Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 55 дугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

Ү ЮН ХЭМЭЭХ Ү ШЮЭЖҮ ШИЦЯНИЙГ ИЛГЭЭЖ ХУЯГ ДУУЛГА ХУЛГАХ

ТАН ЛУН УХААН БЭЛИГ ЗАРЖ СЮЙ НИН ХЭМЭЭХ ХҮНИЙГ ЛЯН ШАНЬ ФҮД ОРУУЛАХ

Өгүүлэх нь: Тан Лунг ямар хүн хаанаас авчрахыг Чаогай, Сүн Жян хоёр маш шахамдан асуусанд Тан Лун өгүүлрүүн: - Өчүүхэн хүний эцэг Тан хэмээх хүн урьд амьд ахуй цагт надад хэлсэн нь: - Энэхүү холбоотой морины шидийг хариулахад нарийн шидэт сэлмээр хариулдаг хэмээн хэлж ирж байсан дээр басхүү олноор бүлэглэн цэрэглэх хэрэггүй. Гагцхүү түүний хойноос унших нэг төлөг ном буй. Түүнийг уншваас тэр сэлэм зоргоор явж болох хэмээв. Үүнд манай хотод мөн миний адил төмөр сэлэм хийх дархан буй тул түүнийг эс авчирваас энэ холбоот морийг сөнөөх нь маш бэрх хэмээсэнд Сүн Жян, Чаогай нар баярлан: - Эдүгээ бушуу түргэн энэ хэргийг үйлдэх хэрэгтэй. Эрхэм ах юу санасан болбоос даруй бүтээж, тэр хүнийг залж ирэх хэмээсэнд Тан Лун өгүүлрүүн: - Би нь тэр хүнийг залж ирэхэд маш хэцүү. Түүний зан нь догшин, дээр бас миний төрөл нагац ах болох хүн билээ. Иймийн тул би зоргоор түүнийг урвуулж үл болмуй. Арга хэрэглэж түүнийг санааг хувилгаж уулнаа авчрахаас бус өөр учир үгүй. хэмээхэд Линь Чүн тосож өгүүлрүүн: - Энэ хүнийг би мэдэв. Энэ нь чухам баатар эр бөгөөд эрдэм чадал нь тэгш дээр дээр цэргийн сургууль бага цагаас сурсан. Бас өөрийн гарын шид маш их. Түүний гадна цэргийн хуяг дуулга ба бас түүний гарт хадгалсан хуяг дуулга олон хэмээн сонсогдов. Энэ хүн над лугаа урьд Дунжин хотод байхдаа цэргийн эрдмийг тэнсэн үзэж байсан үнэхээр хүч нь их болоод бас нарийн шид бий хэмээхүйд Тан Лун өгүүлрүүн: - Өчүүхэн хүн энэ хүн лугаа ураг.Миний нагац ах тул миний үгийг эрхгүй итгэх байх. Эдүгээ би очиж түүнийг залваас ирэх эсэх хоёрыг мэдэхгүй хэмээсэнд Сүн Жян нар даруй архи барьж бушуу түргэн авчрахыг гуйсанд Тан Лун өгүүлрүүн: - Энэ хүн угаас тэр газрын хүн бус, Дунжин хотын хүний нэр Сюй Нин хэмээмүй. Үүнийг залахад үнэхээр бэрх хэмээн өгүүлсэнд Сүн Жян, Чаогай нар: - Чухам яахин авчирваас болох? хэмээн нэн ч бачимдан асуусанд Тан Лун өгүүлрүүн: - Энэ хүнийг авчрахад, түүний дэргэд бүхий нэгэн их шидтэй Си Тан Ин хэмээх алтан хуяг дуулга буй. Түүнийг урьд эс авчирваас тэр Сюй Нин хэрхэвч энэ Лян Шаньд ирэхгүй. Тиймийн тул энэ алтан хуяг дуулгыг урьдаар хулгаж авчраад, хожим нь түүнийг дагуулан энэ ууланд авчирваас болох. Энэ алтан хуяг дуулга нь нэгэн чухал газар буй. Түүний гэрийн дотор тахисан Бурханы доор нэг ухсан нүх буй. Түүний дээр бас модоор бүтээж халхалжухуй. Үүний дотор нэг бага бэх төмөр хайрцагт хийжүхүй хэмээсэнд Сүн Жян, Чаогай нар өгүүлрүүн: - Тийм бөгөөс үүний алтан хуяг дуулгыг нь урьд хулган авч хожим түүнийг чи биеэр очиж Лян Шань уулнаа урвуулж ирэх буй за хэмээсэнд Тан Лун өгүүлрүүн: - Өчүүхэн би Сюй Нинг дагуулан Лян Шаньд ирэх нь гагцхүү өөрийн дураар болмуй. Гагцхүү түүний алтан хуяг дуулгыг авч ирэхийг хичээх хэрэгтэй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Өчүүхэн би бодвоос энэ хэрэгт энэ олон жанжны дотроос нэгийг сонгож илгээвээс зохих билээ хэмээсэнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Би сонсвоос манай энэ олон жанжинд ер цэргийн эрдмээс бус нарийн нууц хэрэг хийх хүн үгүй. Гагцхүү Шицянийг илгээж илгээж тэр Сюй Нингийн алтан хуяг дуулгыг хулгаж авчруулбаас болох билээ хэмээсэнд тэр Ши Чянь угаас хулгах хэрэгт мэргэн тул: - Би дуртайяа явах хэмээн хүлээн зөвшөөрөв.

Тэндээс Сүн Жян, Чаогай, Ү Шюэжү нар тус тус зөвлөн ийн өгүүлрүүн: - Эдүгээ манай Лян Шаньд шинэ ирсэн Линжэний настай эцэг эх, эм хөвгүүдийг энэ далимаар гурван жанжин илгээж Дунжинд явуулбаас болох билээ. Үүнд Дунжинд нууцаар эс очуулбаас илэрхий илгээж үл болмуй хэмээн зөвлөөд даруй Ши Чяньд Линжэнийн гэрийн захиа илгээх хэмээн бичиг бичиж, гарын тэмдэг тавьж явуулсанд Пэн Чи басхүү энэ үгийг сонсоод ийн өгүүлрүүн: - Над бас хөгшин эцэг эх, эм хөвгүүд буй билээ. Би тэд нарыг санах нь маш хэцүү. Гагцхүү эрхэм ах нараас айх тул аргагүй эс хэлж чадав. Их өршөөвөөс миний хөгшин эцэг эх тэргүүтнийг мөн нэг хотод байх тул тэднийг авчирч болох буюу? хэмээхэд Ү Юн өгүүлрүүн: - Энэ удаа захиа илгээе. Дараа тусгай хүн явуулж танай гэрийн хотлоорыг авчрахыг бид мэдсүгэй хэмээгээд ийн тушаав: - Эдүгээ энэ хэргийг хойшлуулж яахийм. Даруй хүн илгээж эдгээр хоёр айлын хотлоорыг авчруулбаас зохих хэмээн Ү Шюэжү Шүнь Си Инд тушаав. Үүнд Ян Линь явж Инжоуд очиж Пэн Чи йн гэрийн хотлоорыг авчрагтун. Шюй Юн явж Ян Линь хотод очиж Линжэнийн гэрийн хотлоорыг авчрагтун. Түүний гадна Дунжин хотод үхэр бууны зүйлийн галын эм, дарь, хүхэр, сум, дуулга зэргийг авахад Лизюнь чи очигтун. Үүнд бас арга хэрэглэхгүй үл болмуй. Чи Дунжинд очоод сэлэм эргүүлэх, Гуюу хэмээх эм худалдах, наадам үзүүлэх хэмээх дүрэм гаргаж дарь хүхрийг сэмхэн худалдан авчрагтун. Түүний хойно Лизюнийг харгалзан хамгаалахаар тагнуулчид Лаохэ, Тан Лун хоёр зочид болж очоод дэмий зээлээр явж, олон хүний амыг чагнаж тагнаж байгтун хэмээн тус тус тушаасанд тэдгээр цөм хүлээн авав. Үүнд Ши Чянь даруй уулнаас бууж Дунжин хотод очиж Сюй Нингийн алтан хуяг дуулгыг хулгахаар явсныг үл өгүүлэн өгүүлэх нь: Сүн Жян Чаогай нар Ян Линь, Лизюнь, Лаохэ, Тан Лун нарыг их журмын танхим дээр суулгаж, нэгэн хэсэг хурим бэлтгэж архи барьсны хойно төмрийн зэвсэг үйлдэх газрыг Тан Лунгаар шинжүүлж нэг их сэлэм үйлдэх ба үхэр буу хийх байшин байгуулж түүнийг захируулахаар Лисинг томилоод даруй холбоот морийг хариулах их сэлэм үйлдэв. Тэндээс тэр гурав их танхим дээр хурим идээд цөм өөр өөрийн явах замыг хөөн, уулнаас буув. Тэндээс бас эдгээрийг тагнуулахаар хувилгаан явдалт Дай Зүнг газар газар очиж эд нарыг тагнаж байгтун хэмээв. Энэ сул үг өгүүлж яахийм.

Ши Чянь явж Дунжинд хүрээд Линжэний гэрийг үл таних тул нэгэн дяньд бууж хоноод, маргааш нь тэр дяниас гарч Линжэний гэрийг чухам хааныг хүнээс сураглан явж очоод үзвээс хэрэм хаалга нь хар, дотор нь нэг өндөр индэр мод байгуулж. Зул өргөх байшин нь олон давхар тул шууд орж чадсангүй, айлын хүнээс ийн асуув: - Энэ нь Линжэний гэр буюу? Түүний бие эдүгээ гэртээ буй, үгүй? хэмээхэд тэр айлын хүн ийн өгүүлрүүн: - Энэ Лин Жэнь өдөр бүр яаманд алба хийх хүн бөгөөд цэргийн дарга шөнө таван жинд явмуй. Үдэш хоёр жинд ирмүй хэмээх үгийг сонсоод Ши Чянь даруй дяньдаа буцаж, маргааш нь үдэш цаг болсон хойно дяний тэргүүлэгчид ийн өгүүлрүүн: - Энэ шөнө ирэх ба үгүй магад. Иймийн тул үүд хаалгаа ягшуулж хоногтун. Түүний гадна миний суух байшингийн үүдийг цоожилж хоногтун хэмээн захиад явж, даруй нэг жин цохих хэрд Сюй Нингийн хаалгаар орсонд ер бие нуух хоргодох газаргүй тул гадагш дахин гарч ойр байсан нэг сүмийн дотор орж, тэр сүмийн дэргэд тарьсан нэг их өндөр мод буй тул, үүнийг Ши Чянь үзээд тэр модны өөд авиран гарч Сюй Нингийн ирэхийг хүлээтэл, Сюй Нин удсангүй даруй ирж хаалгаа дуудан оров. Тэндээс хоёр хаалга сахигчид шөнө орой болтол дэнлүү барьж, хот хүрээг манаж, ер орох аргагүй байтал, тэр шөнө тэнгэр бүрхэж, үүл гарч маш их салхи болж цас ороод, одны гэрэл халхалсанд Ши Чянь маш баясан, тэр модноос бууж Сюй Нингийн хойд хаалгаар сэмхэн ирж, хэрэм дээгүүр даваад орж ирэв.

Тэндээс явж Сюй Нингийн тогооны гэрийн ойр ирж үзвээс хоёр эм хүн юм угааж баймуй. Түүний чанад явж өндөр давхарлиг дээр мөлхөн гарч үзвээс Сюй Нин эхнэрийн хамт сууж баймуй. Бас түүний дэргэд тав зургаан насны хэр нэг нялх хөвгүүн. Үүнд эр эм хоёр энгийн үг хэлэлцэн будаа идэж архи ууж байсанд, Ши Чянь бас өөр байшинд очиж үзвээс, Сюй Нингийн чухам унтах газар. Нарийвчлан харваас тэр байшингийн дотоод хаалганд нэг их нум сум татаж, сэлэм байгуулсан нь хэрхэвч хүн орох аргагүй. Үүнд Ши Чянь маш гайхан байж, бас нэг хэсэг харваас үнэхээр тэр алтан хайрцагтай хуяг дуулга тэр байшинд байх тул арга үгүй бодол бодож байтал, Сюй Нин нэгэн зардас Мэй овогт охиноо дуудаж: - Миний энэ магнаг дээлийг эвхэж далд хийгтүн хэмээн тушаав. Үүнд тэр Мэй овогт охин ирж далд хийгээд даруй гарч тогооны гэрт унтав. Удсангүй Сюй Нин эм лугаагаа будаагаа идэж дуусаад, гар доорхи зардасдаа ийн тушаав: - Би маргааш өглөө дөрвөн жинд явах. Эзэн хаан гадагш залрах.

Түүнд би цэргээ авч жагсан байх учиртай тул та нар энэ шөнө хичээж эрт босож, миний идэх уух, нүүр гар угаах ус зэргийг даруй бэлтгэж өгөгтүн хэмээн тушаагаад эр эм хоёр даруй унтав. Үүнд Ши Чянь үзвээс Сюй Нингийн дэргэдэх бурханы өмнө нэгэн их зул шатаажухуй. Үүнийг Ши Чянь биед авч явсан нүхт хулсаар цонхыг цоолж оруулаад тэр мандсан зулыг унтраав. Тэндээс тэр алтан хуяг дуулгыг хулгах хэмээн хараахан орох гэтэл Сюй Нин босож зардсаа дуудаж: - Эдүгээ би явах цаг болсон тул над архи будаа бэлтгэхээс гадна басхүү нүүр гар угаах ус авчрагтун хэмээн тушаасанд Мэй овгийн охин нойр их хүрсэн тул санд мэнд дэнлүү ноцоож гал түлээд, дээд давхарлигт очвоос бурханы өмнө шатаасан зул унтарсанд Мэй овогт даруй бууж нэг лаа авчрахаар гарав. Үүнд Ши Чянь чагнаж байваас тэр цаг дөрвөн жингийн үе болжихуй. Иймийн тул энэ Сюй Нин явсан хойно тэр алтан хуяг дуулгыг авахаас өөр одоо авч болохгүй болов. “Би эдүгээ маш их даарсан тул энэ Мэй овогтын тогооны гэрт нуун орж суугаад Сюй Нинг явсан хойно гарч, тэр хуяг дуулгыг хулган ававаас сайн.

Эс хулган ававаас хэрхэвч хэрэг бүтэхгүй дээр бас би яахин Лян Шаньд харих буюу хэмээн бодож даруй тогооны гэрт орж нэг авдрын завсар нуун суув. Тэндээс Сюй Нин нэг зардас дагуулж өөрийн гэрээс гараад албаны газар явав. Үүнд Ши Чянь тэр даруй тогооны гэрээс гарч дээд давхарлиг дээр очиж Сюй Нингийн эмийн унтсаныг үзэж, даруй дотогш орж бурханы ширээний доор нүхнээс хуяг дуулганы хайрцгийг хулгах хэмээн чимээ гаргасанд, Сюй Нингийн эхнэр энэ мэдээ чимээг мэдэж, хоёр зардсыг дуудсанд хоёр зардас ирж ийн өгүүлрүүн: - Эдүгээ шөнө орой болж үүр шахмагц бас биднийг юунд дуудмуй хэмээсэнд Сюй Нингийн эм ийн өгүүлрүүн: - Энэ гэрт чимээ их гарч баймуй. Дэнлүү барьж үзэгтүн хэмээсэнд Ши Чянь оготнын дуу гаргах, маш олон оготно ноцолдох чимээ гаргасанд, тэр хоёр зардас өгүүлрүүн: - Энэ нь ямар чимээ оготно ноцолдож байхад бас биднийг дуудах юун? хэмээсэнд Сюй Нингийн эм чагнаж сонсоод үнэхээр оготно тул, аргагүй унтацгаав. Үүнд Ши Чянь тэр алтан хуяг дуулгыг хайрцагтай хулган авч сэмхэн гарган үзвээс үүр гэгээрч байх цаг.

Тэр өдөр эзэн хаан гадагш заларч тул олон ноён түшмэд цугларан жагсах учир гудамж зээл явах аргагүй тул, Ши Чянь эсгийн малгайгаа албаны малгай болгож, дээлээ хүрэм адил болгож тэр түшмэлийн хажуугаар шургалан явж, өөрийн буусан дяньдаа хүрч ирвээс, дяний пүүс сая босож үүдээ нээж байх лугаа тохиолдож ороод нэг хэсэг унтаж босоод будаагаа идээд тэр дяний байшингийн хөлс ба будаа архины үнийг бүрнээ бодож өгөөд, дяниас гарч Дунжингийн зээлээр явж хэрмийн гадна гараад хорь гаруй газар явж нэг дяньд бууж будаа хоол архи ууж байтал нэг хүн орж ирэв. Тэр нь Дай Зүн ах тул Ши Чянь, Дай Зүн хоёр тэнд учраад маш баярлалдан, Ши Чянь ийн өгүүлрүүн: - Мунхаг дүү Сүн Жян, Чаогайн зарлигийг дагаж Сюй Нингийн алтан хуяг дуулгыг хулгаж авчрав хэмээсэнд Дай Зүн маш их баярлан магтаж өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүүгийн уг бодлого, уран арга чадал нь үнэхээр хүн гүйцэхгүй аргатай, маш гайхамшиг. Эдүгээ хоёул эндээ сууж архи будаа идсүгэй”хэмээгээд тэр пүүсний зардсыг дуудаж архи халуулж, ногоо бэлтгэн авчруулаад ширээн дээр сууж, Дай Зүн Ши Чяньд хуяг дуулга олж авчирсан баярын хундага бариад, ийн өгүүлрүүн: - Эдүгээ мэргэн дүү чи Лян Шаньд харих хэрэггүй.

Тан Лунтай хавсарч энэ Сюй Нинг уулнаа аваачих арга бодож, хамтаар арга зөвлөн хичээгтүн.Би энэ хуяг дуулгыг авч Лян Шаньд очиж Сүн Гунмин, Чаогай хоёрт тушааж, чамд гавъяа нэмүүлье хэмээн тэр пүүсэнд алтан хуяг дуулгыг хайрцгаас гаргаж Дай Зүнд өгсөнд, Дай Зүн хүлээн аваад ийн өгүүлрүүн: - Би Тан Лунд захисан. Та хоёр архины дяньд бууж архи уух будаа идэх болбоос цагаан байшингийн хавиргаанд нэгэн туурга зурсан хар зураг буй. Тийм дяньд бууж архи ууж будаа идэгтүн. Бусад газар хэрхэвч архи будааг ууж идэж үл болмуй хэмээн захиад, хайрцгийг Ши Чяньд тушааж: - Энэ хайрцгийг хүн бүрт үзүүлэн явагтун. Эдүгээ нуух хэрэггүй хэмээн захиад дяниас гарч Лян Шань ууландаа буцав. Тэндээс Ши Чянь Тан Лунг эрж учраад, энэ учраа хэлээд хамт нэг дяньд бууж архи будаа идээд Дунжинд удсангүй, хэрмийн дотор орж ирэв.

Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Сюй Нингийн хоёр зардас өглөө босож гадагш гарваас дээд давхарлигийн үүд хаалга цөм хаасангүй тул тэр хоёр даруй дээд гэрт орж юмаа үзвээс ер хорогдсон зүйл үгүй тул гайхан байтал, гэнэт тэр алтан хуяг дуулгыг агуулсан газрыг үзээд үгүй тул, Сюй Нингийн эхнэрт ийн өгүүлрүүн: - Эдүгээ муухай болов. Манай Сюй ахын алтан хуяг дуулга үгүй болжихуй хэмээсэнд тэр эм даруй босож үзээд үнэхээр үгүй тул сүнс нь зайлах мэт болж, тэр гурав нэг тогоонд шоргоолжны үүрийг хийсэн адил маш их айж, аргагүй Сюй Нинд нэг хүн илгээж энэ учрыг хэлүүлсэнд, тэр өдөр цэрэг жагсааж хаан залрах тул ер орж болохгүйд тэр хүн Сюй Нин лугаа учирч чадсангүй хойш буцаж ирэв. Үүнд тэр гурав хулгана мэт айж нэг доор цугларан байтал Сюй Нин гэртээ харьж ирсэнд, Сюй Нин эдгээр гурвыг үзээд ийн өгүүлрүүн: - Та гурав яахин ийм зовсон байдал гаргав? хэмээсэнд тэр гурав: - Урьд шөнө хулгай ирж алтан хуяг дуулгыг хулгаж аваад явав. Үүнд бид мэргэн нөхөр танаас айж эдүгээ яахин олох билээ хэмээн арга зөвлөн баймуй хэмээсэнд Сюй Нин өгүүлрүүн: - Та нар эм хүн тул тэр алтан хуяг дуулга хулгасан хулгайг хэрхэн барьж чадмуй. Эдүгээ би хэдэн цэрэг гаргаж сураг тавиваас олдох магадгүй. Миний тэр хуяг дуулга нь эрдэнээр бүтээсэн алтан хуяг дуулга. Таван үед хэрэглэж байсан. Эдүгээ хүн надаас асууваас би байхгүй хэмээн нууж байсан билээ. Үүнд одоо хулгайд хулуудаж хэмээн хүнд хэлвээс хүн намайг үл итгэхээс гадна бас бат үгүй болмуй. Энэ хэргийг бусад хүнд бүү хэлэгтүн хэмээн гэрийн дотор захиж, гадуур хэдэн хүнд сэмхэн захиж битүүлэг эрүүлэв.

Тэндээс Сюй Нингийн зардас орж ийн мэдүүлрүүн: - Гадаад хаалганд нэг хүн ирж ах лугаа учрах гэнэм хэмээсэнд Сюй Нин “Даруй оруулж ирэгтүн хэмээсэнд тэр зардас гарч, тэр хүнийг оруулсанд тэр нь Ян Ань фүгийн Тан Лун тул тэр хоёр даруй хамаатай хүмүүн. Үүнд Сюй Нин даруй сөгдөн өгүүлрүүн: - Мэргэн ах чи энэ хэдэн жил ер үзэгдэхгүй. Хаана явав? Одоо манай нагац ах бие барж хоёр жил болж. Үүнд цаас шатааж хүүрийг оршуулаад буй. Эдүгээ та очиж цаас шатааж, булшийг засваас зохих билээ хэмээн хэлэхүйд Тан Лун өгүүлрүүн: - Би нь явсан учрыг хэлвээс үлгэр түүх лугаа адил. Гагцхүү гар хоосон учирт газар газар тэнүүчлэн явж, сая нэг ажил олж Дунжинд ирэв. Одоо мэргэн дүү лугаа учрахыг санаж энд ирэв. Нагац ахын хойноос цаас шатааваас зохих бөлгөө. Гагцхүү хаана буйг мэдэхгүй тул миний төлөөнөө мэргэн дүү цаас шатааж, хүж барьсугай хэмээн өгүүлээд авч явсан ваадангаас нэгэн хэсэг алт гаргаж өгөв. Үзвээс хорь шахам лан алт буй. Тиймийн тул Сюй Нин даруй хүлээх авч хоёул архи ууж, ширээ засаж найр хийв.

Үүнд Сюй Нин өөрийн бие, албанд цэрэг дааж байх ба бас гэрийн дотор аж төрөх зүйлийн нэгэн удаа хэлэлцээд, бас ийн өгүүлрүүн: - Мунхаг дүү нэгэн их буруу хэрэг болов. Дээд өвгөдийн үлдээсэн эрдэнийн алтан хуяг дуулгыг энэ өнгөрөгч шөнө хулгайд хулгагдав. Чухам ямар хүн авсныг мэдэхгүй хэмээгээд шүүрс алдсанд Тан Лун өгүүлрүүн: - Тэр хуяг дуулгыг яахин холоос хүн ирж авах буюу. Чухам хаана байгаад алдав? хэмээсэнд Сюй Нин өгүүлрүүн: - Энэ хуяг дуулгыг бурханы ширээний доор нүхэнд агуулж тавьсан билээ. Түүнийг хийсэн нэг улаан хайрцаг угаас хонины нэхийгээр бүржүхүй. Гадуур нь шунхаар будаад маажин тос түрхсэн. Түүний дээр дөрвөн буланд ногоон будгаар угалз зурсан. Түүний дунд нь нэгэн, хүслийн хангагч хэмээх үсгийн бөмбөг зурсан хэмээхэд энэ үгийг Тан Лун сонсоод цочиж ийн өгүүлрүүн: - Будсан угалз нь юу хэмээмүй? хэмээсэнд Сюй Нин даруй урьд ёсоор дахин хэлсэнд Тан Лун өгүүлрүүн: - Эдүгээ би урьд шөнө хэрмийн гадна нэг дяний пүүсэнд бууж, архи ууж будаа идэж байтал, гаднаас хав хар нүүртэй, өрөөсөн хөл нь гэмтсэн бололтой доголон хүн тийм хайрцаг авч дамнан явахыг үзээд би: - Энэ хайрцаг юу хийдэг худалдах буюу? хэмээсэнд тэр хүн: - Энэ хайрцаг угаас худалдах юм бус. Угаас алтан хуяг дуулга хийж байсан эрдэнийн сав.

Эдүгээ тэр эрдэнийг авч дээл хувцас хийдэг гэнэм. Одоо тэр алтан хуяг дуулгыг тэр хүн хулган авсан нь лав тул, бид хоёр хойноос хөөж эрж очоод, тэр хүнийг барьж алтан хуяг дуулгаа ававаас сайн хэмээсэнд Сюй Нин даруй энэ үгийг сонсож дээл хувцсаа сольж өмсөөд, нэг хөнгөн шаахай өмсөөд гэрээс гарч, даруй хэрмийн гадна ирээд, нэг архины дяньд бууваас мөн цагаан туурганд Дай Зүнгийн зурсан зураг бүхүйд Тан Лун өгүүлрүүн: - Мэргэн дүү бид хоёр энэ дяньд бага архи ууж, тэр хайрцаг дамнасан хүнийг сураглаваас ямар? хэмээсэнд Сюй Нин “Болмуй” хэмээгээд хоёул тэр дяний тэргүүлэгчийг дуудаж архи авчруулан ийн асуув: - Гэрийн эзэн таны дяньд нэг улаан нүдтэй, хав хар зүстэй, хазгар хүн улаан хайрцаг дамнаж ирэв үү? хэмээсэнд тэр дяний тэргүүлэгч өгүүлрүүн: - Энэ шөнө манай дяньд ирж хоноод, өглөө эрт хайрцгаа дамнаж явав хэмээхийг Сюй Нин сонсоод маш их итгэж: -Даруй түүний хойноос хөөе хэмээгээд тэр дяний зоосыг бодож өгөөд, гарч явсаар нар орой болжихуй. Үүнд Тан Лун өгүүлрүүн: - Мэргэн дүү энэ өдөр орой болов. Бид хоёр нэг дяньд хоноод маргааш явсугай хэмээсэнд, Сюй Нин даруй дагаж нэгэн дяньд буув.

Бас тэр даний тэргүүлэгчээс ийн асууруун: - Таны дяньд улаан нүдтэй, хар зүстэй, улаан хайцаг дамнасан хүн ирэв үү? хэмээсэнд дяний тэргүүлэгч ийн өгүүлрүүн: - Энэ өдөр ирээд манай пүүсэнд будаа идээд явав. Түүний хэлэх нь Шаньдунд очих зам асууж баймуй. Эдүгээ Шаньдунгийн замаар явсан хэмээсэнд Тан Лун, Сюй Нин хоёр бас тэр дяньд хоноод маргааш нь хөөж явах гэтэл Сюй Нин өгүүлрүүн: - Мэргэн ах, би эдүгээ хойш буцах хэрэгтэй. Түүнийг хөөж болохгүй. Та явж хөөгтүн. Би буцаж албаны хэрэг эс хийвээс ноён намайг буруушаан донгодох байтугай басхүү ялламуй хэмээсэнд Тан Лун өгүүлрүүн: - Эдүгээ чи хойш буцаж болохгүй. Нэгэнт энд ирсэн нь тэр хуяг дуулга хулгасан хүний сургийг сонсож, түүнийг гүйцэх шахсанд яахин буцаж болмуй хэмээгээд явж үзвээс Ши Чянь нэгэн эвдэрсэн сүмийн үүдэнд хайрцаг дамнуураа тавьж амран сууж баймуй. Үүнд Сюй Нин даруй очоод Шицянийг хараан өгүүлрүүн: - Чи яахин ийм ёсгүй муу хулгай, ямар учирт миний гэрт орж алтан хуяг дуулга хулган авав? хэмээсэнд Ши Чянь өгүүлрүүн: - Чи байз. Би чамд учир хэлсүгэй. Үүнд яахин уурлаж болох буюу. Би нь Шаньдун мужийн хүн. Овог Жан хэмээдэг.

Тай Аньжоу хотын нэгэн баялаг айлын Лао Жунли цэргийн тэргүүлэгч сайд. Өчүүхэн хүнийг Ли Саньдай хэмээх хүн лугаа илгээж чиний алтан хуяг дуулгыг хулгайлан авчирваас түмэн хэлхээ зоос шагнамуй.” хэмээсэн тул Ли Саньдай бид хоёр хулгаж авсан. Эдүгээ чи энэ хайрцагт чиний алтан хуяг дуулга буй үгүйг үзэгтүн хэмээсэнд Тан Лун хайрцгийг нээж үзвээс хуяг дуулга яахин байх буюу.Урьд Дай Зүн нэгэнт Лян Шаньд аваачсаныг цөм мэдэх тул зориудаар алтан хуяг дуулга эдүгээ хаана баймуй? Чи хурдан хариу өгөгтүн. Үгүй бөгөөс чиний биеийг яамнаа аваачиж шийтгүүлэн шүүмүй хэмээсэнд Ши Чянь өгүүлрүүн: - Чи миний хазгар биеийг аваачиж хаана шүүлгэвээс юуны тус. Харин би чамд үнэн үгээ хэлэхэд чи эс үнэмших буюу. Алтан хуяг дуулгыг Ли Саньдай хоёул хоёул дамнаж явтал миний хөл чиний алтан хуяг дуулгыг хулгах цагт өндөр давхарлигаас буух хэмээн хөлөө гэмтээсэн тул эдүгээ явж үл чадмуй. Хуяг дуулгыг Ли Саньдай урьд авч Лао Жунли хэмээх баялаг цэргийн даргад хүргэв

Харин чи намайг дагаж очоод тэр хуяг дуулгаа нэхэж авахаас гадна би бас хамт нэхэж, эс өгвөөс түүнийг барьж яаманд мэдүүлбээс тэр яахин эс өгөх буюу хэмээсэнд Тан Лун өгүүлрүүн: - Энэ муу хазгар хаа зугтан зайлмуй. Гагцхүү үүнийг дагаж очоод хуяг дуулгаа ававаас зохимуй хэмээсэнд Тан Лун өгүүлрүүн: - Сюй Нин нэлээд дотроо сэтгэж, аргагүй тэр Тан Лун, Ши Чянь хоёрын хуурамч аргад автагдан дагаж явав. Тэндээс явсаар хэдэн замын уулзвар газар ирсэнд нэг замаар хүн суусан нэг тэрэг гарч ирэв. Бас нэг хоосон тэрэг нэг замаар гарч ирэв. Үүнд тэр тэргэнд суусан хүн нь нэгэн зочид бөлгөө. Үүнийг Тан Лун үзээд даруй газар сөгдөн мөргөв. Үүнд тэр хүн өгүүлрүүн: - Эрхэм дүү энд яахин ирэв? хэмээсэнд энэ Сюй Нингийн алтан хуяг дуулгыг Тай Аньжоу хотын Лао Жунли хэмээх баялаг цэргийн дарга энэ Жан овогт, Ли овогт хоёр хүнээр хулгайлан аваачсан тул Тай Аньжоуд очихоор явмуй хэмээсэнд Тан Лун өгүүлрүүн: - Мэргэн дүү чи энд хаанаас ирэв? хэмээсэнд тэр хүн өгүүлрүүн: - Мэргэн дүү нь Жэнжоу хотноо худалдаа хийсэн. Эдүгээ Тай Аньжоуд харихаар явмуй хэмээсэнд Сюй Нин асууруун: - Мэргэн ах Тан Лун энэ хүнийг чи таних буюу? хэмээсэнд Тан Лун өгүүлрүүн: - Танимуй. Энэ хүний нэр нь Лирун хэмээдэг. Тай Аньжоуд байх цагт зул хүж барьж явах цагт танилцсан дүү билээ хэмээсэнд тэр Лирун өгүүлрүүн:

- Эрхэм ах нар Тай Аньжоуд очих болбоос яахин явган явж болох буюу. Энэ тэргэнд сууж яваваас ямар? хэмээсэнд Тан Лун, Сюй Нин, Ши Чянь нар маш баярлан даруй тэр тэргэн дээр сууж Тай Аньжоугийн зам хөөж явав. Үүнд Сюй Нин, Шицяниас ийн асууруун: - Миний энэ хуяг дуулгыг хулгаж аваад очсон Тай Аньжоугийг Лао Жун хэмээх хүн угаас цэргийн их дарга бөгөөд чухам өөрийн овог нэр хэн гэдэг? хэмээсэнд Жан овогто Ши Чянь өгүүлрүүн: - Тэр Тай Аньжоугийн Лаожун хэмээх нь Лао хэмээх үсэг бичгийн сайд Жун хэмээх үсэг нь их цэргийн дарга хэмээмүй. Иймийн тул алдаршсан нэр нь Лаожун. Жинхэнэ өөрийн нэр болбоос Гуода Гүнрэнь хэмээмүй хэмээсэнд Сюй Нин тэр зочдоос ийн асууруун: - Эрхэм нөхөр таны алдар чухам хэн хэмээдэг? хэмээсэнд: - Өчүүхэн хүн нэр нь Лирун хэмээмүй. Энэ Тай Аньжоуд суумуй хэмээсэнд Сюй Нин өгүүлрүүн: - Та энэ Тай Аньжоугийн хүн тул энэ Гуода Гүнрэнь хэмээгчийг таних буюу? хэмээсэнд: - Танимуй. Энэ хүн угаас их баялаг бөгөөд эдүгээ түүний гар доор зардас нь ер сайн хүнгүй, цөм хүний юмыг булаах, хулгах жар гаруй сайн эрс буй.

Бас олон цэрэг дааж захирах хүн. Иймийн тул таны алтан хуяг дуулгыг хулгаж авах нь Ли овогт энэ Жан овогт хоёр маш их хулгай билээ. Үүнд харин та биеэр очиж хуяг дуулгаа авах нь зүгээр. Хэрвээ эс өгвөөс бид тэд нар лугаа эр эмээ үзэх хэрэгтэй хэмээн хошигнон наадаж, цэргийн эрдмийг хэлэлцэн явж Ляншаний ойр зуу шахам газар хүрч ирэв. Үүнд явсаар улам ойр болж нэгэн дяньд буугаад Тан Лун өгүүлрүүн: - Эдүгээ бид бага архи уугаад явсугхй хэмээн Лирунд хэлсэнд Лирун маш баясаж: - Харин миний ах Тан Лун энэ үг гаргаж хэлсэн нь үнэхээр баясгалан хэмээн архины пүүсийн тэргүүлэгчийг дуудаж архи авчруулан, будаа ногоо бэлтгүүлэн идэв. Энэ нь Лирун хэмээгч хүн яахин Тай Аньжоугийн хүн болох буюу. Ляншаний Лаохэ бөлгөө. Зам тосож тэргэнд суулгаж Лян Шаньд Сюй Нинг залах учир учир тийнхүү явмуй. Үүнд Лирун архины дотор хорт эм хийж Сюй Нинд өгсөнд Сюй Нин даруй гурван хундага архи уусан хойно амнаас цагаан хөөс гарч, юу ч мэдэхгүй ухаан нь баларч даруй үхэтхийн унав. Үүнд Ляншаний гурван сайн эр Тан Лун, Ши Чянь, Лаохэ нар цөм санаагаа мэдэх тул хуурмаг үг хэлэлцэн, Сюй Нинг мэхлэн Ляншаний ойр авчирсан нь, Сюй Нин энэ учрыг яахин мэдмүй.

Эдүгээ чухамхүү торны дотор орсон шувуу мэт болсны дээр басхүү хорт архи ууж өөрийн бие махбод ухаан нь цөм мэдрэлгүй болж хэвтэв. Үүнд Тан Лун нарын гурван хүн яахин архи уумуй. Гагцхүү Сюй Нинг хордуулж тэргэн дээр ачиж Ляншаний зүүн зүгт байгуулсан Жүгүйн архины пүүсэнд ирж Сүн Жян, Чаогай нарт “Сюй Нинг энд авчрав” хэмээн хурдан мэдээ хүргэсэнд, Сүн Жян, Чаогай Ү Юн, Гүн Сүньшэн нарын зэрэг их жанжин нар энэ үгийг сонсоод даруй уулнаас бууж Алт хуваах “Жин Ша Тан” хэмээх ордонд бууж Сюй Нин нарыг хүлээв. Үүнд Тан Лун нар Сюй Нинг онгоцон дээр гаргаж, “Жин Ша Тан” ордонд авчирч, дамжлан оруулан хорт архийг сэргээх эм цутгаж даруй сэхээрүүлэн босгосонд, Сюй Нин хоёр нүдээ арчиж дээш босоод ийш тийш харваас олон их сайн эр бүгд жагсаж баймуй. Үүнд Сюй Нин, Тан Лунд өгүүлрүүн: - Мэргэн ах чи мунхаг дүүгээ ямар газар, яахин авчрав? хэмээсэнд Тан Лун инээн өгүүлрүүн: - Мунхаг ах нь Ү Ганьжэнь хэмээх газраас энэ Ляншаний Ли Күй хэмээх хурдан хуй салхи төмөр үхэрт баригдаж энд урван ирэв. Эдүгээ мэргэн дүүгээс нуух юу. Үнэнээ хэлсүгэй.

Бид нь Ляншаний Сүн Жян хэмээгч Сүн Гүнминд урвах нь ёс учир юу хэмээвээс Сүн Гүнмин хэмээх хүн нь угаас шударга журамтай дээр бас олон мужийн сайн эрс хэн үүнийг үл эрэн ирж нөхөрлөв. Тиймийн тул энд эрхэм дүүг залж ирэв. Чиний алтан хуяг дуулга нь энд буй. Түүнийг энэ Ши Чянь хэмээх хүн очиж хулгаж аваад, манай хувилгаан явдалт Дай Зүн ууланд авчирсан. Одоо ер өөр санаа бодох хэрэггүй. Гагцхүү нэгэн чухал хэрэг зөвлөх хэмээн таныг залсан учир билээ. Мөнөөхөн Дунжингээс их цэрэг гарч манай Ляншанийг гурван удаа байлдаж, эдүгээ мөн холбоот морин цэрэг гаргаж, ер хэрхэвч дийлэх аргагүй тул, түүнийг хариулах сэлэмд эс таныг залж авчирваас өөр хүн хэрхэвч үйлдэж хариулан дарж үл чадах тул, ийнхүү хуяг дуулгыг чинь хулгаж, чиний биеийг хууран энд авчрав. Гуйх нь энэ холбоот морин цэргийг дарж туслаад дараа гэртээ буцваас болох боловуу хэмээсэнд олон жанжин, Сүн Жян нар бүгдээр ёсолж, мөн энэ ёсоор гуйсанд Сюй Нин арга буюу үл дагаваас амь нь гарах бэрх.

Дагаваас урвасан хулгай болох дээр басхүү өөрийн гэрийн өчнөөн эм хөвгүүд, эцэг эхээ яахимуй хэмээн зовних царай гарган буй атал, тэдгээр Сүн Жян, Чаогай нар ийн өгүүлрүүн: - Эрхэм ах чи энд нэгэнт ирсэн тул буцаж үл болохоос гадна сэтгэл дотор зовох учир буй болбоос бидэнд нээн хэлэгтүн хэмээсэнд Сюй Нин шүүрс алдаж, ийн өгүүлрүүн: - Өчүүхэн би нь эрхэм нөхөд лүгээ нөхөрлөн, энэ ууланд суувч, гагцхүү миний гэрийн хотлоор эр эм хэдэн хүн яахин тэнд сууж амь зуух буюу хэмээсэнд Сүн Жян ийн өгүүлрүүн: - Мэргэн ах чи түүнд бүү зовогтун. Мөнөө маргааш хоёр жин завсар хүн илгээж чиний гэрийн хотлоорыг энэ ууланд авчирч учруулах нь сааргүй хэмээсэнд Сюй Нин”Тийм бөгөөс надад явах газар үгүй хэмээсэнд даруй архи ногоо бэлтгэж хурим хийхээр ширээ засаж маш их найрлан, журмын ах дүү бололцов. Үүнд Сюй Нингийн гэрийн хотлоорыг авчруулахаар Сүн Жян өгүүлрүүн: - Энэ хэргийг бүтээж чадах нь Дай Зүн, Тан Лун хоёроос өөр хүн очиж болохгүй хэмээв. Тэндээс удсангүй Инжоу хотод Пэн Чи йн гэрийн хотлоорыг авчрахаар явсан Ян Линь ирэв. Дунжинд Линжэний гэрийн хотлоорыг авчрахаар явсан Шүй Юн мөн ирэв. Энэ хоёр Пэн Чи, Лин Жэнь хоёрын гэрийн хотлоорыг авчирснаас гадна басхүү дарь дуулга арав гаруй тэрэг ачиж ирэв.

Тэндээс Дай Зүн, Тан Лун хоёр салхи мэт явж Сюй Нингийн гэрийн зүг Дунжинд очиж, Дай Зүн дяньд хүлээж, Тан Лун Сюй Нингийн гэрт очиж, Сюй Нингийн эмд ийн өгүүлрүүн: - Мэргэн гэргий дүү чи сонсогтун. Сюй Нин бид хоёр очиж, тэр хуяг дуулга хулгасан хүний хойноос хөөн очиж, хуяг дуулгаа авсан боловч Сюй Нинд маш хүнд өвчин тохиолдож арайхийн амьдын төдий нэг дяний пүүсэнд буй. Чи очиж учрагтун хэмээсэнд тэр нь даруй Тан Лунг дагаж нэг тэргэн дээр сууж, эр эмийг дагуулан Дунжингээс гарав. Түүний дараа Дай Зүн очиж буй бүхүй юмыг хураан авч, тэд нарын хойноос гарч ирэв. Үүнд Тан Лун Сюй Нингийн гэрийн хотлоорыг авч явсаар Лян Шаньд хүрч ирэв. Тэндээс тэр эм нөхөр Сюй Нин лугаа учирсанд Сюй Нин өгүүлрүүн: - Чи яахин энд явж, хэний хамт ирэв? хэмээн асуусанд эм нь өгүүлрүүн: - Би нэгэн өдөр чамайг явсан хойно гэртээ байтал Тан Лун ах очиж, чиний биеийг хүнд өвчин тохиож яван чадахгүй амьдын төдий, дяньд баймуй хэмээн энд авчрав.

Би нь газар мэдэхгүй тул Тан Лун ахыг дагаж гэрийн хотлоор энд ирэв. Эдүгээ үүд хаалгаа цоожилж ирсэн. Басхүү албаны газраас чинь биеийг хэдэн удаа эрсэнд би “хүнд өвчин тохиолдож хэвтмүй хэмээн толгойдоо зүүсэн мөнгөн чимгээс нэг сүлбүүрийг тэр албаны хүнд дахин хэдэн өдөр чөлөө олгохыг гуйж, хахууль болгон өгсөнд тэр хүн ирсэнгүй хэмээн хэлэлцэх завсар Дай Зүн даруй Сюй Нингийн гэр дотор буй бүхүй эдлэл зүйлийг хэдэн тэргэн дээр ачиж ирэв. Үүнд Сюй Нин эм лугаа очиж, энэ үг хэлэлцээд, одоо аргагүй Лян Шаньд урвав. Тэндээс Тан Лун өгүүлрүүн: - Мэргэн дүү чи эдүгээ нэгэнт энд ирсэн тул, Дунжинг мөрөөдөх хэрэггүйгээс гадна бас би чамд нэг үг хэлсүгэй. Чиний алтан хуяг дуулгыг хулгаж авсан хойно, би түүнийг өмсч чиний нэр зүс царай лугаа адил хувилж Дунжингийн баялаг ардыг айлгаж, мөнгө зоосыг их авав.

Үүнд Дунжингийн Гао Тайюй ноён энэ учрыг сонсоод чиний биеийг барих ба гэрийн хотлоорыг цөм аваачиж гянданд хийхээр завдсанд, би биеэр гавшгайлан очиж таны гэрийн хотлоорыг мэнд авч гарав хэмээсэнд Сюй Нин эдүгээ хэрхэвч Дунжинд очих нүүргүй болжихуй хэмээн сэтгэж байтал, Чаогай, Сүн Жян хоёр ийн өгүүлрүүн: - Эрхэм ах Сюй Нин таныг энэ мэтээр эс залж ирэх аваас та яахин энд ирэх буюу.Тиймийн тул бид энэ аргыг зөвлөж та бүгдийг залжухуй. Эдүгээ гомдовч хожимдов хэмээсэнд Сюй Нин хариу юу ч өгүүлсэнгүй “Жин Ша Тан” хэмээх Алт хуваах ордноос гарч “Жү И Тан” хэмээх Их журмын танхим дээр гарч хурим хийж инээлдэн, Сюй Нингийн гэрийн хотлоорыг тусгай нэгэн хашаа байшин зааж суулгав. Үүнд холбоот морийг дарах сэлмийг үйлдэх Лэй Хэнийг Сүн Жян дуудаж, ийн асууруун: - Эдүгээ сэлмийг үйлдэж төгсгөв үү? Одоо тэр юмыг хэрэглэх Сюй Нин ирсэн хэмээсэнд Лэй Хэн: - Төгсч барсан хэмээсэнд: - Тийм бөгөөс Сюй Нинг дуудаж энэ сэлэмний эрдмийг олон жанжин цэрэгт нарийн зааж сургууль хийлгэх хэмээн Сюй Нинг дуудаж даруй сэлмийн эрдмийг олон жанжин цэрэгт зааж өгөх явдлыг нарийнаа үл өгүүлмүй. Тэндээс тэр Дунжингийн холбоот морин цэргийг нэгэн цагт бүрэлгэх нь хуурай модонд гал тавих адил, сайн эрийг нэмж олзлох нь нэг модонд дахин мөчир ургах лугаа адил хэмээжихүй.

Энэ холбоот морийг сэлмээр яахин хариулж дарахыг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(43.228.131.90) 2021 оны 06 сарын 03

үргэлжлүүлэн орчуулгаа тавьж өгөх арга байна уу? би энэ зохиолыг шимтэн уншиж байлаа! ажил хийвэл дуустал гэдэг үг байдаг даа!

0  |  0
Top