Токио 2020: Б.Сэр-Од яагаад замаас гарав?

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 16

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”.

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадам “хөшгөө татаад” яг долоо хонож байна. Талын Монголын олимпийн баг, тамирчид арлын Японоос нэг  мөнгө, гурван хүрэл медаль “олзолж” сайхан амжилт гаргасан. Медаль хүртсэн тамирчид маань, олимпийн баатруудын маань ярилцлага, оролцсон нэвтрүүлэг хэвлэл мэдээллээр дүүрэн байна, энэ өдрүүдэд. Аргагүй зүй ёсных. Гэхдээ мөн ялагдсан, хожигдсон тамирчид, дасгалжуулагчдаас учир байдлыг, үнэн мөнийг тодруулж, алдаа оноондоо ямар дүгнэлт хийж буйг бас олон түмэнд хүргэх үүрэгтэй.Тиймээс “Таван цагаригийн тодруулга” энэ удаа “Токио-2020” олимпийн марафон гүйлтийн төрөлд оролцсон ч барианд орж чадалгүй замаас гарсан Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн наадамд таван удаа, ДАШТ-д есөн удаа оролцсон, Азиын марафон гүйлтийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Лондон, Берлиний марафонд топ 10-т орж байсан Бат-очирын Сэр-одын дасгалжуулагч О.Оюунтуяатай уулзан ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе! Б.Сэр-одын барианд орж чадаагүй нь тэмцээний өмнө ханиад хүрсэнтэй холбоотой гэж олон спорт сонирхогч таамаглаж байгаа. Сэр-Одын ханиад амжилтанд хэрхэн нөлөөлөв?Эсвэл өөр хүчин зүйл байв уу?

-Тамирчин хүн бүр л бэлтгэл тэмцээний аль ч үед ямар нэгэн өвчин тусахгүйг хичээж маш болгоомжтой байдаг. Бид хоёрын хувьд ч гэсэн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж аль болох өвдөхгүйг хичээж тэмцээнд уралдаандаа оролцож ирсэн. Гэхдээ л өвдөнө гэдэг хэцүү шүү дээ, хэлж ирэх биш. Тэмцээн эхлэхээс 10-аад хоногийн өмнөөс Сэр-Од хамраас жаахан шингэн нус гараад нэг л бишээ гэхэд , сандарч эхэлсэн. Авч болох бүх л арга хэмжээг авсан. Багийн эмчтэйгээ байнга холбоотой байж зөвлөлдөж байсан. Тамирчин хүн формтой буюу бие махбодь нь тэмцээнд ороход бэлэн болсон тэр торгон үедээ орсон байхад өвдөнө гэдэг маш хүнд,  хамаг бие махбодь нь сул болж тамир тэнхээгээ алддаг. Сэр-Одын хувьд шингэн нус гоожоод, маргааш нь бие нь арзайж халуураад шууд эмнэлэгт хандсан. ПСР шинжилгээг 3 янзын аргаар авсан , бүгд сөрөг гарсан. Харин хүйтнээр үлээдэг эйркондишнд цохиулж. хоолой бага зэрэг улаалттай байна гэж эмч хэлсэн. Японд хэт халалттай бүгчим халуун нөхцөлд 24 цагаар хүйтнээр үлээлгэхээс өөр аргагүй байдаг. Читосэ хотод буусан буудал нь өөрөө өрөөгөөр нь биш нийтэд нь хүйтнээр  үлээлгэдэг бууудал байсан юм.

-Ханиад хүрээд биед ядрах, сульдах өөрчлөлт оржээ. Бэлтгэлд хэр зэрэг өөрчлөлт орсон бол?

-Ядрана гээд бэлтгэлээ шууд багассан. Ханиадаа дарахын тулд халуун бүлээн юм ууж байсан болохоор биеээс энгийн үед ч маш ихээр хөлс гарч байсан. Энэ үед л хамаг юм хөлсөөр гарч тамирдаж байсан байх, өөр ямарч арга байгаагүй. Нус гоожих нь гайгүй болсон ч хамар нь  битүүрээд , бие нь арзайгаад байсан болохоор хурдхан дарья гэж бодож байсан.

 - Тэмцээн  дөхсөн байдан, тамирчин нь ханиадтай, танд дасгалжуулагчийн хувьд ямар бодол төрж байв?

-Ямарч байсан ханиадаа дараад авья л гэж хамгийн түрүүнд бодсон. 10-аад хоног үлдсэн байсан учраас бие нь сэргэчих байх гэж бодсон гэвч сэргээгүй. Халуун байсан учир гадаа ч дотор ч хөлс гараад өдөр өдрөөр бага багаар тамир тэнхээгээ алдаад л байсан. Сэр-одын оронд нь би ханиад хүрчихгүй яавдаа гэж бодож байсан. Олон улсын тэмцээн байсан бол шууд л тэмцээнээ цуцлах байсан. Энгийн хүн ч гэсэн ханиад хүрээд эдгэсний дараа бие нь сул болсон байдаг. Тамирдчихсан байхад нь биеэ зовоогоод яаж тэмцээндээ оролц, заавал гүй гэх вэ дээ. Гэтэл олимпийн наадам байдаг. Дөрвөн жилд ганц болдог олимп гэхээр яаж боль гэх вэ. Сэр-одоос өөрөөс нь асуухаар “ одоо гайгүй ээ, эхний хэдэн км хүнд байгаад гүйлт сэргэчихнэ. гүйнэ ээ ,үзнээ” гээд л байсан болохоос больё гээд халширсан, зүрхшээсэн юм огт байгаагүй. Дасгалжуулагчийн хувьд биедээ тааруулаад зөөлөн эхлээрэй гэж захисан. Зөөлөн ч эхэлсэн км явах тусам тамирдаж байсан сүүлдээ цуцалт өгсөөр байгаад хоёр гуяны урд талруу ачаалал дийлэхээ байгаад чангараад тавигдахгүй болохоор энгэрийн дугаарын сүлбээр зүүгээ аван тэнийлгэж байгаад хоёр гуяны урд талруугаа ээлжлэн хатгаж чангарсан булчинг хүчээр суллаад дахин дахин хатгаад гүйгээд байсан боловч нэмэр болоогүй. Тэгээд 32км дээр ирээд дохио зангаагаар больчих уу гэж асуусан. Би ч боль гэж хариулаад зогсоосон.

 -Ханиад хүрэхийн өмнөх бэлтгэл хэр байв?

-Бэлтгэл маш сайн байсан. Хамгийн том зорилго тавьж орсон тэмцээн гэж хэлж болно. Бэлтгэлийн хажуугаар хэдэн тэмцээнд сорил хийж оролцсон бүгдэд нь дээд амжилтаа шинэчлэн тогтоож бие махбодийн сэргэлт маш сайн байсан. Ачаалал даах чадвар өмнө өмнөх жилүүдээсээ хамаагүй сайн байсан. 14 сар ямар ч гэмтэл бэртэлгүй бэлтгэлээ хийсэн.

 -Миний хувьд Б.Сэр-одыг урьд өмнө нь марафон гүйлтийн замаа дуусгалгүй гарч байсан гэж сонсож байгаагүй юм байна. Ер ямар нэгэн тэмцээнд ийм тохиолдол гарч байсан уу?

-Б.Сэр-од нийтдээ 70 гаруй бүтэн марафонд гүйж байсан. Нэг ч удаа замаас гарч байгаагүй. Энэ бол анхны тохиолдол.

-Тэгвэл анх удаа, тэгээд Олимпийн марафоноос замаас гарахаар их л хүнд байгаа байх даа?

-Мэдээж бид хоёрын хувьд үнэхээр хэцүү байсан. Газар дээр нь байгаагүй, нүдээрээ байдлыг хараагүй болохоор хүмүүс хэцүү байжээ гээд л бодоод өнгөрнө. Гэвч үүний цаана ямар их цаг хугацаа хөлс хүч алдав , дээр нь найдлага тавьж байсан итгэл хүлээлгэн, дэмжиж туслан харж байсан маш олон хүний итгэлийг алдсандаа маш их харамсаж, сэтгэлээр унасан. Үүнийг хүн болгонд хэлж тайлбарлаад байх хэцүү. Таньд харин биднийг ойлгон, зорин ирж, нарийн бүхнийг тодруулан асууж, ярилцаж, тайвшруулж байгаад маш их баярлалаа! Японд болон бусад оронд сэтгүүлч нар нь тамирчдынхаа баярласан харамссан сэтгэгдлийг аль алиныг нь харуулахыг хичээж тамирчны гүнд байгаа зүйлийг аль болох үзэгчдэд хүргэхийг хичээдэг юм шиг санагдсан. Сэр-одын хувьд одоо болтол тэр хүнд байдлаасаа гараагүй байна. ( Энэ ярилцлагыг наймдугаар сарын 10-нд хийсэн) Ээж болон ах эгч дүү, хамаатан садан, найз нөхөд, туслаж дэмжиж ирсэн хүмүүстэйгээ ч холбогдож чадахгүй, сэтгэлээр унасан. Тэмцээний замаа дуусгаж чадсангүй гэж харамсаагүй харин хийсэн бэлтгэлийнхээ үр дүнг харж чадсангүйдээ гэж л харамсаж байна, бид хоёр.

-Мэдээж энэ олимп та хоёрын хувьд төгсгөл биш гэдэг нь ойлгомжтой. “Маргааш нар гарнаа” гэдэг шиг дараа дараагийн уралдаан тэмцээн, бэлтгэл хүлээж байгаа. Дараагийн зорилго, төлөвлөгөө юу байна? Эх орондоо харьж, амарч, сэргэлт хийх үү?

-Үгүй ээ, одоогоор эх орондоо харих болоогүй. Нагояд сэргэлтээ хийж, бэлтгэлээ үргэлжлүүлнэ.

Одоо 10, 11 дүгээр сард тэмцээнтэй. Яг одоогоор Монгол руу явах цаг нь биш байна , учир нь гадаа бэлтгэл хийхэд хүйтэрч байна , мөн хил гааль нээгдээгүй болохоор тэмцээн уралдаанд явахад асуудалтай. Чартер нислэгийн хуваарь таарахгүй гэх мэт олон шалтгаан байна. Дараагийн гол зорилго ирэх зун болох хөнгөнатлетикийн ДАШТ-д амжилттай оролцох. 2022 оны долдугаар сард АНУ-ын Орегон мужийн Южин хотноо болох ДАШТ-ий марафон гүйлтийн оролцох стандарт нь 2:11:30 цаг бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс хойшхи амжилтаар тооцно. Б.Сэр-од хоёрдугаар сард болсон Lake Biwako marathon -д 2:09:26 гүйж, ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа! Цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье!

Олимпийн тосгон, Токио. 2021.08.10

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top