ИХ ӨГӨГДӨЛ: Дэлхийг өөрчилсөн технологи

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

Замын цаана байгаа супермаркет танай гэрт ямар хүнс дуусаж байгааг хэрхэн мэдэж, яагаад чухам тэр л хүнсийг хямдралтай үнээр санал болгодог вэ? Танд ямар шинэ цуврал кино таалагдаж буйг стриминг үйлчилгээ хэрхэн мэддэг вэ? Хариу нь их өгөгдлийн тусламжтай. Сүүлийн жилүүдэд энэ технологийн жинхэнэ үсрэлт болж байна.

Их өгөгдөл гэж юу вэ

Өнөө цагт бараг бүх интернэт үйлчилгээ хэдхэн секундийн дотор хэрэглэгчийн дуртай бараа, кино, дуу хөгжим зэрэг бүхий л төрлийн контентыг санал болгож, хүсэл, сонирхлыг таадаг болсонд гайхах зүйлгүй. Их өгөгдлийн шинжилгээгүйгээр энэ бүхэн боломжгүй. Харин энэ нь хэрхэн ажилладаг вэ?

Их өгөгдөл нь асар их хэмжээний мэдээлэл ба эдгээрийг автомат тусгай хэрэгслийн тусламжтай боловсруулж, статистик мэдээлэл цуглуулах, шийдвэр гаргах, урьдчилсан мэдээ гаргахад ашигладаг. Интернэт, мэдээллийн технологи хөгжихийн хэрээр асар их хэмжээний мэдээлэл цуглардаг. Дэлхийн мэдээллийн томоохон операторууд болох Google, Microsoft, IBM, Oracle, Amazon зэрэг нь эдгээр мэдээллийг судлах, практикт хэрэглэх боломж буйд анхаарлаа хандуулжээ. Тиймээс эдгээр оператор хэрэглэгчдийн мэдээллийг идэвхтэй цуглуулж, шинжилж, өөрсдийн үйлчилгээг сайжруулах үүднээс ашиглаж эхэлсэн байна. Ийнхүү их хэмжээний мэдээллийн шинжилгээ компаниудад үйлчлүүлэгчдийнхээ зуршил, сонирхлыг судлах, хөгжлийн стратегиа боловсруулахдаа авсан мэдээллээ ашиглах боломж нээжээ. Үүнтэй зэрэгцэн дэлхийн томоохон их сургуулиудад их өгөгдлийг судлах чиглэл бий болж, хөдөлмөрийн зах зээл дээр шинэ мэргэжилтнүүд гарч иржээ.

Хаана, хэрхэн их өгөгдлийг цуглуулдаг вэ

Их өгөгдлийг үр ашигтай ашиглахын тулд эдгээр мэдээллийг хаа нэгэн газар цуглуулж, боловсруулах шаардлага гарч ирнэ. Өдгөө их өгөгдлийн гол эх сурвалж нь хайлтын систем, нийгмийн сүлжээ, блог болон цахим худалдаа, харилцаа холбоо, хүнс, санхүүгийн технологи, хүргэлтийн үйлчилгээ, такси, стриминг үйлчилгээ эрхлэгч компаниудын мэдээлэл юм. Түүнчлэн, эрүүл мэнд, хот, цаг уур, газар зүйн статистик мэдээлэл, зүйлсийн интернэт болон цахилгаан хэрэгслийн тусламжтай их өгөгдөл бүрэлддэг байна.

Энэ бүх мэдээлэл асар хүчтэй серверийн мэдээллийн төвд хадгалагдаж, богино хугацаанд боловсруулагддаг. Үүнээс гадна их өгөгдлийг хадгалах, боловсруулахад тусгайлан бүтээсэн нээлттэй кодын үндсэн дээр Data Lake үүлэн санах ой, Hadoop болон Spark платформыг ашигладаг. Их өгөгдлийг боловсруулах үйл явцыг хялбаршуулсан хэрэгслүүд гарч ирснээр эдгээрийг хадгалах өртөг буурч, эдгээрт суурилсан судалгаа ихээхэн эрэлттэй болж байна.

Их өгөгдлийг хэрэглэх хувилбарууд

Их өгөгдлийг задлан шинжлэх боломж асар их. Их өгөгдлийг бараг бүх салбарт ашиглах боломжтой. Тухайлбал, аж үйлдвэр, худалдаа, анагаах ухаан, харилцаа холбооны салбарт өргөнөөр ашиглагдаж байна. Аж үйлдвэрийн салбарт их өгөгдлийн тусламжтай ослоос урьдчилан сэргийлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж нээгджээ. Зүйлсийн интернэт дээр суурилсан шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр тухайн компани мэдээлэл цуглуулж, улмаар тоног төхөөрөмжийнхөө ашиглалтын байдлын хянах, болзошгүй алдаа, гэмтлээс сэргийлж, үйлдвэрлэлийн үйл явцыг загварчлах, үр ашгийг нь нэмэгдүүлдэг. Тухайлбал, цөмийн болон усан цахилгаан станцын ухаалаг хянах самбарууд олон тооны мэдээлэл дээр үндэслэн бодит цаг дээр ихэнх системийн үйл ажиллагааг хянадаг. Тухайн системийн хэвийн ажиллагаанд алдаа гарсныг илрүүлмэгц хянах самбар тэр даруй дохио өгч, тухайн алдааг шуурхай засах боломж олгож байна.

Үйлдвэрлэлд их өгөгдлийг ашиглах хамгийн том давуу тал нь зардал багасгах замаар бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах явдал юм. Их өгөгдлийн тусламжтай үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийх нь эрэлт ямар байх талаар урьдчилан таамаглах боломжтой. Үүний тулд өнгөрсөн улирлуудын борлуулалт, эрэлт, зах зээлийн нөхцөл байдал, түүхий эдийн үнийн өөрчлөлт зэрэг мэдээлэлд тулгуурлана. Энэ бүх мэдээлэл нэгдсэн санд хадгалагдах ба үйлдвэрлэлд нөлөөлөх бүхий л зүйлийн талаарх ерөнхий дүр зургийг бүрдүүлдэг.

Худалдааны салбарт их өгөгдөл компаниудад үйлчлүүлэгчдийнхээ хүсэл, сонирхлыг илүү мэдэх, ложистикаа боловсронгуй болгох, борлуулалтаа илүү нарийн тооцоолоход нь тусалдаг байна.

Компаниуд хэрэглэгчдийнхээ худалдан авалтыг судалж, зүй тогтлыг нь тодорхойлсноор бүтээгдэхүүнийхээ эрэлтийг илүү нарийн тооцоолох боломжтой болдог. Эдгээр өгөгдөл дээр худалдан авагчийн тухай мэдээллийг нэмснээр худалдааны компаниуд тухайн худалдан авагчид тусгайлсан санал тавьдаг байна. Хэрэглэгчдийнхээ газар зүйн мэдээллийг судалснаар тухайн компаниуд борлуулалтын бүсээ тэлэх эсэх шийдвэр гаргаж, ложистик сүлжээг илүү нарийвчлан боловсруулдаг. Жишээ нь “Walmart” дэлхийн томоохон сүлжээ дэлгүүр их өгөгдлийн тусламжтай цахим худалдаанаас олох ашгийн хэмжээг 10 хувиас 15 хувь болтол нэмэгдүүлж чаджээ. Үүний сацуу их өгөгдлийн тусламжтай зөвлөгөөний системийг сайжруулах боломж бүрджээ. Тухайлбал, “Amazon” компанийн энэ систем өдгөө тус компанийг ашгийн гуравны нэгийг бүрдүүлж байна.

Анагаах ухааны салбарт их өгөгдлийг ашиглах болсноор эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулж байна. Их өгөгдлийг шинжилснээр эмчилгээний үр дүнг судлах, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж олгож байна. Үүнээс гадна их өгөгдлийн тусламжтай хүн амыг эрүүлжүүлэх шинэ арга боловсруулах, эмийн бүтээгдэхүүний эрэлтийг тооцоолох, халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийх боломжийг нээж байна.

Худалдааны салбарын нэгэн адил харилцаа холбооны салбарт их өгөгдлийг ашиглан хэрэглэгчдийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах, шинэ үйлчилгээ санал болгох, шинэ тариф боловсруулах, борлуулалтаа төлөвлөхөд дэвшил гарч байна. Харилцаа холбооны операторууд их өгөгдлийн томоохон эзэмшигчдийн нэг тул бусад салбарын компаниудад их өгөгдлийг шинжлэх, боловсруулах үйлчилгээ санал болгодог байна.

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top