Сэлэнгэ аймгийн 30 сургууль биологийн кабинетийн иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй боллоо

М.Тэнүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн 30 сургууль БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ИЖ БҮРЭН КАБИНЕТИЙН хэрэглэгдэхүүнтэй болж байгааг гардуулж өглөө.

Тэрээр анх "Чинбатын Ундрам" хөгжлийн сангаасаа Мандал сумын 4-р сургуульд биололгийн иж бүрэн кабинетийг нээн тохижуулж өгч байсан бөгөөд тойргийнхоо бүх сургуулийг тохижуулах зорилгоо биелүүлж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгуулж өгснөө дурьдлаа.

Биологийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү лабораторийг сургалтад ашигласнаар ирээдүйн эрүүл мэнд, ХАА, эм зүй, био-технологи, био-инженерчлэл, ой судлал, байгаль хамгаалал, амьтан судлал, хүрээлэн буй орчин судлалын чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус лабораторийг биологийн хичээлээс гадна эрүүл мэнд, биеийн тамирын хичээлүүдэд мөн ашиглах боломжтойг багш нар маань онцолж байна.

Хэрэглэгдэхүүн гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан нар оролцлоо.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийнхаа бүх сургуулийг иж бүрэн хөдөлмөр технологийн кабинеттай болгох төсвийг ирэх оны төсөвт суулгуулах болсоноо нийт багш нарт хэллээ. Ингэснээр Сэлэнгэ аймгийн ирээдүй болсон хүүхэд багачууд амьдралын ухаанд илүү их суралцах боломжтой болж байна.

2020-2021 онд Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт нэг тэрбум тавин сая төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулагджээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top