он гэхэд чулуужсан түлшний хэрэглээг зогсоох шаардлагатай гэдгийг анхааруулж буй эрдэмтдийн санааг зовоож байна.

Нүүрсний титануудын хувьд энэ жил ашигтай төдийгүй хямд, найдвартай эрчим хүчний үнэ цэнийг дэлхийд сануулах ховор, таатай боломж байлаа. Австралийн уурхайчин “Whitehaven Coal Ltd”-ийн ТУЗ-ийн дарга Марк Вайле "Нүүрстөрөгчгүйжүүлэх нь зайлшгүй шаардлагатай, гэхдээ энэ нь хариуцлагатай, зохицуулалттай явагдах ёстой бөгөөд хэдэн арван жил шаардагдах аялал" гэжээ.  

Олон улсын эрчим хүчний агентлаг 2050 он гэхэд дэлхий дахиныг утаагүй болгохын тулд 2030 он гэхэд өндөр хөгжилтэй орнуудад, 2040 он гэхэд дэлхийн бусад оронд нүүрсний цахилгаан станцуудыг устгах шаардлагатай гэж үзэж байна.

Өнгөрсөн жил бохир түлшний төгсгөлийн эхлэл байх ёстой байсан. Хэдийгээр 2019, 2020 онд хэрэглээ буурсан ч одоо бол эсрэгээрээ өсөөд байна. НҮБ-ын удирдуулсан COP26 цаг уурын бага хурлын ерөнхийлөгч Алок Шарма арваннэгдүгээр сард Глазговт уулзахдаа дэлхийн удирдагчдыг нүүрсийг түүхэнд үлдээхийг уриалсан байна. Эрэлт нэмэгдэж байгаа нь нүүрсний үнийг дээд амжилт тогтооход нөлөөлж, Ньюкасл хотын нүүрсний фьючерсийн жишиг үнэ нь тонн нь 360 орчим ам.долларт хүрсэн нь хоёр жилийн өмнөхөөс зургаа дахин өндөр байгаа юм.

Форвард хэлцлүүд одоогоор 2027 он хүртэл нэг тонн нь 260 ам.доллароос дээш ханштай байна. Хоёр жилийн өмнө нэг ч форвард хэлцэл 75 ам.долларыг давж байгаагүй. Энэ нь түүхий эдийн аварга “Glencore Plc” зэрэг уурхайчдын эхний хагаст олсон орлого бараг 900 хувиар өсөж 8.9 тэрбум ам.долларт хүрсэн нь “Starbucks Corp” эсвэл “Nike Inc”-ийн бүтэн жилийн хугацаанд олсон орлогоос ч илүү их юм. Дэлхийн топ үйлдвэрлэгч "Coal India Ltd."-ийн ашиг бараг гурав дахин өссөн байна. Дэлхийн нүүрсний талаас илүү хувийг олборлодог Хятадын компаниуд эхний хагас жилийн орлого нь хоёр дахин нэмэгдэж, нийтдээ 80 тэрбум ам.долларт хүрсэн байна. “Glencore” болон Австралид төвтэй “New Hope Corp” зэрэг уурхайчдын хувьцаа энэ жил дээд амжилт тогтоосон байна.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.92) 2022 оны 11 сарын 09

Арван жилийн өмнө монгол эрдэмтэн судлаачид нүүрс хэрэггүй нүүрс үнс болсон гээд оношлоод тогтоочихсон. Одоо нүүрсээ мартаад өөр зүйл газрын ховор элэмэнт уран газ гэх мэтийг оролдох хэрэгтэй.

0  |  0
Top