Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль - УЛС ТӨРИЙН ЭРГЭЛТИЙН ҮЕ

Админ | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

Казахстан улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэ мөчлөг эхлэх гэж байна. Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын 20-нд тус улсад Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно. Шинэ хуулийн дагуу төрийн тэргүүнийг долоон жилийн хугацаатай нэг удаа сонгох юм. Энэ нь Казахстаны улс төрийн амьдралын хувьд томоохон үйл явдал. Учир нь төрийн тэргүүн нь улсынхаа хөгжлийн чиг хандлагыг зааж, засгийн газарт даалгавар өгч, улс төрийн гадаад болон дотоодын тэргүүлэх чиглэлээ тодорхойлдог.

Энэ оны нэгдүгээр сард болсон үйл явдлын дараа Казахстаны эрх баригчид улс төрийн чиг хандлагаа өөрчилсөн. Энэ талаар төрийн тэргүүн К.Токаев “Эрх баригчид аливаа бодлогоо нийгмээс, ард түмнээс нууцалж байсан улс төрийн соёл өнгөрсөнд үлдэх ёстой. Тиймээс сонгуулийн мөчлөгт өөрчлөлт оруулж байна” гэлээ. Ингэснээр одоогийн төр засаг “Шударга Казахстан”-ыг цогцлоон бүтээх үйлсэд илүү бодитой хандаж, улс төрийн “тэмцэл”-ээс айхгүй байгааг харуулж байна гэж шинжээчид дүгнэж буй.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ

Өнөөгийн дэлхийн улс төрийн орчинд үүсээд буй үймээн самуун, тогтворгүй байдал хөгжиж буй орнуудын улс төр, эдийн засаг, төрийн тогтолцоонд нөлөөлж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Дээрх бүх хүчин зүйлийг харгалзан үзэн туршлагатай дипломатч, олон улсын нөхцөл байдлын шинжээчийн хувьд Токаев Казахстаны улс төрийн тогтолцоог эмх цэгцтэй болгохын зэрэгцээ дэлхийн нийтийн өмнө үүсээд буй сорилтыг сөрөн зогсох боломжтой хамгийн тохиромжтой мөчийг энэ үе гэж олж харжээ. Тэрбээр энэ тухайд хэлэхдээ, Өнөөдөр бид улс орон, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалах онцгой чухал зорилтын өмнө тулж ирээд байна. Төрт ёсыг улам бэхжүүлэхийн тулд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Үүнээс өөр арга байхгүй. Манай ард түмэн энх тайван, тогтвортой байдлыг бүхнээс дээгүүрт тавьж ирсэн. Орчин үеийн геополитикийн нөхцөлд бид төрт улсаа тууштай бэхжүүлж, шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай гэв.

Энэ удаагийн ээлжит бус сонгуулийн явцын нэг онцлог гэвэл өрсөлдөх чадвар болон шударга байдлын тухай юм. Манай бүс нутагт сонгуулийн шударга болон нээлттэй байдлыг ханган ажилладаг ардчилсан институцийн идэвхтэй хөгжлийн ач тус гэдэг нь харагдаж байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев олон улсын өндөр шаардлага, стандартад нийцсэн шударга сонгууль болно гэж амласан ба үүний хэд хэдэн жишээг дурдаж болно. Ирэх сонгууль тусгаар тогтносон Казахстаны түүхэн дэх хамгийн өрсөлдөөнтэй сонгууль болох гэж байна. Энэ удаад төрийн тэргүүний албан тушаалд нийт 12 нэр дэвшигч бүртгүүлсэн бол үүнээс хууль эрх зүйн шаардлага хангасан найман нэр дэвшигч цаашид үргэлжлүүлэхээр болов.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ДОЛООН ЖИЛЭЭР ХЯЗГААРЛАХ НЬ

Ерөнхийлөгчийн засаглалтай Казахстан улсын хөгжилд гол үүрэг гүйцэтгэх хүн бол төрийн тэргүүн. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу тус улсын Ерөнхийлөгчийг долоон жилийн хугацаатай нэг удаа сонгохоор болсон юм. Ингэснээр эрх мэдлийг монополчлохоос урьдчилан сэргийлэх, Ерөнхийлөгчийн хэт авторитар засаглал үүсэхээс сэргийлэх, мөн аль нэг намд улс төрийн давуу байдал үүсгэх, улс төрийн болон олигархи хүчний эрх ашгийг лоббидох боломжийг үгүй болгоно гэж эрх баригчид үзэж буй юм. Түүнчлэн төрийн тэргүүний бүрэн эрхийг хязгаарласнаар Ерөнхийлөгч сонгогдсон долоон жилийнхээ хугацаанд улс орны хөгжилд чухал хувь нэмэр оруулах стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа гэв.

Казахстаны улс төрийн тогтолцооны шинэчлэл нь төрийн тэргүүний Казахстаны ард түмэнд хандсан энэ жилийн Илгээлтийн гол зорилго байсан. Өнгөрөгч есдүгээр сард ард түмэндээ хандан хэлсэн илгээлтдээ Токаев цаашид иргэдээ “Сонсдог төр” хэмээх үзэл баримтлалыг баримталж, үндэсний зөвшилцөл, төр, нийгмийн түншлэлийг бэхжүүлнэ хэмээн мэдэгдсэн билээ. Улс орны нийгэм-улс төрийн амьдралыг орчин үетэй хөл нийлүүлэхэд чиглэсэн “Хүчтэй Ерөнхийлөгч-Нөлөөтэй Парламент-Хариуцлагатай Засгийн газар” гэсэн улс төрийн тогтолцооны шинэ томьёог санаачилсан юм.

“Ерөнхийлөгчийн шинэ тогтолцоо нь улс төрийн тогтвортой байдал, Казахстаны нийгмийн дэг журмын тогтвортой байдлыг бэхжүүлэх болно. Хуучин тогтолцоогоор сонгогдсон эрх мэдлийн төлөөллийн байгууллагууд ээлжит бус сонгуулийн мөчлөгөөр мөн шинэчлэгдэх ёстой. Мөн мажилис /парламентын доод танхим/ болон маслихат /нутгийн өөрөө удирдах төлөөллийн байгууллага/-ын бүх шатны сонгуулийг ирэх оны эхний хагаст багтаан явуулах саналтай байна. Үүний үр дүнд 2023 оны дунд үе гэхэд Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар гэсэн улс төрийн бүх үндсэн институцууд шинэчлэгдэх болно” гэж Ерөнхийлөгч Токаев хэлжээ.

Токаевын дээрх мэдэгдэл нь Казахстанд олон намын тогтолцоо, улс төрийн хүчнүүдийн өрсөлдөөнийг хөгжүүлэх, ард түмний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ардчилсан шинэчлэлүүд хэрэгжүүлж эхэлсний илрэл юм.

Тэрбээр цаашид намын тогтолцоог хөгжүүлэх боломжийг өргөжүүлэх, сонгуулийн үйл явцыг шинэчлэх, хууль сахиулах байгууллагыг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн институцийн үүргийг бэхжүүлэх, улс орны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтцийг боловсронгуй болгох, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төвлөрлийг сааруулах, мөн хямралын эсрэг нэн тэргүүний цогц арга хэмжээг хэрэгжүүлэх бодлого баримтлахаа хэлсэн юм.

Дээрх шинэчлэлүүд нь Казахстан Улсын эдийн засаг, дотоод гадаад бодлого, үзэл баримтлал, тогтвортой байдал, эрчимтэй хөгжил зэрэгт эерэг нөлөө үзүүлэх юм.

Казахстан дэлхийн хамтын нийгэмлэгт байр сууриа олж, гадаад бодлогын санаачилгаараа ялгардаг онцлогтой. Сайтар боловсруулагдсан дотоод, гадаад бодлогын ачаар Казахстан улс нь улс төр болон нийгэм, эдийн засгийн хямралд авталгүйгээр, хөгжлийн шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, дэвшил, хөгжил цэцэглэлтийн замд гарсан.

Тэгвэл ирэх долоон жил тус улсыг удирдах төрийн тэргүүний сонгууль Казахстаны улс төрийн түүхэн дэх чухал үйл явдлуудын нэг болно гэж хэлэхэд хилсдэхгүй.

Х.ДОРЖ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top