Махны үнэ тогтвортой байгаа ч иргэдийн худалдан авах чадвар мууджээ

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Үүрийн 05.00 цаг. “Хүчит шонхор” зах дээр машины бүхээг задарч, бөөний мах буух үед хотынхны хэрэглээнд ирэх ханш тогтдог. Намрын сар гарч, мал тарга тэвээрэг авсан учраас нийлүүлэлт харьцангуй сайн байгаа нь илт. Тэвш тэвшээр нь мах ачсан машинууд энд тэндгүй захын хашаа руу орох ээлж дараагаа хүлээн зогсоно. Гудамжнаасаа шууд борлуулаад буцах нэгэн ч байна. Наймаачдын дуу хадаж, махны тарган туранхайг хэлэлцэх чимээ хаа сайгүй. Нэг ёсны олон нийтийн оролцоотой хүнсний биржийн бүдүүлэг тогтолцоо ажиллаж байна. Малчны хотноос “Эмээлт”-ийн бой, улмаар “Хүчит шонхор”-оос жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд хүрдэг гол зангилаа Дэнжийн 1000-ын захад бий. Шат шатандаа өртөг нь нэмэгдэж таарна. Тэр нь хотод махны үнэ өндөр тогтох үндсэн шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, тээвэрлэх, боловсруулах шатнаас авахуулаад эцсийн хэрэглэгч хүртэлх хүнсний хангамжийн тогтолцоог махны ченжүүд хийж чадаж байна. Эцсийн бүтээгдэхүүн энэ олон шат дамжлагыг даван бэлэн болж, үнэ зах зээлийн зарчмаар тогтож байна гэсэн үг. Мэдээж, мах, махан бүтээгдэхүүний зах зээл дээр томоохон тоглогч болж, тодорхой байр сууриа эзэлчихсэн компаниудтай   Дэнжийн 1000-ын захыг зүйрлэх нь тэнэг хэрэг биз. Ачааны машины зэвэрсэн тэвшин дээр халтартсан шуудайгаар боосон гулуузыг угааж цэвэрлэсэн үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй зүйрлэсэн хэрэг.

Хүнсний ариун цэврийн талаарх ойлголт “Хүчит шонхор”-ын дэргэдэх гудамжинд огт яриг­дахгүй бөгөөд захын лан­гуун дээр гарсан тохиолдолд хол­богдох байгууллагуудын үзэм­жээр дээж авч шинжилдэг бо­лохыг худалдаачид хэлсэн. Ихэнх­дээ монгол уламжлалт ар­гаар гаргасан малын махнаас шинжилгээ авдаггүй шалтгаан нь өглөө ирсэн мах орой нь шинээрээ шахуу айлын тогоонд буцалдагтай холбоотой хэмээн тайлбарласан юм. 

Өглөөний 06.30 цагт өмнөх өдөр тогтсон махны ханш өнөөдөр өсөх үү, буурах уу гэдэг үндсэндээ шийдэгдэж байгаа бололтой. Машин дээрх худалдаа ч өндөрлөх тийшээ хандав. “Хөөе хөөе зам тавиарай, холдоорой” хэмээн тэрэг түрэх хүмүүсийн дуу зах руу чиглэн алга болно. Тус захад ирж буй махны дийлэнх хэсгийг жижиглэн худалдаа эрхлэгчид захиалаад авчихдаг аж. Өглөө эртхэн ирж хямдхан мах авахыг зорьж ирсэн иргэд ч цөөнгүй байлаа. Нэг нэгнээсээ өрсөж өнгө зүс сайтай, үнэ хямд мах авахын тулд машинаа замын голд орхин, уут саваа барин гүйлдэх нь ч харагдана. Угаас үнэ татуу, малчдын гар дээрээс хямдхан авах гэсэн хүсэл хүн бүрд байгаа биз. Үнийн хувьд хонины махны бөөндөө кг нь 7000, үхрийн мах 8500, ямааных 6800, адууны мах 8000 төгрөгийн ханштай байсан. Бас авч буй хэмжээ, зарж байгаа эзний аашнаас хамаараад дээрх үнэ дээш, доошоо кг тутамдаа 1000 төгрөгөөр хэлбэлзэнэ. Эхний асуусан газартаа эргээд ирэхэд 1000 төгрөгөөр өсгөж хэлэх нь хэвийн үзэгдэл. Малчдаас нийлүүлж буй махны үнэ “Хүчит шонхор” захын арын задгай талбайд ийм үнээр зарагдаж байна.

Тэгвэл худалдааны төв дотор орсон даруйдаа хонины ястай мах 8500-9500, хонины цул мах 10500-11000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000 төгрөг болж нэмэгдэж байна. Махны жижиглэнгийн борлуулалт хэр байгаа талаар худалдагч Ц.Долгорсүрэн махны үнэ ойрын үед харьцангуй тогтвортой байгаа ч хүмүүсийн  худалдан авах чадвар сайнгүй байгаа талаар хэллээ. Мөн урин дулаан цагт хотынхон хөдөө орон нутгаас хэрэглээний махаа татан авдаг нь борлуулалт буурахад нөлөөлдөг гэнэ. Үүнтэй зэрэгцээд “Хэтэрхий үнэтэй байна, арай дэндүү юм аа. Сарын тэтгэвэр идэх махаа ч худалдаж авахад хүрэлцэхгүй боллоо” гэх 60 эргэн насны эмээгийн дуу “Үнийг нь би тогтоогоо юу” гэх худалдагчийн дуутай хамт худалдааны төвийн заалаар нэг цуурайтлаа. Иймэрхүү маргаан өдөрт нэг байтугай нэжгээд гардаг, хэвийн л үзэгдэл  болсон талаар худалдагч эмэгтэй хуучилсан. Гэтэл мах хамгийн хямд борлуулагддаг гэх  “Хүчит шонхор” захын үнэ ханшийг томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдийнхтэй харьцуулахад тэмээ, ямаа шүү дээ.

Энэ сарын нэгэнд Нийс­лэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээг­дэхүүний үнийн судалгааг танилцуулсан. Тус мэдээлэлд хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр буурсан. Үхрийн ястай мах 63 төгрөгөөр өссөн, үхрийн цул мах 56 төгрөгөөр өссөн зэргээр мэдээлжээ. Гэвч бодит байдал дээр томоохон сүлжээ дэлгүүрүүдэд зарагдаж байгаа махны үнэ харилцан адилгүй байгаа юм. “Хүчит шонхор” зах дээр задарсан мах кг нь 6800-9000 төгрөгийн үнэтэй байсан бол Зайсангийн “Оргил” худалдааны төвд нэг кг мах 13000-15000 мянга төгрөгөөр худалдаалагдаж байх жишээтэй. Бараг бүтэн нугардаг гэсэн үг. Мөн “Миний сүлжээ” дэлгүүрт үхрийн 9000-14000 төгрөгийн ханштай байна. Тэд бүгд махныхаа шошгон дээр шинэхэн мах гэдэг тэмдэглэгээ хийжээ. Сүлжээ дэлгүүрт шинэхэн махтай тааралдах үед өдрийн 14.00 цаг тохиож байсан. “Энэ зэргийн үнийн зөрүү манайхаар үйлчлүүлж буй иргэдэд төдийлөн нөлөөлөхгүй. Манайхаар ихэнх­дээ худалдан авах чадвар сайтай хүмүүс үйлчлүүлдэг” гэх худалдааны зөвлөхийн тайлбар ард иргэдийн амьжиргааны түвшин ялгаатай байгааг тодхон илтгэнэ. Монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг мах тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүний үнэ энэ мэтээр 500-1000 төгрөгөөр нэмэгдэхэд, зарим иргэн хөл алдаж байгаа. Ялангуяа хөдөлмөр эрхлэх боломжгүй тэтгэвэр, тэтгэмжээр хоол хүнсээ залгуулдаг иргэд, ядуу бүлгийнхэн үнийн өсөлтийн шуурганд хамгийн хүчтэй цохиулдаг. Тэгвэл цар тахлын нөлөөллөөр сүүлийн нэг жилд эрчимжсэн үнийн өсөлт багахан хэмжээний орлогоо зөвхөн хүнсэндээ зарцуулдаг иргэдэд илтэд хүндээр тусах болжээ.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top