Норвегид вакцин хийлгэсэн хоёр хүн энджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 06

 
Норвегид асрамжийн газрын хоёр өндөр настан коронавирусний эсрэг вакцин хийлгэснээс хойш хэдхэн хоногийн дараа нас баржээ.

Орон нутгийн “NRK” сувгийн мэдээлснээр, энэ тухай мэдээлэл Норвегийн эмийн агентлаг болон Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд өнгөрсөн мягмар гарагт иржээ. Тус агентлагийн мэргэжилтнүүд вакцин хийлгэсэн нь нас барах шалтгаан болсон эсвэл тохиолдол байсан эсэхийг шалгаж байна. Норвегид долоо хоног тутам өндөр настны асрамжийн газарт 400 орчим хүн амьсгал хураадаг ба талийгаачид ямар нэгэн өвчний улмаас эндсэн эсэх нь тодорхойгүй байна гэж тус суваг онцолжээ.

Үүнээс өмнө Португалид “Pfizer”, “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн вакцин хийлгэсэн Соня Асеведо гэгч эмч мөн нас барсан тохиолдол гарч байсан бол Швейцарын Люцернд асрамжийн газрын нэгэн өндөр настан вакцин хийлгэсний дараа нас барсан мэдээлэл гарсан байна. Гэхдээ Swissmedic байгууллага тухайн 91 настай өндөр настан хэд хэдэн архаг өвчтэй байсан ба энэ нь үхлийн шалтгаан болсон байх боломжтой гэж мэдэгдсэн байна.
 

Top