“ТОКИО-2020” Олимп болон паралимпын галт бамбарын ёслолд оролцсон монгол бүсгүй

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 28

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”.

“Токио-2020” Паралимпын  наадам эхлэхэд ердөө гуравхан хоног үлдээд байна. Японы нийслэл Токио хотноо наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд Паралимпын зуны XVI наадам  болох бөгөөд спортын 22 төрлөөр, 540 цогц медалийн төлөө 163 орны 4500 гаруй тамирчин өрсөлдөх юм.

Манай Монголын Үндэсний паралимпын хорооны 11 тамирчин , спортын зургаан ( пара жүдо, пара байт харваа, пара буудлага, пара тэквондо, пара хөнгөнатлетик, пара пауэрлифтинг)  төрөлд хурд, хүч авхаалж самбаагаа сорихоор Наран улсыг зорьсон.

“Токио-2020” Паралимпын наадмын галт бамбарын буухиа наймдугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд Японы 43 аймагт бамбарын галыг асаах ёслол нэгэн зэрэг болсон билээ. Наймдугаар сарын 24-нд Токио хотноо Олимпийн цэнгэлдэхэд бадамлан асах Паралимпын бамбарын буухиа ид үргэлжилж байна.

Яйзү хотод наймдугаар сарын 17-нд болсон “Токио-2020” паралимпын бамбарын буухианы гал асаах ёслолд Монгол хүн оролцсон сайхан үйл явдал боллоо.Тодруулбал Яйзү хотын захиргааны хамтын ажиллагааны газар олон улсын мэргэжилтнээр ажилладаг Б.Янжинлхам энэхүү ховор хүндтэй үүргийг гүйцэтгэж, эх орныхоо нэрийг гаргалаа.

Тэрбээр үүнээс өмнө “Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын галт бамбарын буухиа өнгөрөгч зургадугаар сарын 23-нд Яйзү хотод ирэхэд барианы бүсэд Монголыг сурталчлах зохион байгуулж байсан юм.

 Б.Янжинлхам нь 2016 оноос эхлэн Яйзү хотын захиргаанд үндсэн ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд Олимп, паралимптой холбоотой зохион байгуулалт, бэлтгэл, Монголын талтай хийх яриа хэлэлцээр , Монголыг сурталчлах үйл ажиллагаа, япон иргэдэд зориулсан Монгол соёл, хэлний сургалтуудыг хариуцан ажилладаг ажээ.

Дашрамд дурьдахад Яйзү хот 2015 оноос БТСУХ-той хамтран ажиллаж байгаа бөгөөд 2016 онд Монголын  чөлөөт бөхийн шигшээ баг, Пара хөнгөн атлетикийн шигшээ багтай мөн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр баг тамирчдыг хүлээн авч, Яйзү хотноо бэлтгэлийг нь хариуцан зохион байгуулж ирсэн .

Мөн 2019 онд тэквондо, “Токио-2020” олимпийн наадмын өмнө 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг хүлээн авч бэлтгэл сургуулилтыг нь зохион байгуулсан. Үүнээс гадна Чингэлтэй дүүрэгтэй спортын болон бусад салбарт хамтран ажиллах санамж бичиг, МЧБХ-той  чөлөөт бөхийн сургуулийн насны хүүхдүүдийн хамтын ажиллагаа, Софт теннисний холбоотой өсвөрийн тамирчдын хамтын ажиллагааг зохион байгуулахаар тохиролцож Яйзү хотоос сурагчид илгээх, Монголын талаас сурагчид хүлээн авах ажиллагааг явуулж байгаа аж. Зөвхөн спорт төдийгүй соёлын салбарт Монголын үндэсний урлагийн тоглолт, монгол, япон хүүхдүүдийн хамтарсан урлагийн тоглолт зэргийг зохион байгуулахаас гадна Яйзү хотдоо бэсрэг наадам, цагаан сар, шинэ жилийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна.

Монгол-Японы хооронд бас нэгэн “гүүр” болж, ялангуяа Монголын олимпийн болон бусад спортын баг тамирчдын амжилтад тодорхой хувь нэмрээ оруулж буй Янжаа маань энэ өдрүүдэд Монголын паралимпын баг тамирчдаа угтан авч, бэлтгэл сургуулилтыг нь зохион байгуулахаар завгүй гүйсээр л…

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top