79 нас хүрсэн Роберт Де Нирогийн тухай 9 баримт

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 18

Холливудын алдарт жүжигчин, Оскарын хошой шагналт, амьд домог Роберт Де Ниро 79 нас хүрлээ. XX зууны агуу жүжигчинд төрсөн өдрийн баярын мэнд хүргээд Зиндаа сайтаас түүний амьдралын онцлох 9 баримтыг танилцуулж байна.

1. Роберт Де Ниро Нью-Йорк хотод уран зураач, яруу найрагч Виржиния Адмирал, абстракт зураач Роберт Де Ниро нарын гэрт төржээ. Түүнийг төрөөд удаагүй байхад нь аав нь ижил хүйстэн гэдгээ эхнэртээ хэлээд гэрээсээ явсан ч хүүгээ байнга дэмжиж, тусалдаг байв. 1993 онд 71 настайдаа нас барсан аавынхаа тухай Де Ниро баримтат кино хийж, найруулсан байдаг.

2. Хэдийгээр Де Ниро Холливуд дахь итали жүжигчдийн бэлгэ тэмдэг ч үнэндээ тэр аавынхаа талаас бага зэрэг л итали гаралтай. Түүний судсаар италиас гадна ирланд, англи, франц, герман, голланд цус гүйж байгаа. Гэхдээ Де Ниро Нью-Йорк хотын Жижиг Итали дүүрэгт өссөн. Багадаа туранхай, цайвар царайтай байсан тул Бобби Милк хочтой байв.

3. Арван настайдаа анх “Оз орны илбэчин” жүжгийн аймхай арслангийн дүрд тоглоод жүжигчин болох хүсэлтэй болжээ. Зургаан жилийн дараа кино театраас гарч явахдаа найзууддаа жүжигчин болно гэж хэлээд шууд сургуулиа хаясан гэдэг. Багадаа тэр Монтгомери Клифт, Роберт Митчум, Марлон Брандо нарыг шүтдэг байв.

4. 1960 онд Брайан Де Пальмагийн нэгэн киноны туслах дүрд тоглосон тэрээр ердөө таван жилийн дараа супер од болсон байлаа. Загалмайлсан эцэг кинонд залуу Вито Корлеоногийн дүрийг бүтээж, Оскарын шагнал авсан Де Ниро Мартина Скорсезегийн “Гаозуурсан бух” киногоор хоёр дахь Оскараа авсан.

5. Де Ниро мэргэжилдээ үнэхээр өөрийгөө зориулдаг хүн. Корлеонегийн дүрд орохын тулд тэр Италийн Сицилид дөрвөн сар амьдарч, нутгийн аялгуу сурсан бол Галзуурсан бухад тоглохын тулд 17 кг жин нэмсэн, маньякийн дүрд тоглохоор хамаг шүдээ “будаа” болгоод, буцаан засуулж байсан түүхтэй.   

6. Роберт Де Ниро улс төрийн идэвхтэй. 2018 онд Ерөнхийлөгч Доналд Трампыг хатуу шүүмжилсэн. Хариуд нь Трамп түүнийг маш өчүүхэн IQ-тэй хүн гэж доромжилж байв. 2022 оны хоёрдугаар сард Де Ниро Кембрижийн их сургуулийн оюутнуудад лекц уншихдаа ОХУ-ын түрэмгийллийг эсэргүүцэж, Украиныг дэмжихийг уриалж байв.

7. Тэр найруулагчаас гадна продюсер.  Де Ниро TriBeCa Productions компанийн үүсгэн байгуулагч, кино наадам зохион байгуулагч. Нью-Йорк хотод хэд хэдэн ресторан ажиллуулдгийн нэг нь алдарт Nobu.

8. Түүнийг жүжигчний хувьд дууссан гэж сүүлийн хорин жил шүүмжилж байна. Де Ниро хямдхан тулаантай кино болон инээдмийн кинонд ч хамаагүй тоглож байгаа. Энэ талаар тэр “Би өөрийгөө кино урлагийн домог гэж боддоггүй. Юуны өмнө би жүжигчин. Тийм болохоор ямар ч дүр авсан бүтээхийг зорьдог” гэж ярьж байв.

9. Де Нирог төрсөн өдрөөр нь зургаан хүүхэд нь баярлуулж байгаа нь дамжиггүй. Энэ зургаан хүүхэд нь гурван өөр ээжтэй. Онцлог нь Де Нирогийн гурван эхнэр бүгдээрээ өнгөт арьстан. Тэр дөрвөн ачтай. “Миний кинонууд яг л хүүхдүүд шиг минь санагддаг. Гэхдээ хүүхдүүдийг 3D-гээр дахин хэвлээд мөнгө олж болохгүй нь харамсалтай” гэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top