СОНИРХУУШТАЙ I Бөхийн орон ДАГЕСТАН-ы нууц

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Дагестан гэдэг нь түрэг хэлнээс орчуулахад “Уулын орон” гэсэн утгатай. Газар нутгийнх нь ихэнх хэсгийг өндөр уул нуруу эзэлнэ. Дагестанд маш олон үндэстэн ястан амьдардаг тул Олон хэлний орон ч гэж нэрлэх нь бий. Харин спорт сонирхогчид бидний хувьд Дагестан бол "Бөхийн орон" билээ.

Үүнд ямар ч хэтрүүлэг байхгүй. Уулынханд эрт үеэс хүчтэй бөхчүүд хүндлэгдэж ирсэн бөгөөд хүн ам бага Дагестан алдарт хүчтэнүүдийн тоогоор дэлхийн том гүрнүүдтэй эн тэнцүү өрсөлддөг билээ.

Дагестанд нэг чулуу шидэхэд спортын мастер оногдоно, хоёр чулуу шидвэл Европын аварга, атга чулуу шидвэл заавал нэг олимпын аварга таарна гэсэн хошин яриа ч бий.

Яагаад Дагестанд хүчтэй бөхчүүд их байдаг вэ?

Уулынхан генийн хувьд бөх, тулааны спортод тохирсон гэж хэлэхэд болно. Өндөр уулан дахь амьдралын хүнд нөхцөл, харийн түрэмгийлэгчидтэй хийж ирсэн байнгын дайн дажин нутгийн иргэдийг хүчтэй бие бялдар, бууж өгөхгүй дайчин чадвар, сэтгэл зүйтэй болгожээ. Дээр үед тосгон болгон өөрийгөө хамгаалах сайн дурын цэрэгжсэн ангитай байсан бөгөөд бөхийн спорт тус дайчдын бэлтгэлийн чухал хэсэг байлаа. Мөн бөх нь ард түмний хамгийн дуртай наадам тул үндэсний бүх баярын гол хэсэг нь бөхийн тэмцээн байдаг байв. Наадмын аварга бөх ард түмэнд хүндлэгдэж, тосгон, суурингууд аваргаараа бахархан, дээдэлж иржээ. Аваргуудын дунд Дагестанаас гадна дэлхий дахинд алдаршсан жинхэнэ баатрууд олон байлаа. Тэднээс хамгийн алдартай нь Сали-Сулейман нэрээр алдаршсан Мамма Махтулаев байв. Дэлхийн олон орны циркийн дэвжээнд гялалзаж байсан Мамма тэр үеийнхээ ихэнх шилдэг бөхчүүдийг ялсан хүчтэн юм. Мамма Махтулаев замналынхаа турш хүртсэн цом, цол хэргэмүүдээсээ гадна домогт Ивам Поддубныйтай тэнцэж байснаараа их бахархдаг байв. Сали-Сулейман бол дэлхийд алдаршсан анхны дагестан бөх. Түүнээс гадна Буглений уугуул Ал-Клыч Хасаев, Кикунигийн Осман Абдурахманов нарыг дурдаж болно. Тэд маш бяртайгаас гадна ур чадвартай бөхчүүд байлаа.

Сали-Сулейман

Дагестан школ

Өнгөрсөн зууны тавиад оны үед Дагестанд тулаан, бөхийн спортыг эрчимтэй хөгжүүлж эхэлжээ. Дагестан бөхчүүдийн ялалтын буухиаг эхлүүлсэн хүн бол Суракат Асиятилов бөгөөд тэрээр 1957 онд ЗХУ-ын чөлөөт бөхийн аварга болсон юм. Александр Медведь, Александр Иваницкий нар ч түүнд ялагдаж байлаа. Суракат хэзээ ч дасгалжуулагчтай байгаагүй тул түүнийг “Зэрлэг бөх” гэж нэрлэдэг байв. Түүний жишээгээр олон мянган дагестан залуус бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд Суракатаас ялгаатай нь тэд орчин үеийн спорт танхимд хичээллэх боломжтой байсан тул илүү их амжилтад хүрсэн билээ.

Суракат Асиятилов

1960-аад оны үед Дагестанд бүх нийтээр бөхөөр хичээллэж эхлэв. Чөлөөт бөхийнхөн оролцсон тэмцээн болгоноосоо медаль авдаг болж, бөхчүүд алдаршиж, залуусын шүтээн болж байв. Хот, тосгон болгонд бөхийн секц байгуулагдаж, дотооддоо байнга тэмцээн уралдаан хийдэг боллоо. Бөхчүүдийн амьдралын түвшин дээшилж,  дасгалжуулагч багшийг мэргэжлийн түвшинд бэлтгэж эхэлсэн. Энэ үед бөхийн алдартай мэргэжилтэн Владимир Крутьковский Дагестанд ажиллахаар ирлээ. Тэр бол ЗХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч байсан хүн. Владимир Крутьковский туршлагаа хуваалцаж, Дагестанд орчин үеийн бэлтгэлийн системийг нэвтрүүлсэн юм.

1960-1970 онд Дагестаныг удирдаж байсан Засгийн газрын тэргүүн Шахрудин Шамхалов бөхийн спортын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн эрхэм. Спортод үнэн голоос дуртай Шамхалов бөхчүүдийг дэмжин, ахуйн асуудлыг нь шийдэж, ур чадварыг нь өсөн нэмэгдүүлэхэд ихэд анхаарч байв. Түүний санаачилгаар Махачкала хотод Спартак, Урожай зэрэг том спорт цогцолбор барьсан нь олон залуучуудад бөхөөр хичээллэх боломж олгосон юм. Дагестаны Олимпын бэлтгэлийн төв одоо түүний нэрэмжит болсон билээ.

Шахрудин Шамхалов, Мустафa Дагистанлы, Али Алиев

Али Алиевийн үе

Дагестаны чөлөөт бөхийн дасгалжуулагчдын школыг үндэслэгч нь Арминак Карапетян, Магомед Рамазанов нар. Магомед Рамазановын шавь Али Алиев 1959 оны наймдугаар сард ЗХУ-ын аварга болж, Суракатын амжилтыг давтлаа. Хоёрхон сарын дараа Алиев Ираны Тегеранаас дэлхийн аваргын алтан медальтай нутагтаа харьж, Дагестаны анхны дэлхийн аварга болсон. Ийнхүү Али Алиевийн үе эхэллээ. Али арван жилийн турш ЗХУ, дэлхийн дэвжээнд гялалзаж, чөлөөт бөхийн түүхэнд анх удаа таван удаагийн дэлхийн аварга болсон бөх гэдгээрээ алтан үсгээр бичигдсэн юм. Алиев олимпод түрүүлэх мөрөөдөлтэй байсан ч түүнд олимпын аз байсангүй. 1960, 1964, 1968 онд олимпод оролцсон ч медаль хүртэж чадаагүй.

Арминак Карапетян, Загалав Абдулбеков, Али Алиев

Олимпын анхны аварга

Али Алиевийн бүтээгүй мөрөөдлийг бусад бөхчүүд гүйцэлдүүллээ. Алигийн дараа авьяаслаг бөхчүүдийн бүхэл бүтэн үе гарч ирсэн тул дагестанчууд олимпын аварга болох нь цаг хугацааны л асуудал болоод байв. Энэ хүндтэй гавьяаг Арминак Карапетяны шавь Загалав Абдулбеков гүйцэтгэсэн юм. 1972 оны Мюнхений олимпод Загалав алтан медаль авахын тулд Туркийн Акдагийг цэвэр ялах шаардлагатай байв. Загалав уулынхны тэсвэр хатуужил, сэтгэл зүйн ачаар Дагестаны анхны олимпын аварга болж чадсан билээ.

Тэр цагаас хойш Дагестаны чөлөөт бөхийнхөн хоёрхон олимод л түрүүлж чадаагүй. Тэд олимпын наадмаас нийт 19 алтан медаль эх орондоо авчирсан. Бувайсар Сайтиев гурван удаа (Атланта-1996, Афин-2004, Бээжин-2008), Мавлет Батыров хоёр (Афин-2004, Бээжин-2008) удаа, Загалав Абдулбеков (Мюнхен-1972), Владимир Юмин (Монреаль-1976), Сайпулла Абсаидов Москва-1980), Магомедгасан Абушев (Москва-1980), Хажимурад Магомедов (Атланта-1996), Сайгид Муртазалиев (Сидней-2000), Адам Сайтиев (Сидней-2000), Мурад Умаханов (Сидней-2000), Ширвани Мурадов (Бээжин-2008), Бахтияр Ахмедов (Бээжин-2008), Рамазан Ирбайханов (Бээжин-2008), Жамал Отарсултанов (Лондон-2012), Шарип Шарипов (Лондон-2012), Абдулрашид Садулаев (Рио-де-Жанейро-2016) нар тус бүр нэг удаа түрүүлсэн.

Дэлхийн аваргын тэмцээнд ч дагестанчууд эх орныхоо нэрийг мандуулж ирсэн. 2019 он хүртэлх ДАШТ-д тэд нийт 52 алтан медаль авсан. Ямар ч улс орон, гүрэн дэлхийн аваргын тоогоороо Дагестантай зэрэгцэж чадахгүй. ДАШТ-ий алтан медалиар харьцуулаад үзэхэд Иран - 47, Турк – 44, АНУ – 42, Япон – 24, Болгар – 23 алтан медальтай байна.

Дагестаны чөлөөт бөхийн школ ОХУ-д төдийгүй дэлхийд хамгийн хүчирхэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Өнөөдрийн байдлаар дэлхийн 9 орны шигшээ багт дагестан бөхчүүд барилдаж, 6 орны багт багтан, Токиогийн олимпод оролцох гэж байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
arthur sanchir(66.181.184.241) 2021 оны 08 сарын 18

jiriin neg ymrch beltgelgue chechen dagestan 2 hoorondoo zodoldvol chechen ymrch vndestniig amitan bolgono.

2  |  1
arthur sanchir(66.181.184.241) 2021 оны 08 сарын 18

ene olon dain, tsollogiin ulmaas togtvortoi beltgel, hool und, bolomj dutmag bsnaas bolj chechenvvd amjilt aria baga bargasan baih ireeduid chechenvvd busad vndestniig hol haynaa, dainii ulmaas olon saihan daichin erchuudiin gene tasarsan baih shvv.

2  |  0
Hh(203.91.115.54) 2022 оны 09 сарын 19

Dagestan Chechnya 2chn neg l ulsuud shuude\n

0  |  2
Нөхцөл сайн(43.242.243.84) 2021 оны 04 сарын 30

Уулын цэвэр агаар, сайн чанарын мах, жимс, цэвэр ус , хөдөлмөрч чанар дээр нь архидалт үгүй.

3  |  2
H(66.181.161.64) 2021 оны 04 сарын 28

Undur uuliin bust bairladag tul humuus ni bie tom byartai bdgiim shg bgn manaih ch gesen haraad bhd ihenhi buhchuud uul us ihtei gazraas turdug yum bn le ar uvur hangai uvs zavhan huvsgul bulgan selenge hentii aimguudaas buhchuud ih bdg

0  |  1
Brazilian(66.181.189.94) 2021 оны 04 сарын 29

medehchguim bn

2  |  3
Xcc(66.181.191.239) 2021 оны 04 сарын 28

Saitiev chechen

3  |  0
Уншигч(103.57.95.116) 2022 оны 04 сарын 26

Архи огт уудаггүй учраас эрүүл чийрэг, бөхийн спортыг маш сайн дэмждэг учир бөхчүүд ихтэй өрсөлдөөн ихтэй байдаг, бид ч дуурайх хэрэгтэй ялангуча архины хэрэглээний тухайд

9  |  3
Л(192.82.75.242) 2021 оны 04 сарын 28

Сайтиев чинь чичень хүн биз дээ? Красноярскт багшдаа ирж тэндээс тодроо биз дээ?

3  |  0
Top