Дэлхийгээс 120 гэрлийн жилийн зайд хоёр гараг олджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

Олон улсын одон орон судлаачдын баг Дэлхийгээс 120 гэрлийн жилийн зайд байрлах TOI-1266 улаан одой одны ойролцоо хоёр гараг илрүүлжээ. Берн, Женевийн их сургуулиудын эрдэмтэд Мексик дэх SAINT-EX одон орон судлалын төвд явуулсан ажиглалт дээр үндэслэн хийжээ.

Улаан одой од хамгийн хүйтэн төрлийн од тул ойролцоо нь байрлах гарагс дээр ус байх магадлал өндөр байдаг гэж Бернийн их сургуулийн эрдэмтэд онцолжээ. Эдгээр гараг, улаан одой одны хоорондын зай манай нарны аймгаас гадна орших гарагсыг илрүүлэх гол хүчин зүйл болдог байна. Од, гараг хоёр хэдий чинээ ойрхон байрлана, төдий чинээ одон орон судлаачдад манай нарны аймгаас гадна орших гарагийг илрүүлэх боломж их байдаг аж.

TOI-1266b болон TOI-1266с гарагс улаан одонд ойр байрладаг бөгөөд дэлхийн 11 болон 19 хоногт нэг удаа тус тус бүрэн тойрдог байна. Тэдгээрийн од нарнаас хамаагүй хүйтэн тул арай алс байрлах TOI-1266с гарагийн гадаргуу дахь температур Сугар гарагийнхтай ойролцоо гэнэ. Ингэхдээ TOI-1266с гараг нь улаан оддоо Сугар гараг, нар хоорондын зайнаас долоо дахин ойр байрладаг аж.

Эдгээр хоёр гараг бүтцээрээ ойролцоо ч хэмжээгээр эрс ялгаатай. TOI-1266b гарагийн голч Дэлхийн голчоос 2.5 дахин их бол TOI-1266с нь Дэлхийгээс 1.5 гаруй дахин том гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top