Албан тушаалтнуудын хэрэг аль шатандаа явна вэ!

2021 оны 05 сарын 14

Авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргүүд ар, араасаа гардаг ч эзэн холбогдогч нь хэрхэн шийтгэгдэж, хуулийн ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй замхардаг. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн нэр нөлөө бүхий улстөрчид, төрийн хариуцлагатай алба хаагчид холбогддог. Тэгвэл сүүлийн үед хэн гэдэг эрхэм ямар хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, хэрхэн шийдвэрлэгдсэн талаар тоймлон хүргэж байна.


С.ЭРДЭНЭД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН УУ?

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт буруутгаад байсан билээ. Тодруулбал, түүнийг Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг гуравдугаар зэрэглэлийн банканд байршуулснаас 230 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, шалгаж байсан юм.

Мөн С.Эрдэнийг “Дарханы гурил тэжээл” ХК-ийн элеватортой холбоотой хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татаад байсан билээ. Учир нь, хуучин элеваторыг 3.5 тэрбум төгрөгөөр засчихаад, улсад 16 тэрбум төгрөгөөр үнэлж шахсан, эвдэрсэн элеваторын хэрэгт холбогдуулан С.Эрдэнийн охин Э.Содгэрэлээс мэдүүлэг, тайлбар авсан тухай мэдээллийн эх сурвалжууд дурьдсан байдаг.  С.Эрдэнийн охин Э.Содгэрэл “Дархан гурил тэжээл” ХК-ийн 550527 хувьцааны 152131 ширхэгийнх нь эзэмшигч гэнэт болсон нь С.Эрдэнийг буруутгах үндэслэл болсон тухай мөн эх сурвалжууд өгүүлдэг. Учир нь, түүнийг сайдаар ажиллаж байхдаа уг компанид давуу байдал бий болгосныхоо төлөө охиноо “Дархан гурил тэжээл” ХК-ийн хувьцаа эзэмшигчээр оруулсан нь яллагдагчаар татах шалтгаан болсон гэдэг. Улмаар УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах үндэслэл бүхий баримтуудыг АТГ-ынхан олж тогтоосон гэдэг. Улмаар тус газраас өнгөрсөн оны нэгдүгээр сард уг саналаа Нийслэлийн прокурорын газар хүргүүлсэн байна.

Тэгвэл С.Эрдэнийн холбогдсон дээрх хэргүүдийг Нийслэлийн прокурорын газраас хянаж хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан талаар албан бус  эх сурвалж өгүүлсэн юм.

А.АДЪЯАСҮРЭНГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХААС ТАТГАЛЗЖЭЭ

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн гишүүн.А.Адъяасүрэнгийн холбогдсон хэрэг хэдэн сарын өмнөөс хэвлэлээр бичигдэж эхэлсэн. Түүний хувьд Баянхонгор аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд авлига өгсөн хэрэгт холбогдоод байсан.  Тодруулбал, нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж байсан билээ.

Мэдээллийн эх сурвалжид дурьдсанаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн өмгөөлөгч нар Нийслэлийн прокурорын газрын  ерөнхий прокурор Ш.Нямдоржид хандаж, түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан гэнэ. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр хуулийн байгууллага хэргийг хянаад  УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгожээ.

АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН О.ЗАЯАМАНДАХААС ХЭЧНЭЭН ТӨГРӨГ ГАРГУУЛАВ

Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан О.Заяамандахыг албан тушаалаа урвуулсан үндэслэлээр яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж буй хэргийг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар хянасан байдаг. Улмаар гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч хоёрдугаар сарын 23-ны өдөр болсон билээ.

Уг хуралдаан шүүх хуралд оролцогчдын хүсэлтээр 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшилсон удаатай. Харин энэхүү хэргийг шийдвэрлэлт хэрхсэн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн О.Заяамандахаас 304 сая .40 мянган төгрөг, 152 сая 20 мянган төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн” гэлээ. Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дахь “Дипломат-95” хэмээх төрийн өмчид, ГХЯ-ны мэдэлд байсан, гадаадын ЭСЯ-ныханд зориулсан орон сууцыг 2016 онд Засгийн газраас хувьчлах тогтоол батлахдаа “Одоо эзэмшиж буй иргэдэд нь хувьчлах”-аар зааж, АСЕМ-ын дуулианы үеэр хувьд шилжүүлсэн байдаг. Уг хувьчлалыг явуулах үеэр Сангийн сайд Б.Болорын тушаалаар ажлын хэсэг байгуулж, тухайн үеийн Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газрын дарга О.Заяамандах багтсан аж. Ийнхүү ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, бусдын нэр дээр байр шилжүүлэн авч, давуу байдал бий болгосон нь АТГ-ынхны мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон гэх мэдээлэл гарч байсан юм. Дашрамд дурьдахад, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт есөн гэмт хэрэгт 515 сая 112 мянга 445  төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэмаа(103.29.144.173) 2021 оны 05 сарын 15

Хулгайл,хулгайл,бас дахин хулгайл.Монголын улс төрчдийн лоозон биз дээ

0  |  0
a(103.229.120.213) 2021 оны 05 сарын 15

bugd l hulgaich

0  |  0
Зочин (66.181.190.217) 2021 оны 05 сарын 15

Тэр үед ГЯЯ иймэрхүү бөөснүүдээр дүүрсэн гэсээн

0  |  0
Зочин(203.91.115.44) 2021 оны 05 сарын 14

Энэ авилгачин бузар авгай төрөөс зайл.

0  |  0
Amraa(103.26.194.248) 2021 оны 05 сарын 14

100000 usd hergiig heregsehgui bolgono gedeg huulidaa bish huulichidiin nud dolir bolsnii shinj ymdaa!!!

0  |  0
Зочин(66.181.181.88) 2021 оны 05 сарын 14

Хулгайч...хулгайч....хулгайч... одоо хулгайчдын өрсөлдөөнөөр төрийн эрх мэдэл шилжих болсоор 30 жилийн нүүр үзэв. Баасны чинь Ардчилал.. баас...баас...баас...

1  |  0
Бат(202.9.46.49) 2021 оны 05 сарын 14

Монгол төрд тэнэг биш л бол идэх уух гэж ордог одоо үндэсний хөрөгөтөн төрсөн хуулиа чагатгамаараа

0  |  0
Top