ЖДҮ: Сонгон шалгаруулалтын хороонд ТББ-ын ДӨРВӨН төлөөлөл ажиллалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

”Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах хорооны хурал-2022" боллоо. Тус хороо долоон гишүүнээс бүрдсэн бөгөөд тэдний дөрөв нь төрийн бус байгууллагын төлөөлөл байсан юм. 

Хурлаар ЖДҮГ-т ирүүлсэн 51 төслийг “ШАРК ТАНК” хэлбэрээр хэлэлцэж, энэ онд 34 төслийг 6,1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэв. 

Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсан талаар хорооны гишүүдээс тодрууллаа. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

“МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО” ТББ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.ЦОЛМОН:

-Сонгон шалгаруулах хороонд анх удаа оролцож байна. Энэ шалгаруулалт өмнөх жилүүдэд "шударга бус явагдаж байна" гэх шүүмжлэл дагуулдаг байсан. Энэ жилээс манай байгууллага хорооны гишүүнээр, шийдвэр гаргах түвшинд оролцож байна. Ингээд үзэхэд өндөр хяналт дор, шударга явагдаж байна гэж харж байна. Учир нь сүүлийн гурван жилийн хугацаанд хорооны гишүүдийн дйилэнх нь буюу долоон гишүүний дөрөв нь төрийн бус байгууллагын төлөөлөл байгаа юм. 

Өнөөдрийн шалгаруулалтад оролцож байгаа 51 төслийг харахад хүнсний ногооны чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчид илүү орж иржээ. Импортыг орлох хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх аж, ахуй нэгж нэмэгдэж байгаад баяртай байна. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ДЭД ЗАХИРАЛ Б.НАМЖИЛСҮРЭН:

-Сонгон шалгаруулалтыг дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж, хамгийн сүүлийн шатанд нь бид шийдвэр гаргах түвшний гишүүнээр ажиллаж байна. Бид 51 аж, ахуй нэгжийн төсөлтэй танилцаж, дүн тавих хариуцлагатай ажлыг хийж байна. Компаниудын төслийг ажиглахад чанар, хамгаалалт нь жилээс жилд сайжирч байгаа харагдлаа. Ширүүн өрсөлдөөн болж байна. Хорооны хурлыг цахим хуудсаар шууд дамжуулж байгаа учир нээлттэй, ил тод явагдаж байгаа гэж ойлгож болно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top