Трамп ба Байден I Төдийгөөс өдийг хүртэлх АМЬДРАЛЫН ЗАМНАЛ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06

Өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп, түүний өрсөлдөгч Жо Байден нар хэн хэн нь хижээл насныхан бөгөөд өөр өөрийн хувийн амьдрал, ажлын карьерыг хэдэн арван жилийн туршид цогцлоон бүтээсээр иржээ


ЗАЛУУ НАС

Дональд Жон Трамп 1946 оны зургаадугаар сард буюу Дэлхийн хоёрдугаар дайны дараахан Нью-Йоркийн орон сууцны бүтээн байгуулалтын салбар дахь амжилттай магнат Фред Трамп, шотланд гаралтай гэрийн эзэгтэй Мэри Энн Маклауд-Трамп нарын гэр бүлд дөрөв дэх хүүхэд нь болон мэндэлжээ.

Дональд Трамп 23 өрөө бүхий тансаг том байшинтай баян гэр бүлд төрсөн хэдий ч эцгийнхээ компанид хамгийн доод түвшнээс нь ажиллаж эхэлсэн байна. Дунд сургуульд нэлээн дэггүй байсан түүнийг 13 настайд нь цэргийн сургуульд оруулж, тэнд нэлээн хэдэн жилийг үдсэн аж.

1968 онд Трамп Пенсильванийн Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэн, удалгүй эцгийнхээ компанийг өвлөх гол өрсөлдөгчөөр тодорсон байна. Түүний том ах Фредийг гол өв залгамжлагчаар бэлтгэж байсан боловч тэрбээр нисгэгчийн карьерыг сонгохоор шийдсэн аж.

Жозеф Робинетт бага-Байден 1942 онд Пенсильвани мужийн Скрантон хотод америк-ирланд гаралтай, католик шашинт гэр бүлд дөрвөн хүүхдийн ууган нь болон мэндэлжээ. Түүний эцэг том-Жозеф тухайн үед дампуурсан бизнесмэн байсан хэдий ч автомашины худалдаа амжилттай эрхэлсээр, Жо-г дунд сургуульд сурч байх үед хөл дээрээ ахин босож чадсан байна.

Жо Байден ээрч гацдаг учраас хүүхдүүдэд их шоглуулдаг байсан хэдий ч толины өмнө шүлэг унших зэргээр өөрийнхөө согогтой уйгагүй тэмцсэний эцэст засаж чадсан аж. Тэрбээр Делавэр мужийн Их сургуульд түүх, улстөр судлаач мэргэжлээр эхний дээд боловсролоо эзэмшиж, дараа нь анхны гэргий Нели-тэй танилцсан Нью-Йорк муж дахь Сиракузскийн Их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөн, Уилмингтон хот дахь хуулийн фирмээс ажлын гараагаа эхлүүлсэн байна.
 


1970-аад он

Дональд Трамп ааваасаа нэг сая долларын “жижиг” зээл авч, үл хөдлөх хөрөнгийн салбарт ажлын гараагаа эхлүүлж байжээ. Дараа нь тэрбээр эцгийнхээ компанид шилжиж ирэн, бүхий л төрлийн бизнес хийсэн бөгөөд Нью-Йоркийн үл хөдлөхийн асар том зах зээлийг удирддаг болж, 1971 онд компаниа Trump Organization хэмээн нэрлэх болсон аж. Түүнээс хойш зургаан жилийн дараа Чехословакаас Баруун руу цагаачилж ирсэн цанын сургагч багш, загвар өмсөгч Ивана Зельничковад тэрбээр гэрлэх санал тавин, хосууд бага-Дональд, Иванка, Эрик гэсэн гурван хүүхэдтэй болсон байна. Хүүхдүүд нь Trump Organization-ын удирдлагад оролцдог хэдий ч Трамп өөрөө гүйцэтгэх захирал хэвээр үлджээ.

Ардчилагч Жо Байден 1972 онд 30 настайдаа бүгд найрамдахчуудын алдартай нэр дэвшигчийг санаандгүй ялж, Делавэр мужаас Сенатын гишүүнээр сонгогдсон байна. Гэвч түүнийг гишүүний тангараг өргөхөөс хэдхэн долоо хоногийн өмнө түүний гэргий болон нэг настай охин Наоми нар авто ослоор амь үрэгдэж, Хантер, Бо хөвгүүд нь хүндээр гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн учраас Байден анхны тангараг өргөх ёслолоо хоёр, гурван настай хоёр хүүгийнхээ хэвтэж байсан эмнэлэгт гүйцэтгэсэн аж.

1980-аад он

1970-аад оны эцсээр Трампын амбиц улам бүр өсөн нэмэгдэж, өөрийн анхаарлыг Бруклин, Квинс дэх орон сууцны барилгуудаас тансаг Манхэттен руу шилжүүлсэн байна. Тэрбээр хуучирсан зочид буудал худалдаж аван түүнийг гял цал болсон Grand Hyatt болгон хувиргаж, 1983 онд  түүний хамгийн алдартай барилга болох 58 давхар Trump Tower Тавдугаар өргөн чөлөөнд нээлтээ хийсэн аж. Түүний араас алдарт боссын нэрээр нэрлэгдсэн Trump Place, Trump World Tower, Trump International Hotel and Tower ашиглалтад орж, хүчирхэг брэндийн хувьд хэвлэлийнхний анхаарлыг татаж эхэлжээ. Гэвч Трампын хүрсэн бүхэн алт болж хувирч байсангүй. 1980-аад оны эхнээс 1990-ээд он хүртэл түүнийг санхүүгийн асуудлууд дайрч, дөрвөн том салбар нь дампуурлаа зарлахад хүрсэн байна.

Жо Байден эхнэр, охиных нь үхлээс хойш сүйрээд байсан гэр бүлийн амьдралаа Вашингтонд ажиллаж байх үедээ дахин сэргээсэн аж. Тэрбээр хөвгүүддээ амласан ёсоороо өдөр бүр Вашингтон руу ажилдаа явж, орой бүр Делавэр дэх гэр рүүгээ буцдаг байжээ. 1977 онд тэр дунд сургуулийн багш бүсгүй Жилл Жейкобстой гэрлэн, Эшли охин мэндэлсэн байна. Байден Сенатын Хуулийн зөвлөлд орж, үндэсний түвшинд алдартай нэгэн болсон бөгөөд 1987 онд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нэр дэвшсэн хэдий ч гэмт хэрэгт буруутгагдан нэрийг нь татсан аж.  Тэрбээр сонгуулийн кампанит ажлын үеэр үг хэлэхдээ тухайн үеийн Британийн Лейборист намын удирдагч Нил Киннокийн хэлсэн үгээс нэг бүрчлэн хуулбарлан дуурайсан хэрэгт буруутгагдаж байжээ.

1990-ээд он

1996 онд Трамп “Miss Universe”, “Miss USA”, “Miss Teen USA” гэх гоо сайхны гурван тэмцээний эзэмшигч болж,  Иванагаас салан жүжигчин Марла Мэйплс-тэй гэрлэн Тиффани охин төржээ. 1999 онд тэд гэр бүлээ цуцлан, тэр онд мөн Трампын аав таалал төгссөн аж. 1991 оны аравдугаар сарын 11-нд Америкийн олон нийт телевизийн дэлгэцэд анхаарлаа хандуулав. Тэр өдөр Оклахома Их сургуулийн хуульзүйн профессор Анита Хилл АНУ-ын Дээд шүүхэд нэр дэвшигч Кларенс Томас-той холбоотой гэрчийн мэдүүлгийг Сенатын Хуулийн зөвлөлд өгсөн байна. Тэрбээр Рейганы засаг захиргаанд хамт ажилладаг байх үед Томас түүнд удаа дараа бэлгийн дарамт учруулж байсныг гэрчилсэн аж. Жо Байден тухайн үед уг Зөвлөлийн дарга байсан бөгөөд Хилл-ийн мэдүүлгийг батлахад бэлэн байсан хэд хэдэн эмэгтэйчүүдийг гэрчээр дуудахаас татгалзсан явдал нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байжээ. 2019 онд Жо Байден телевизийн нэгэн ярилцлагад орох үедээ “тэр үед болж өнгөрсөн явдалд ихээхэн харамсаж явдгаа” илэрхийлсэн байна. 


2000-аад он

2003 онд Трамп телевизийн “The Apprentice” шинэ реалити-шоуны хөтлөгч болсон нь түүнийг бизнесмэний хувьд алдаршихад ихээхэн тус нэмэр болжээ. Тухайн үеэс хойш дэлхий дахинд алдартай болсон энэхүү нэвтрүүлгийн үеэр оролцогчид Трампын бизнесийн вант улсад менежерийн албан тушаалд очихын тулд өрсөлддөг байв.  Трамп 14 сезоны турш уг шоуны од байж, 213 сая долларыг түүнд төлсөн хэмээн санхүүгийн тайландаа дурдсан байна. 2005 онд тэрбээр Словенийн загвар өмсөгч, одоогийн гэргий Мелани Кнавс-тай гэрлэж, дундаас нь Бэррон Уильям Трамп хүү мэндэлжээ.

Жо Байден 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилагчдаас нэр дэвшихээр сунгаанд ахин өрсөлдсөн хэдий ч тухайн үед Барак Обама нэр дэвшигч, Ерөнхийлөгч болж, харин Байден дэд Ерөнхийлөгчийн хувьд улстөрийн шинэ түвшинд гарч чаджээ. Обама, Байден нар хоёр удаагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хамт байж дотноссон учраас Байден заримдаа Обамаг дүү хэмээн нэрлэдэг аж.

2010-аад он

Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсноо 2015 оны зургаадугаар сард зарлаж, эмэгтэйчүүдийн талаар түүний хэлж буй бүдүүлэг үгсийг дүрсэлсэн 2005 оны бичлэг, намынхаа зарим гишүүдтэй дээрэнгүй харьцдаг гэх мэт нэлээн асуудалтайгаар сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байв. Түүний өрсөлдөгч Хиллари Клинтоны ялалтыг илтгэж буй олон нийтийн санал асуулгууд шударга бус явагдаж байна гэдгийг тэрбээр дэмжигчдийнхээ өмнө давтан баталж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд улстөрийн зохион байгуулалтад “цохилт” өгч, Вашингтон дахь “намгийг хатаах болно” хэмээн амлаж байлаа. Үнэхээр ч санал асуулгуудын үр дүн болон социологичдын таамаглалыг үгүйсгэн, 2016 оны сонгуульд Трамп ялалт байгуулж, 2017 оны нэгдүгээр сарын 20-нд албан тушаалаа хүлээн авснаар АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болсон юм.



Барак Обама бүрэн эрхийн хугацаагаа дуусгахын өмнөхөн АНУ-ын иргэдийн хувьд хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний медалиар Жо Байденыг шагнасан билээ. “Жо Байденыг мэднэ гэдэг нь, хуурмаг бус хайр гэж юу болох, хувийн ашиг сонирхол болон хангалуун амьдрал мөрөөдөлгүйгээр албаа шударга хаших гэдгийг ойлгох явдал юм” хэмээн Обама тухайн үед түүний тухай онцлон дүгнэж байжээ. Обамагийн захиргаанд дэд Ерөнхийлөгчийн албаа амжилттай хашиж байх үед нь Байденд шинэ эмгэнэлт явдал тохиолдож, том хүү Бо нь тархины хорт хавдрын улмаас 46 насандаа таалал төгсжээ. Түүнийг улстөр дэх гялалзаж буй од хэмээн олон нийт тооцож байсан бөгөөд Делавэр мужийн захирагчийн албан тушаалд 2016 онд өрсөлдөхөө зарлаад байсан аж.

2020 он

Хоёр дахь удаагаа сонгогдохыг хүсэж буй Трампын сонгуулийн кампанит ажил коронавируст цар тахлын дэгдэлтийн үед явагдан, 230 мянга гаруй америкчууд уг өвчнөөр хорвоог орхиж, Ерөнхийлөгч өөрөө хүртэл саяхан өвчлөөд эдгэсэн билээ. Мөн тэргүүн хатагтай Мелани, хэнз хүү Бэррон, Цагаан ордны хэд хэдэн ажилтнууд хүртэл коронавирусээр халдварлаад намжив. Гэвч санал хураалт явагдахын өмнөх өдрүүдэд Трамп хорио цээрийн дэглэмийг сахихгүй байхыг иргэдэд уриалж, хэлбэлзэлтэй мужуудад олныг цуглуулан үг хэлсээр байлаа.

Байден, Трамп нар цар тахалтай хийх тэмцэлд эсрэг тэсрэг байр суурийг баримталж, улам нэмэгдсээр буй хямралын үед Трамп юу ч хийхгүй байгаа нь коронавирусний уршгаар шаналж буй хүмүүсийн хувьд доромжлол болж байна хэмээн Байден шүүмжилж байв. “Хэрэв би ялсан тохиолдолд ч энэхүү цар тахлыг устгахын тулд удаан хугацааны хүнд бэрх ажлууд бидэнд шаардагдах болно. Би эхний өдрөөсөө л зөв чиглэлд ажлаа эхлүүлэх болно гэдгээ амлаж байна” гэж тэрбээр онцлон өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Stormy daniel(67.170.22.248) 2020 оны 11 сарын 06

Trumpiiin amjolt shal hudlaa shuu uuriinh ni zohioson zuil. Yanhandahaas uur uich medehgui mal baisan gej umnuh ehner ni yaridag baijee.\n

0  |  0
Трамп илүү(192.82.76.77) 2020 оны 11 сарын 06

Трамп хамаагүй илүү юм байна

0  |  1
Top